ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн гайхамшгуудын заримаас нь танилцуулъя. Өдгөө дэлхийн 936 өвийг ЮНЕСКО бүртгээд байгаагаас 725 нь соёлын, 183 нь байгалийн, 28 нь холимог гэсэн ангилалд багтдаг байна.
Хятадын Хэнань мужийн Ляон хотод байдаг Буддагийн Луугийн хаалга буюу “Grottoes Lunmen”-д жуулчдын анхаарлыг ихээр татдаг. Энд 2300 агуй, 110 мянган буддагийн дүр, 80 бунхан байдаг. Мөн Ишюү голын ойролцоо хадан дээр 2800 зураг бичиг хадгалагдан үлдсэн байдаг. Дорнод Хан улсын үед энэ нутгаас анх буддын шашин дэлгэрсэн хэмээдэг.
Их шүрэн далан (The Great Barrier Reef) нь 29.000 гаруй шүрэн хад, 900 аралтай 2600 км урт сунасан, ойролцоогоор 344.400 км усан мандал бүхий дэлхийн хамгийн том шүрэн хад юм. Уг далан нь зүүн хойд Австрали, Квийнслэндийн эргийн ойролцоо Шүрт тэнгист оршино. Шүрэн далан сансраас харагддаг төдийгүй дэлхий дээрх зөвхөн нэгэн төрлийн амьд организмын дангаараа байгуулсан хамгийн том байгууламж гэдгээрээ алдартай. Шүрэн хад нь тэрбум тэрбум бичил биетнүүдийн салслаг бүрхүүлийн овоорго наалдцаас бүрэлдэн тогтдог. 1981 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэхэд олон төрөл, зүйлийн амьдрах орчин болдог гайхам тогтоц хэмээн онцолсон байдаг.
ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Киндердайк тосгон Роттердам хотоос холгүй оршдог. Энэ тосгонд Нидерландын түүхтэй холбоотой маш олон салхин тээрэм байдаг бөгөөд Өмнөд Голландын аялал жуулчлалын гол бүс нутагт тооцогддог байна.
Ватиканы Гэгээн Петрийн талбайг та дээрээс нь харж байна. Дэлхийн өвийн вэбсайтад дурдсанаар энэ жижиг вант улс, уран барилгын хосгүй цогцолбор аж. Ватикан улс 1984 онд энэхүү гайхамшигт урлагийн бүтээлээ дэлхийн өвд бүртгүүлсэн байна.
Кубын нийслэл эртний түүхт Гавана хотыг 1982 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд дансалжээ. Хоёр сая гаруй хүн амтай, жилээс жилд эрчимтэй өсөж буй энэхүү хот эртний түүхт барилга байшингаараа алдартай.
Эртний уран барилгын төв, хөшөө дурсгалын цогцолбор, эртний гэсэн дүр төрхөө өнөө ч хадгалж чадсанаараа дэлхийд гайхагддаг Чили улсын нийслэлээс 3700 км зайтай байх Рано Рараку эртний галт уулын энгэрт 390 орчим хүн чулуун хөшөө торойн хоцорчээ. Рапа Нуйн үндэсний парк 1995 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хөтөлбөрт багтсан.
mongolnews.mn