Египетийн Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр 23 хүн нэр дэвшлээ. Энэ тухай Сонгуулийн төв комисс нэр дэвшигчдийн бичиг баримтыг бүртгэн авах ажлаа дуусгасны эцэст мэдэгдлээ. Гэвч дээрх тоонд өөрчлөлт орж болзошгүй агаад нэр дэвшигчдийн жагсаалтыг энэ сарын 26-нд эцсийн байдлаар толилуулж, улмаар сонгуулийн өмнөх кампанит ажил эхлэх нь. Нэр дэвшигчдийн 12-ыг намууд сойх бол, үлдсэн 11 нь бие даагчид аж. Египетийн улс төрийн тэргүүлэх хүчин болох “Лалын ахан дүүс”- ээс гурван төлөөлөгч тодорчээ.
Парламентын хоёр танхимд олонхын суудал эзэлсэн исламын энэхүү хөдөлгөөний хоёр дахь хүн Хайрат аль-Шатер, намын улс төрийн жигүүрЭрх чөлөө, шударга ёсны намын лидер Мухаммед Мурси нар албан ёсоор нэр дэвшсэн байна. Ноён альШатер бүртгэлийн шатандаа бүдэрвэл М.Мурси “ахан дүүсээ” төлөөлнө. Залуу исламчуудын дунд цэрэгжсэн бүлэглэл байгуулсан хэргээр аль-Ша тер 2008 онд цэргийн шүүхээс долоон жилийн хорих ял сонсчээ. Хэдий улс төрийн өршөөлд хамрагдсан ч тэрбээр хуулиар зургаан жилийн хугацаанд төрийн алба хаших болон сонгуульд оролцох эрхгүй юм байна. “Лалын ахан дүүс”-ийн гурав дахь нэр дэвшигч нь Абдель Монейм Абу аль-Футух.
Ерөнхийлөгчид бие даан нэр дэвшихээсээ өмнө холбоондоо удирдах албанд ажиллаж байсан аль-Футух нэр дэвшихтэй холбоотойгоор ажлаа өгөхөд хүрчээ. Түүний сацуу хуучин төрд зүтгэж явсан хэд хэдэн улстөрч Ерөн хийлөгчийн сэнтийд санаархаж байгаа аж. Египетийн тагнуулын байгууллагыг толгойлж, Дэд Ерөнхийлөгчөөр ч ажиллаж асан Омар Сулейман, Арабын орнуудын лигийн экс Ерөнхий нарийн бичгийн дарга Амр Муса, Ерөнхий сайд асан Ахмед Шафик нар тэднийг тэргүүлж байна. Гэвч Хосни Мубаракийн нурсан дэглэмтэй хүзүү сээр мэт хэлхээтэй явсан Сулейманыг энэ удаагийн сунгаанд хөл тавибал “хувьсгалт замд” дахин гарахаас буцахгүй гэдгээ нийгэм-улс төрийн 40 гаруй хөдөлгөөн, эвслийн төлөөлөгч мэдэгдэж амжжээ.
Египетэд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат тавдугаар сарын 23-24-нд болно. Өнгөрсөн оны гуравдугаар сард болсон бүх ард түмний санал хураалтаар египетчүүд Төрийн тэргүүнээ хамгийн дээд тал нь хоёр удаа, дөрвөн жилээр сонгохоор хуульчлан баталгаажуулсан юм. Айсуй сунгаа нь 2011 оны хоёрдугаар сард Х.Мубаракийн дэглэмийг түлхэн унагаснаас хойших Ерөнхийлөгчийн анхны сонгууль болно.
Х.ЭНХ