Тээврийн асуудал хариуцсан нэгэн шинжээчийн амийг хороосны төлөө Брюссель (Бельги)- ийн нийтийн тээврийнхэн тэмцэлд босов. Дөрөвдүгээр сарын 7-ны бямба гаригийн өглөө албани гаралтай шинжээч, 56 настай Ильяз Тахирайг нэгэн залуу зодсон байна. Түүнээс болж Тахирай амьсгал хураажээ. Бельгийн нийслэлийн нийтийн тээврийн (метро, автобус, трамвай) ажилтнууд аюулгүй байдлыг нь хангахыг шаардаж ажил хаялаа.
Ильяз Тахирай нийслэл Брюсселийн нийтийн тээврийн оператор компани болох STIB/MIVB-д 29 жил ажиллажээ. 30 жил ажиллаад тэтгэвэрт гарах бодолтой байлаа. Дөрөвдүгээр сарын 7-ны өглөө 07.00 цагийн орчимд түүнийг дуудаж замд гарсан ослын газар ирээч гэсэн байна. Нийтийн тээврийн автобус, Citroen C3 маркийн машинтай мөргөлдсөн байв. “Де Морген” сонинд бичсэнээр бол машины жолооч гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн аж. Осол болсон газар жолоочийн найз нарыг ирэхэд түргэн тусламжийн машин яваагүй байсан ч гэмтсэн жолоочтой хамт найз нөхдөөс нь явахыг зөвшөөрсөнгүй. Тэгтэл осол болсон газар зураг авч байсан Тахирайн толгой руу жолоочийн найз нарын нэг нь цохиж орхив.
“La Perniere Heure” сонинд бичсэнээс үзвэл гэмтсэн жолоочийн найз нар эхлээд автобусны жолооч руу давшилсан боловч тэр нь хаалгаа дотроос нь түгжиж орхиж. Осол болсон газар ирээд байсан түргэн тусламжийн болон гал унтраах албаны ажилтнууд энэ явдлыг зогсоох, болиулахад ер санаа тавьсангүй. Тахирайн биеийн байдал хүнд байсан бөгөөд эмнэлэгт хүргэсний дараа нас баржээ. Бүр эхлээд автобусны жолооч Тахирай руу дайрсан бөгөөд үхлийн шалтгааныг “үхтэл нь зодсон байв” гэж тодорхойлсон байна. Зодсон хүн хэргийн газраас зайлж амжжээ.
Гэсэн ч хэргийн эзэн өөрөө удалгүй цагдаагийн газарт буруугаа хүлээн очиж баривчлагдсан аж. Хүнийг үхэлд хүргэсэн зодооны эзэн гэж түүнийг буруутгаснаас биш Тахирайг алах зорилготой байсан тухайд хэн ч юу ч хэлсэнгүй. Сэжигтний алдар нэр хийгээд үндэс угсааг нь прокурорын байгууллага нууцлаад байв. Гэлээ ч түүнийг А.Вандерелст юм уу Александр Вандер Элст гэдэг болохыг хэвлэл, мэдээллийн хэрэгсл үүд тодруулж чаджээ. Хэд хэдэн гэрчийн мэдүүлгээр сэжиглэж буй этгээд 28 настай бөгөөд хэрэг явдал болохоос өмнө архи уусан байснаа тэрбээр хүлээсэн гэж прокурорын байгууллага мэдээлсэн байна.
Түүнээс гадна осолд орсон автомашины жолооч бас архи юм уу мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Тэрбээр K-NAL гэдэг шөнийн клубээс буцаж явсан бололтой. Сэжиглэгдэж буй этгээд урьд нь гудамж, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байжээ. Брюссель хотын умард хэсэгт ээж болон эхнэрийн хамт амьдардаг нэгэн юм байна. Өмгөөлөгчид нь түүнийг Тахирайг алах зорилго тавиагүй байсан гэсэн мэдэгдэл олон түмэнд түгээж, ийм явдал болсонд “гүнээ харамсаж” буйгаа илэрхийлжээ. Ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэлгүйгээр цохисон нь тээврийн шинжээчийн амь насанд хүрчихнэ чинээ бодоогүй гэж сэжигтэн этгээд хэлсэн байна.
