ОХУ-аас гаралтай иргэдтэй холбоотой ээлжит нэг гэмт хэргийн талаар Английн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд одоо ид шуугиж байна. Чеченийн улстөрч Руслан Ямадаевын амийг хөнөөхөд оролцсон хүмүүсийн хэргийг шүүн таслахад гэрчээр оролцсон, банкны эзэн Горбунцовыг гуравдугаар сарын 20-нд Лондон хотноо буудаж хүнд шархдуулсан юм. Тэрбээр Их Британийн эрх баригчдаас улс төрийн орогнол хүсэхээр төлөвлөж байсан юм билээ. Г.Горбунцовын амь насанд халдах оролдлого “Нохойн арал” хэмээх сонин нэртэй дүүрэгт болжээ. Банкны эзэн энд дээд зиндааныхны сууцанд байртай болоод хэдэн сар л болж байсан аж. Таксигаар гэртээ ирээд дотогш ормогц түүн рүү буудсан байна. Хэд хэдэн сум түүний гэдэс, нүүрэн тус газар онож маш хүнд байдалтайгаар Лондонгийн нэг эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийн нэрийг цагдаагийн байгууллага нууцалж байна.

Хэрэг үйлдэхийг нүдээр үзсэн хүмүүс алуурчныг европ төрхтэй, дунд зэргийнээс арай өндөр нуруутай эрэгтэй хүн байсан гэж хэлээд байгаа. Гэхдээ буудсан этгээд хаанаас гарч ирээд хаашаа зугтсан талаарх мэдээлэл зөрүүтэй байгаа аж. Зарим нь түүнийг таксигаар орц руу дөхөж ирээд машинаасаа гаралгүй буудсан гэж гэрчилдэг. Гэмт этгээд Горбунцовын араас дагаж ирээд буудсан гэж ярьдаг хүмүүс ч бас бий гэнэ. Бас зарим хүний ярих нь, алуурчин банкны эзний таксины араас машинтай хүрч ирсэн ч гэдэг. Хохирогчийг гэрт нь хүргэж ирсэн таксины жолоочийг олохыг цагдаагийн байгууллага хичээж байна. Горбунцов өөрөө болохоор ухаангүй байгаа учраас мөрдөн байцаагчдад тусалж чадахгүй байгаа юм. Эмч нар түүний биеийн байдал хүнд ч тогтвортой байгаа гэж үзэж буй. Байдлаас ажихад Оросоос нисэж ирсэн гэргий Лариса Горбунцова нь ч, Лондонд банкны эзэнтэй хамт амьдарч байсан 20 настай молдав охин ч хэргийн талаар олигтой юм мэдэхгүй байгаа бололтой.
Британийн хэвлэлд бичиж буйгаас үзвэл Гер ман Горбунцов Орост бо лон Молдавт зургаан томоо хон банкинд хувьцаа эзэмш дэг, Москвагийн нэгэн спортын цогцолбор, хэд хэдэн үйлдвэрийг хамтран эзэмшдэг аж. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгө ч наймаалдаг бололтой. Горбунцов дээрмийн хэргээр урьд нь ял сонсож явсан бөгөөд банкийг хууль бусаар өөрийн болгосон хэмээн Молдавт түүнийг эрж хайж байдаг сурагтай. Молдавын эдийн засгийн гэмт хэрэг, авлигатай тэмцэх төвийн сайтад Горбунцовын зургийг байрлуулсан байдаг гэнэ. Горбунцов бас Оросын Конверсбанкны захиргааны дарга Александр Антоновын амь насанд халдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгч байжээ. Эл хэргийн учир Чеченийн гурван иргэн шүүхээр шийтгүүлсэн юм. Тэд мөн Төрийн Думийн депутат агсан Руслан Ямадаевын амийг хөнөөснөө хүлээсэн билээ. Энэ хоёр хэргийн захиалагчийг олоогүй байгаа юм. Антоновын амь насанд халдсан хэргийн цаад эзэн нь Горбунцов гэж сэжиглэсэн ч энэ таамаглал хожим нь нотлогдоогүй аж. Мань эр Антоновоос ихээхэн хэмжээний мөнгө зээлсэн байсан юм билээ. Сэжиглэх үндэслэл ч үүнээс эхтэй байж таарна. Өмгөөлөгчийнх нь бодлоор бол Антоновыг устгах нь хэнд ашигтайг мэдэж байсан учраас Горбунцовыг алах зорилго хэн нэгэн тавьсан байхыг үгүйсгэх аргагүй гэнэ.
Хамгаалагчийнх нь ярьснаас үзвэл өрөндөө баригдсан банкийг нь худалдаж авсан Горбунцовт Антонов 100 сая ам.доллар зээлсэн аж. Горбунцовын мэдэлд байдаг “Инкред” банкны шилдэг менежерүүд маргаанд оролцсон юм байна. Уг банкны дэд ерөнхийлөгч Петр Чувилин, ерөнхий захирал Сергей Менделеев нар нэлээд хатуу ширүүн арга хэрэглэж байж зээлдүүлэгчтэйгээ санал зө- рөлдөөнөө хэвийн болгохыг санал болгожээ. Түүнээс гадна дээр нэрийг нь дурдсан банкны өндөр албан тушаалтнууд одоо бүгд хөрөнгийн маргаантай байгаа төдийгүй хэргийг нь шүүх шалгаж буй гэж “Коммерсант” сонинд бичсэн байна.
