Африк тивийн зүүн өмнөд хэсэгт орших Малави улсын Ерөнхийлөгч Бингу ва Мутарика өнгөрсөн пүрэв гаригт таалал төгссөн юм. Түүний халааг Дэд ерөнхийлөгч Жойс Банда авч, тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө олон жил идэвхтэй тэмцэж ирсэн тэрбээр ням гаригт тангаргаа өргөсөн байна. Малавийн нийслэл Лилонгвед түүнийг дэмжигчид дуулж хуурдан, баярын жагсаал хийжээ.
Ж.Банда ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Бүгдээрээ нэг санаа сэтгэл, эв эеийг эрхэмлэн ирээдүй рүү итгэлтэйгээр алхацгаая” хэмээн уриаллаа. Бингу ва Мутарика агсан дүүдээ албан тушаалаа залгамжлуулан үлдээх зорилготойгоор Жойс Бандаг эрх баригч намаас хөөж байсан юм.
Жойс Банда тэр үед өөрөө нам байгуулж, дэд ерөнхийлөгч хэвээр үлдэж байсан түүхтэй. Түүнийг Ерөнхийлөгч болсныг ард түмэн нь дэмжиж байгаа ч “Бид өмн өх Ерөнхийлөгчийн нас барсан явдалд орон даяар 10 өдөр эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй” гэж Жойс Банда өгүүлжээ.