Афганистанд алба хааж буй америк цэргүүд коран судрыг шатаасан, энгийн иргэд рүү гал нээж, 16 хүний амийг хөнөөсөн үйл явдлыг тойрсон дуулиан тасрахгүй байна. Афганистаны Кандагар мужид байрлах цэргийн баазаас холгүй орших тосгоны оршин суугчид руу гал нээж, 16 хүний амийг хөнөөсөн америк цэрэгт цаазаар авах ял оноож магадгүй хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Леон Панетта мэдэгдсэнийг АР дамжуулав.
Өнгөрсөн ням гаригт ийм хэрэг болсны дараа Афганистаны эрх баригчид “Энэ санамсаргүй тохиолдол биш, аллага” хэмээн мэдэгдэж энэ талаар шалгахыг АНУ-аас шаардсан билээ. Гэмт этгээдийн нэрийг одоогоор нууцалж байгаа бөгөөд тэрбээр түрүүч цолтой гэхээс өөр мэдээлэл алга. Түүнтэй хамт алба хааж байсан хүмүүсийн ярьснаар түрүүч 2010 онд Иракт байхдаа толгойдоо шархдан, эмчилгээ хийлгэж байжээ. Гэхдээ энэ тухай албан ёсны мэдээлэл, баримт, тайлбар байхгүй байна. “Талибан” бүлэглэлийнхэн амь үрэгдсэн хүмүүсийн өшөөг авахаа мэдэгдэж буй.
ЦЭРГЭЭ ОЙРЫН ХУГАЦААНД ТАТАХ УУ
1996 оноос хойш Афганистаны дийлэнх хэсгийг хяналтдаа байлгасан “Талибан” бүлэглэлийн дэглэмийг унагах зорилгоор 2001 оны арванхоёрдугаар сард Олон улсын аюулгүй байдлыг хангах хүчнийхэн (ISAF) тус улс руу цэргээ оруулсан билээ. 2011 оны зун АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Афганистанаас цэргээ татахаа мэдэгдсэн билээ. Энэ оны дундуур цэргүүдийнхээ гуравны нэг хэсгийг (33 мянга), үлдсэнийг нь 2014 он гэхэд бүрэн гаргана хэмээн тэрбээр мэдэгдсэн юм.
Харин Америкийн Батлан хамгаалахын сайд 2013 оны сүүлч гэхэд цэргээ гаргаж дуусна хэмээн мэдэгдсэн. Гэхдээ сүүлийн саруудад болсон хэд хэдэн явдлын улмаас афганистанчууд олон улсын цэргийн хүчний үйл ажиллагааг эсэргүүцэх нь нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан АНУ Афганистанаас цэргээ гаргах ажиллагаагаа түргэсгэж магадгүй талаар ажиглагчид онцолж буй. Мөн Их Британи улс Афганистанд алба хааж буй цэргүүдээ ойрын хугацаанд татаж магадгүй аж. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Америкийн Ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа энэ талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Газар нутгаа хамгаалах, алан хядах бүлэглэлүүдийн үйл ажиллагаанаас иргэдээ хамгаалах үүргийг Афганистаны арми бие даан гүйцэтгэх чадвартай болсон үед олон улсын энхийг сахиулагчид тус улсаас гарна хэмээн албаны эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад, Их Британийн иргэдийн талаас илүү хувь нь Афганистанд явуулж буй цэргийн ажиллагааны үр дүн талаар өнгөрсөн, олон улсын энхийг сахиулагчид тавьсан зорилгодоо хүрээгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд НАТО-гийн гишүүн болон гишүүн бус 49 орны 130 мянган цэрэг оролцож байгаа бөгөөд тэдний 90 мянга нь Америк, 9500 нь Их Британийнх аж.
Х.ОД