Итали, Хятад, Австрали, Мексик, Саудын Арабын нэрийн хуудас болсон үйл явдал, амьдралын хэв маяг, уламжлалаас гадна эдгээр орнуудын бахархал, амжилтын шигтгээ, магадгүй түүхийн нэгэн хэсэг болсон тэрбумтнуудыг танилцуулж байна. “Forbes” сэтгүүлээс гаргадаг тэрбумтнуудын жагсаалтад багтсан энэ хүмүүсийн заримынх нь нэрийг дэлхий нийтээрээ мэднэ. Том амбиц, агуу зорилго, зарим нь нууцлаг түүхээрээ нэрд гарсан эдгээр эрхэм дээдсийн үдэшлэг, сэтгүүл, телевизийн баатрууд төдийгүй брэнд бүтээгдэхүүн, технологи, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчилж чадсан үйл ажиллагааны эзэд билээ.
Одоогоос долоон жилийн өмнө Эйке Батиста Бразилийн хамгийн баян хүн болно хэмээн өөртөө тангарагласан гэдэг. 30 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр одоо дэлхийн хамгийн баян хүн болох зорилго өмнөө тавиад буй. Батиста яг Карлос Слим шиг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесмен. Уул уурхай, эрчим хүч, логистик, усан онгоцны үйлдвэрлэл, аялал жуулчлал, газрын тос гэх мэт салбарт хүч үзэж буй. Түүний хөрөнгийн дийлэнх хэсгийг “OGX Petroleo e Gas Participacoes” компаниас олсон орлого бүрдүүлдэг. Тэрбээр эцэг Элиэзер Батиста да Силвагаасаа хараат бус, өөрийн хүчээр амжилтад хүрч чадна гэдгээ нотлохын тулд олон жил шаргуу хөдөлмөрлөжээ. 12-23 нас хүртлээ ХБНГУ-д амьдарсан Батиста 1979 онд Бразилд эргэн ирж, алт, үнэт чулууны бизнест хөл тавьсан. Энэ бизнест 25 жил зүтгэсний эцэст тэрбээр нефтийн компани байгуулжээ. 2008 оны зургаадугаар сард “OGX Petroleo e Gas Participacoes” IPO гаргасан нь 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө татсан билээ.
Хятадад яаж хөрөнгө босгох тухай гарын авлага бол Робин Лигийн намтар билээ. Таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүү Робин Бээжингийн их сургуулийг төгсөөд Америкт ирж “Dow Jones” компанид хайлтын систем боловсруулсан. 1999 онд эх орондоо эргэн ирсэн бөгөөд “Baidu” хайлтын системийг үндэслэсэн аж. Сергей Брин, Ларри Пейж нараас ч өмнө нэрд гарсан алгоритмч Лигийн амжилтын 99 хувь нь авьяас чадвараас шалтгаалсан билээ. Дээрээс нь том зах зээл, жаахан төлөвлөгөө байсан учир тэрбээр тэрбумтан болж чадсан юм. 2010 оны нэгдүгээр сард “Google” Хятад дахь үйлчилгээгээ хаасны дараа тус улсын интернэт зах зээлийн 80 хувийг “Baidu” эзэлж, Робин Лигийн хөрөнгө 10 тэрбум ам.доллараар хэмжигдэх болсон юм.
“Hancock Prospecting” нүүрсний компанийг үндэслэгч Лэнг Хэнкокийн охин Жоржина эцгийнхээ босгосон бүхнийг үргэлжлүүлэх үүрэгтэй. Лэнг Хэнкокийг 1992 онд нас барахад Жоржина эцгийнхээ дампуурах шахсан компанийг аврах ёстой болжээ. 1992 оны арванхоёрдугаар сард тэрбээр “Hope Downs” орд газрыг ашиглах зөвшөөрөл авч чадсан юм. Өдгөө “Hancock Prospecting” компани “Rio Tinto”-той хамтран уг ордоос жилд 30 сая тонн хүдэр олборлодог бөгөөд 2013 он гэхэд олборлолтоо 43 сая тонн болгохоор зорьж буй. Үүнээс гадна БНСУ-ын “Posco” компанитай хамтран “Roy Hill” орд газарт олборлолт хийхээр төлөвлөж байгаа. Жоржина том охиноо хятад хэл сургахаар Хонконг руу илгээсэн нь цаашдаа БНХАУтай түншлэх гэсэн зорилготой нь холбоотой аж. Жоржина анхны нөхөртөйгөө 19 настайдаа гэрлэсэн ч найман жилийн дараа салцгаасан байна. Хожим нь тэрбээр хуульч мэргэжилтэй Франк Райнхарттай гэрлэсэн юм. Өнгөрсөн хоёрдугаар сард “Hancock Prospecting”-ынхан “Fairfax Media”-г худалдаж авахыг хүсэж буйгаа зарласан. “Гоо сайхны эталон гэж таны хувьд юу вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Төмрийн хүдрийн орд” гэж Жоржина хариулсан юм.
