Олимпийн нээлтээс дөрвөн сарын өмнөх энэ өдрүүдэд Их Британийн нийслэлд орон сууц хийгээд зочид буудлын түрээсийн үнэ эрчимтэй өсч байна. Зарим барилгын эзэд бүр Английн Премьер лигийн хамгийн өндөр ханштай хөлбөмбөгчид, эсвэл “Манчестер Сити” мэтийн клубийн эзэд л хөлсөлж зүрхлэм тэнгэрт хадсан өртөг санал болгож байгаа гэнэ. Тухайлбал, Темза мөрний эрэгт Челси дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Angel гэх барилгыг эзэн нь олимпийн тоглолтын үеэр долоо хоногийн 55 мянган фунтээр (66 мянган евро) хөлслүүлэх санал тавьсан нь дээд “амжилт” тогтоожээ. Унтлагын найман өрөө бүхий эл буудлыг ердийн үед 25 мянга орчим фунтээр хөлслүүлдэг гэж Euromag мэдээлсэн байна.
Үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх талаар тавьсан, сонссон хүн галзуурам иймэрхүү саналын гурав нь Ноттин-Хилл дүүрэгтэй холбогдож. Эндхийн хамгийн үнэтэй объект нь Портобелло-роудад байрлалтай дөрвөн давхар барилга. Унтлагын зургаан өрөөтэй байшингийн ханш долоо хоногтоо 45 мянган фунт (54 мянган евро) байхаар ярьж буй гэнэ. Тус барилга руу орох тусгайлсан замтай, цэцэрлэг тийш харсан томхон тагт бүхий зочдын Г хэлбэрийн уудам өрөө зэрэг нь байшингийн үнэ ханшийг үлэмж өргөж байгаа аж. Гэвч одоохондоо Лондонд олимптой холбоотой үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлд эздээс илүүтэй үйлчлүүлэгч нь үнийн саналаа “тулгах” боломж бас ч гэж бүрмөсөн хаагдчихаагүй байгаа аж.
Учир нь, Британийн нийслэл, түүний дагуул хотуудад оршин суугч олон иргэн олимпийн өдрүүдэд энэ хавиар ажиллан хэтэвчээ зузаалахаар шийдсэн. Тэр дагуу тэдэнд тавих байрны эздийн санал ч эрэлтээс мэдэгдэхүйц даваад байгаа гэнэ. Жишээ нь, gumtree.com порталд байрны түрээсийн 3500 шахам зар тавьсан байгаа нь хувь хүмүүсийнх. Үнэ нь өнгөрсөн оны долоодугаар сартай харьцуулахад дунджаар 445 хувиар өссөн. Кэмденд жирийн үед хоногт 145 фунтээр (174 евро) үнэлэгддэг унтлагын хоёр өрөөтэй байр 175 фунт (2100 евро) болж хаджээ. Жирийн иргэд төдийгүй олны танил хүмүүс ч олимпоор хөлжих санааг уухайлан шүүрч авчээ. Хөлбөмбөгийн од явсан Сол Кэмпбелл гэхэд олимпийн зочдод Челси дэх сууцаа долоо хоногийн 75 мянган фунтээр (90 мянган евро) санал болгож.
Энэ анзааны бэлтэй байхад унтлагын долоон өрөө, кинотеатр, спа салон, биеийн тамирын танхимтай таван давхар харш эзэмшиж болох нь. Статистикаас үзэхүл, Лондоны 172 зочид буудал олимпийн үеэр тухлах зочдын захиалгаа нэгэнт авч гүйцжээ. Тиймээс олон буудал өрөөнийхөө ханшийг дунджаар 10 дахин өсгөөд байгаа юм байна.
Х.ЭНХ