Францын Ерөнхийлөгч Николя Саркози Шенгений орнуудад хандан гэрээгээ эргэж харахыг уриалжээ. “Хямралтай тэмцэх ямар нэгэн механизм Шенгений бүсэд байх ёстой” хэмээн тэрбээр онцолж байгаа бөгөөд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа орнуудыг бүсээсээ хасах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэснээр хууль бус цагаачид, тэдэнтэй холбоотой бэрхшээлүүдээс ангижирна гэж тэрбээр өгүүлжээ.
Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй, 12 сарын хугацаанд Шенгений гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол тус бүсээс гарна гэж Н.Саркози мэдэгдлээ. Үүний зэрэгцээ ирэх сарын 22-нд Францад болох Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Саркозийг дэмжиж буй хүмүүс Парисаас холгүй орших Вильпенте хотод жагсаал зохион байгуулжээ. Эл жагсаалд 50 мянга орчим хүн ирсэн байна.