БНСУ-ын нийслэл Сөүлд цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болж байгаа билээ. БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Бак цөмийн терроризм дэлхийн нийтийн хувьд томоохон заналхийлэл болж байгааг онцолсон бол АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама их гүрнүүд үүний эсрэг хамтран тэмцэх ёстой хэмээн мэдэгдлээ. Үүний зэрэгцээ БНХАУ-ын дарга Ху Жиньтао цөмийн аюулгүй байдлыг хангахын тулд хамтарч ажиллахыг улс орнуудад уриаллаа.
Уулзалтад оролцсон хүмүүст хандаж хэлсэн үгэндээ Барак Обама цөмийн зэвсэг олноор үйлдвэрлэх, түүнийгээ хэрэглэх хүсэлтэй улс орон байгааг онцолжээ. “Олон мянган гэмгүй хүнийг устгахад ганцхан зэвсэг хангалттай. Хэдий гашуун ч энэ бол бодит үнэн” гэж тэрбээр мөн өгүүлсэн байна. БНАСАУ-ын удирдагч агсан Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойд зориулан хиймэл дагуул хөөргөх гэж буй нь энэ удаагийн уулзалтын бас нэгэн сэдэв байлаа.
Умард солонгосчууд хиймэл дагуул хөөргөнө хэмээн халхавч хийж баллистик пуужин турших гэж байна хэмээн үзэж буй улс олон байгаа аж. БНХАУ, АНУ-ын удирдагчид уулзаж энэ талаар мөн хэлэлцжээ. БНСУ, АНУ-ын эрх баригчид Умард Солонгос хиймэл дагуулаа хөөргөсөн тохиолдолд тус улсын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авна гэсэн байр суурьтай байгаа аж.
Х.ОД