Саудын Арабын эрх баригчид Сири дэх дипломат төлөөлөгчийн газраа хааж, Элчин сайдаа эргүүлэн татах шийдвэр гаргасан тухай “Reuters” дамжуулав. Сирид болж буй эсэргүүцлийн жагсаал, зэвсэгт мөргөлдөөний улмаас ийм шийдвэр гаргаснаа Саудын Арабын Гадаад хэргийн яам албан ёсоор мэдэгдсэн байна. Их Британи, АНУ, Швейцарь, Канад, Итали улс өмнө нь ийм шийдвэр гаргасан билээ. Үүний зэрэгцээ Европын холбооны хэд хэдэн улс Сириэс дипломат төлөөлөгчөө гаргахаар шийдсэнээ энэ сарын 11-нд зарласан.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад ирэх тавдугаар сард Парламентын сонгууль явуулахаа зарласан ч сөрөг хүчнийхэн үүнийг эсэргүүцэж байна. Үүнээс гадна Их Британийн “The Guardian” сонин Сирийн Төрийн тэргүүн болон эхнэрийнх нь бие биедээ бичиж байсан захидлуудыг нийтэллээ. Эх сурвалжид дурдсанаар энэ зурвасуудыг сөрөг хүчнийхэн интернэтээс илрүүлсэн гэнэ.
Сирийн эрх баригчид өөрсдийнх нь эсрэг боссон сөрөг хүчнийхнийг хэрхэн номхотгох талаар Ираны улстөрчдөөс зөвлөгөө авсан талаар захидалд өгүүлсэн байжээ.
Х.ОД