ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Каныг биеэ үнэлэгчдийн бүлэглэлтэй “хамтран ажилладаг” байсан хэмээн буруутгажээ. AFP агентлагийн мэдээлснээр Доминик Стросс-Кан энэ бүхнийг үгүйсгэж байгаа аж. Тэрбээр уулздаг байсан бүсгүйчүүдээ биеэ үнэлэгчид байсан эсэхийг мэдэхгүй хэмээн өгүүлсэн байна.
Парисаас Лилль хотод ирсэн зочид, өндөр албан тушаалтнуудад зориулсан үдэшлэгийн үеэр “тусгай үйлчилгээ” үзүүлдэг бүсгүйчүүд, тэдний толгойлогч нарын хэргийг өнгөрсөн оноос шалгаж эхэлсэн билээ.
Стросс-Кан гэмт хэргийн уг бүлэглэлийн тухай мэддэг байсан ч хууль сахиулагчдад мэдээлээгүй хэмээн холбогдох албаныхан үзэж байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Лилль хотын цагдаагийн газар Стросс-Каныг байцаасан байна. ОУВС-гийн тэргүүн асан өмнө нь Нью-Йоркийн зочид буудлын үйлчлэгчийг хүчиндсэн хэрэгт буруутгагдаж байсан юм.