Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Парламентын ээлжит бус сонгууль явуулах зарлиг гаргалаа. Өнгөрсөн сарын 27-нд бүх нийтийн санал асуулгаар баталсан шинэ Үндсэн хуулийн дагуу уг сонгуулийг зохион байгуулах гэнэ. Сүүлийн хэдэн сар босогчдын хяналтад байсан Идлиб хотыг армийнхан эзэлсний дараа сонгуулийн товыг нийтэд зарлалаа. Эрх баригч төдийг үй сөрөг хүчний намынхны ч төлөөллийг Парламентад оруулах зорилготой уг сонгууль ирэх тавдугаар сарын 7-нд болох гэнэ. Ардын зөвлөлийн (Парламент) 250 гишүүний 127-г нь ажилчин, тариачдын дундаас, үлдсэнийг нь нийгмийн бусад давхаргаас сонгох аж.
Сирид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш нэг жилийн дараа ийнхүү Парламентын сонгууль болох гэж байна. Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхэн шинэ Үндсэн хуулийг хүчин төгөлдөр биш хэмээн үзэж байгаа бөгөөд тэд Парламентын сонгуульд оролцох магадлал бага байна. Дашрамд өгүүлэхэд, орон гэргүй болж, эх орноо орхисон сири иргэдийн тоог НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд гаргажээ.
АР агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар 230 мянган хүн гэр орноо орхиход хүрсэн байна. Тэдний 200 мянга орчим нь өөр муж, хот руу явсан бөгөөд 30 мянга нь гадаадын орнуудад, тухайлбал, Турк, Ливан, Иордан руу дүрвэн гарсан байна. Дүрвэгчдийн тоог багасгах, зэвсгийн хууль бус наймааг хязгаарлах зорил гоор Сирийн эрх баригчид хилийн зурваст мина тавьж эхэлжээ.
Х.ОД