НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Сирийн эрх баригчдад хандан энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж, цус урсгаж буйгаа зогсоохыг уриалав. Сирийн хэд хэдэн хотод үргэлжилж буй мөргөлдөөн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг зөрчиж байгаа хэрэг хэмээн тэрбээр онцолжээ. Түүнээс гадна Сирид хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгааг тэрбээр дурдаж тус улсаас дүрвэсэн хүмүүсийн тоо өсөөр байгаа нь хөрш орнуудыг түгшээхэд хүрч байна гэсэн байна.
НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннаны бэлтгэсэн төлөвлөгөөг хүлээн авч буйгаа өнгөрсөн сарын дундуур Сирийн эрх баригчид мэдэгдсэн юм. Сирийн хотуудад өрнөсөн бослогыг дарахаар илгээсэн цэрэг, хуягт техникүүдийг эл төвлөгөөний дагуу энэ сарын 10 гэхэд гаргахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт цэрэг, техникүүдээ гаргаж эхэлсэн талаар Сирийн эрх баригчид мэдэгдсэн ч сөрөг хүчнийхэн үүнийг няцааж байгаа аж.
НҮБ-ын мэдээлснээр Сирид одоогийн байдлаар 9000 орчим хүн бослого, мөргөлдөөний улмаас амиа алджээ.
Х.ОД