“Бизнес бол дайн. Тиймээс өрсөлдөгчөө устгах ёстой, бүрмөсөн. Сайн үйл хийж бай. Гэхдээ хааяа л” гэсэн дүрэм баримталдаг, Нигерийн бизнесмен Алико Данготе хар тивийн хамгийн баян иргэдийн нэг. Баруун, Өмнөд Африкийн 13 оронд үйл ажиллагаа явуулдаг “Dangote Group”-ийн эзэн Алико зөвхөн эрх мэдэл, зэвсгийн тусламжтайгаар биш авьяас чадвараараа амжилт олох боломжтой гэдгийг хар арьстнуудад баталж чадсан юм. Нигерийн тэрбумтан Майк Агенуда тэргүүтэй баячуудаас ялгарах зүйл нь гэвэл Алико газрын тосны наймаанаас бизнесийн гараагаа эхлээгүй. Тэрбээр хүнсний бүтээгдэхүүн, цемент, элсэн чихэр үйлдвэрлэдэг. 30 жилийн өмнө Алико авга ахаасаа мөнгө зээлэн цементийн үйлдвэр байгуулсан аж. Нигерийн эрүүл мэнд, боловсролын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тэрбээр Лондоны “Арсенал” хөлбөмбөгийн клубийн 16 хувийг худалдан авах гэж байгаад больсон түүхтэй.
Дэлхийн хамгийн баян хүн Карлос Слим Мек сикийн нэрийн хуудас. Тэрбээр “Grupo Carso” хол дингийн эзэн бөгөөд барилга, санхүү, ха рилцаа холбоо, автомашин үйлдвэрлэлийн салбарт амжилт гаргасан. “Forbes” сэтгүүлээс гар га даг тэр бумтнуудын жагсаалтын эхний гурван байрт сүүлийн гурван жилийн турш багтаж буй Карлос ярилцлага өгөх дургүй, дээдсийн үдэш лэгт ховор очдог. “Тэрбээр урсгал даган хөвж байгаад нөхцөл, боломжийг алдалгүй ашиг ладаг” гэж нөхөд нь үнэлдэг. 1982 онд Мексик дампуурахдаа тулж, үйлдвэр, банкууд үнэгүйдэх үед түүнийг худалдан авч эхэлжээ. Хэдэн жилийн дараа эдийн засаг сэргэхэд үед Карлосын худалдан авсан активуудын үнэ өсөж, Мексикт шинэ бизнесмэн төрсөн түүхтэй. 1990-ээд онд тэрбээр харилцаа холбооны “Telmex” компанийн хувьцааг худалдан авсан нь одоогийн “Amеrica Mуvil”-ийн үндэс суурь болжээ.
“Хямдхан аваад гурав дахин үнэ хүргэж зарна” гэж тэрбээр амжилтынхаа нууцыг томъёолсон. Энэтхэгийн бизнесмен, “Гангийн хаан” хэмээн нэрд гарсан Лакшми Миттал төмөрлөгийн үйлдвэрлэлээр дагнасан юм. Индонез, Тринидад, Мексик, Польш, Алжир, ӨАБНУ тэргүүтэй дэлхийн 10 гаруй орны дампуурах шахсан төмөрлөгийн үйлдвэрүүдийг хямд үнээр худалдан авч, техникийн шинэчлэлт хийн, үйл ажиллагааг нь сайжруулаад шаардлагатай тохиолдолд эргүүлэн зарах тактик бол Лакшмигийн амжилтын түлхүүр. Тэрбээр охиныхоо хуримд зориулан Версалийг 40 сая ам.доллараар түрээслэн авч байсан.
Европын хамгийн баян бүсгүйчүүдийн нэг Лилиан Бетанкур “L’Oreal”-ыг үндэслэгч Эжен Шуэллерийн ганц охин. 15 настайгаасаа эцгийнхээ компанид ажиллаж эхэлсэн тэрбээр 1950 онд Францын улстөрч Андре Бетанкуртай гэрлэжээ. 1957 онд Лилиан эцгийнхээ компанийг өвлөн авав. 1974 онд Лилиан эзэмшдэг хувьцааныхаа тал орчим хувийг “Нестле”- гийн хувьцааны гурван хувиар сольж байсан. Өдгөө Лилиан альцгеймерийн өвчнөөр шаналж буй учир гоо сайхны вант улсын өв хөрөнгийг нь түүний охинд шилжүүлэн өгсөн бөгөөд “L’Oreal”-ын захирлуудын зөвлөл дэх Лилианы байрыг ач хүү Жан-Виктор Мейерс нь эзэлжээ. Францын Төсвийн сайд асан Эрик Верт Лилианд татварын хөнгөлөлт эдлүүлсэн хэрэгт буруутгагдаж, дуулиан дэгдээж байсан аж.
Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони, “шоколадны хаан” Микеле Ферреро, нүдний шилний үйлдвэрлэлээр нэрд гарсан Леонардо дель Веккио, Бенеттоны гэр бүлийнхэн, Миуччи Прадагаас илүү Жорж Арманийг улс орныхоо нэрийн хуудас болсон тэрбумтан хэмээн “Forbes” онцлов. Жирийн нэг ажилчнаас загварын товчооны эзэн болсон Армани гутал, хувцас, үнэртний “Giorgio Armani”, “Emporio Armani”, “Armani Exchange” “Armani USA” тэргүүтэй брэндийг үндэслэгч. Жулия Робертс, Леонардо ди Каприо, Жорж Клуни, Жоди Фостер, Роберт де Ниро, Том Круз нарыг хувцасладаг тэрбумтны өв залгамжлагч нь түүний зээ дүү Сильван, Роберт нар юм.
Х.ОДОНЧИМЭГ