АНУ-ын Калифорни мужийн Окленд хотын “Ойкос университи” хэмээх хувийн коллежид зэвсэглэсэн этгээд гал нээж, долоон хүний аминд хүрчээ. Даваа гаригийн өглөө гарсан энэ хэргийн улмаас таван хүн газар дээрээ амиа алдсан бөгөөд хоёр хүн шархаа даалгүй эмнэлэгт нас барсан аж. Түүнээс гадна гурван хүн шархадсан гэх мэдээлэл байна. Уг хэргийг 43 настай, Ван Го хэмээх солонгос гаралтай эр үйлдсэн байж магадгүй хэмээн Оклендийн цагдаагийн газрын дарга Ховард Жордан мэдэгджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Ван Го нь тус хотод амьдардаг байсан гэнэ. Тэрбээр Аламеда хотын цагдаагийн газар очиж, энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээсэн аж. Ван Го тус коллежид суралцаж байжээ. 2000 онд байгуулагдсан “Ойкос университи” коллежид солонгос гаралтай олон хүн суралцдаг бөгөөд шашин судлал, хөгжим, Азийн уламжлалт анагаах ухаан зэрэг хичээл үздэг байна.
Х.ОД