Горбунцов урьд нь ажил хэргийн түнш байгсдынхаа эсрэг мэдүүлэг өгөхөөр төлөвлөж буй нь ч чухам үүнтэй холбоотой аж. Горбунцов амь насаа бодоод 2010 оны аравдугаар сард Оросоос бүрмөсөн явж Их Британид очжээ. Тэрбээр Лондонгоос улс төрийн орогнол хүсэх бодолтой байгааг нь тухайн үед тэндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд олж мэдсэн байв. Тэгээд ч таван жилийн хугацаагаар авсан бизнес-зөвшөөрөл нь дуусаж байлаа. Нөх рийнх нь бизнесийн түнш үүд түүнийг хөрөн гөний хөө өөрт ногдох хувь хэмжээнээс татгалзахыг албадаж байсан гэж гэргий Лариса Горбунцова нь нотолдог. Түүний ярьснаас үзвэл энэ үйл ажиллагаанд “Солнцевын” гэж нэрлэдэг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд оролцсон төдийгүй Ларисаг зөрүүдлээд байвал хүүг нь мансууруулах бодистой “холбож орхино” хэмээн заналхийлдэг байжээ.
Орос дахь Горбунцовын хөрөнгө 75 тэрбум рублиэр үнэлэгдэж байв. Хоккейн “Спартак” баг түүний мэдэлд байсан аж. Уг багийг 2006 онд өөрийн болгож авсан байна. Горбунцов эсрэг мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байсан Чувилин, Менделеев хоёр ч энэ багийн удирдах бүрэлдэхүүнд ордог байжээ. Хэвлэлд мэдээлснээр бол Горбунцов Орос дахь бүх хөрөнгөө үндсэндээ алдсан бөгөөд үүнд тэрбээр өөрийн ажил хэргийн түнш байсан Борис Ушерович, Валерий Маркелов нарыг буруутгадаг гэнэ. Түүнээс гадна Молдавт байдаг Universalbank-ийг нь ч хүмүүс луйвардаж орхи сон байна. Гэх мэтээр Горбунцовын амь насанд халдах шалтгаан мундахгүй байв. Түншүүдтэйгээ үүсгэсэн хөрөнгийн талаарх маргаан, Александр Антоновын аминд халдсан хэргийн талаар мэдүүлэг өгөхөд бэлэн байсан зэрэг бусдын дургүйг хүргэсэн юм түүнд олон. Үүгээр ч зогсохгүй, Горбунцов өөрөө олон гэмт явдалд гараа дүрсэн болох нь нотлогдсон байдаг.
Оросын төв банкны нэгдүгээр орлогч дарга Андрей Козловыг хөнөөх ажиллагааг зохион байгуулсан хэмээн яллагдсан Алексей Френкелийн ит гэмжлэгдсэн хүн гэж түүнийг бас үздэг байжээ. Горбунцовыг Чеченийн удирдагч Рамзан Кадыров болон түүний тойрон хүрээлэгчидтэй их ойр дотно байсан, үүнийхээ ачаар ч өөрийн банкны салбарыг энд нээж чадсан гэсэн яриа байдаг аж. Өөрийнх нь мэдэлд байсан банкны нэгэнд нь хадгалуулсан Оросын төмөр замын тэрбум ам.долларыг луйвардахад түүнийг оролцсон байж тун болзошгүй гэж ч үздэг байна. Түүнээс гадна Александр Антонов төдийгүй түүний хүү, улсынх болгосон Литвийн “Snoras” банк болон Британийн хөлбөмбөгийн “Портсмут клубийг хамтран эзэмшигч Владимир ч Горбунцовт өртэй байсан гэдэг. Литва, Латви улс руу хууль бусаар хөрөнгө гаргасан хэрэгт Антоновын хүү бас унаад буй аж. Горбунцовыг хөнөөхөд нэмэр болох өөр ч олон шалтгааныг түүний эгэл бус намтраас нь олоход түвэгтэй биш байж мэднэ.
ОХУ-ын иргэний амь насанд халдах гэсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэхийг Горбунцовын өмг өөлөгчид нь Оросын хууль сахиулах байгууллагуудаас хүсэхээр төлөвлөж байсан юм байна. Харин ОХУ-ын Мөрдөн шалгах хороо болон ДЯЯ Горбунцовын тухайд чив чимээгүй байсаар. Лондонд бол энэ хэргийг Скотланд Ярдын “Трайдент” гэдэг шилмэл анги мөрдөн шалгаж байна. Энэ анги 2006 онд мөнөөх Александр Литвиненкогийн амийг хороосон хэргийг мөрдөж байжээ. Хөрөнгө хогшлын талаарх маргаанаа өөрсдийнхөө дадсан аргаар цаашид шийдвэрлэхэд нь эргэлзэх юмгүй Оросын мафийн ихэс дээдсийн хоорондох цуст гэмт хэргийн давалгаа Их Британийг нөмрөх вий хэмээн энэ бүхэнтэй холбоотойгоор Английн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болгоомжлонгуй хандаж байна.
Р.ЖАРГАЛАНТ