Өмнөд ба Хойд Суданд газрын тосноос улбаатай хил дамнасан зөрчил хурцдаж эхэллээ. Ирэх долоо хоногт болох ёстой байсан хоёр улсын дээд хэм жээний уулзалт үүнээс болж хойшлогджээ. Өнгөрсөн даваа гаригт Хойд Суданы цэргийн хүчнийхэн хилийн зурвастай ойролцоо орших тосгонуудыг бөмбөгдсөн байна. Энэ талаар Өмнөд Суданы Засгийн газар мэдэгдэл хийсэн ч “Өмнөд Судан л энэ бүхнийг эхлүүлсэн” гэх хариуг Умардаас өгсөн юм.
20 жилийн турш дайтаж байж, тусгаар тогтнолоо зарлаад нэг жилийн нүүр үзэж буй Өмнөд Судан тэмцлээ газрын тос, газар нутгийн асуудлаар үргэлжлүүлж эхэллээ. Хилийн зурвас дагасан асуудал хурцдаж буй тай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоёр талд хандан тэвчээртэй, хүлээцтэй байхыг уриалж, мэдэгдэл хийсэн байна. Хойд Суданы цэргийн хүчнийхэн “Хеглиг” газрын тосны орд руу гал нээсэн тухай Өмнөд Суданы армийн төлөөлөгч Филипп Агуэр мэдэгдсэн байна. “Энэ бол бөмбөгдөлт биш, “Хеглиг” ордод хий сэн хайгуулын ажиллагаа байсан” хэмээн Умард Суданы эрх баригчид өгүүлжээ.
Өмнөд Судан 815 сая ам.доллартай тэнцэх газрын тос хулгайлсан хэрэгт Хойд Суданыг буруутгаад байгаа бөгөөд энэ оны эхээр олборлолтоо зогсоосон билээ. Харин Хойд Суданы тал үүнийг газрын тос дамжуулах хоолойгоо ашиглуулсны төлбөр болгож авсан гэдгээ мэдэгдсэн юм. Газрын тос болон хилийн зурвастай холбоотой маргааны талаар хоёр улсын удирдагчид дөрөвдүгээр сарын 3-нд хэлэлцэх гэнэ. Хоёр тал харилцан зөв шилцсөний үндсэн дээр нэгдсэн комисс болон техникийн баг байгуулж хилийн зурвасаа тогтоох аж.
Г.САЙНЗАЯА