Уг явдал болсны дараа Брюсселийн нийтийн тээврийн бүх маршрутанд яваа жолооч нараа STIB компанийн удирдлага дуудаж, тэр өдрийн үлдсэн хэсгийг Тахирайн гэр бүлтэй хамт өнгөрүүлжээ. Энэ айл хүү, охин хоёртой, тэд нар нь мөн энэ компанид ажилладаг аж. Дараа нь хэдэн өдөр үргэлжлүүлэн ажил хаяхаар компанийн удирдлага шийджээ. Жолооч нар хийгээд тээврийн нийт ажилтнуудын аюулгүй байдлын баталгааг хан ахыг ажил хаягчид шаарджээ. Тахирайн үхэл эсэргүүцэл тэмцлийг жинхэнэ өдөөгч болов.
Ер нь нийтийн тээврийнхний аюулгүй байдалд бельгичүүд эртнээс сэтгэл дун дуур байсан гэнэ. 2010 онд л гэхэд зорчигчдод 773, STIB компанийн ажилтнуудад 193 удаа халдаж дайрсан аж. Телевиз, ра - диогийн RTL компанийн сайтад буй мэдээллээр бол энэ үйл явдлын дараа олон түмний саналыг авахад ний тийн тээврийн хэрэгслээр үйлчл үүлж байх үеийн аюулгүй байдалдаа зорчигчдын 77 хувь нь итгэлгүй байдаг гэсэн байна. Бельгийн Тээврийн сайд Бригитта Граувелс нийтийн тээвэрт үйлчилдэг цагдаа нарын тоо (метроний 69 өртөөнд 120 цагдаа хүрэлцэхгүй байна гэж тэр үздэг аж)-г нэмэгдүүлж, STIB-ийн хамгаалагчдад илүү их эрх мэдэл өгөх ёстой гэж үзэж байна. Өөрийн ажилтнууд болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах талаар тус компани боломжтой бүхнийг хийж буйг олон түмэн мэдэж буй учраас энэ талаар гагцхүү Засгийн газраас арга хэмжээ авахыг шаардаж буй юм.
Тэгвэл Засгийн газар нь Брюсселийн цагдаагийн байгууллагад нэмэлт хөрөнгө хуваарилсан аж. STIB компанийн удирдлага, ажилтнууд болон ҮЭ-ийн байгууллагын төлөөлөгчид улсын хийгээд бүс нутгийн эрх баригчидтай товлосон ёсоор уулзалт хийж хэл амаа ололцвол Брюсселийн нийтийн тээврийн байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлж болох юм. Нийтийн тээврийн байгууллагын ажилтан, ажилчид ажил хаяхын хажуугаар талийгч Тахирайн дурсгалд зориулж хоёр ч арга хэмжээ зохион байгуулав. Эхнийх нь энэ сарын 8-нд болсон бөгөөд түүнд тээврийн салбарын 500 орчим хүн оролцжээ.
Дараачийнхад нь 900 орчим хүн хамрагдав. Уг арга хэмжээ энэ сарын 9-нд болсон юм. STIB-тэй эв нэгдэлтэй байгаагаа Бельгийн тээврийн олон компани илэрхийлжээ. Валлоны автобусны үйлчилгээний TEC, Фламандын Де Lijn, төмөр замын NMBC/SNCB компаниуд уг тэмцлийг дэмжиж буйгаа энэ сарын 9-нд хоёр минутийн туршид харуулав. Түүнээс гадна Тахирайн шарилыг нутагшуулах үед тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсоожээ. Бельгийн Ерөнхий сайд Элио ди Рюпо энэ үйл явдлаас болж аймшиг төрснөө илэрхийлсэн бол Брюсселийн тээврийн асуудлыг хариуцдаг Тө рийн нарийн бичгийн дарга Бруно де Лилль дөрөвдүгээр сарын 7-ныг Брюссель хотын түүхэн дэх “хар өдөр” гэж нэрлэлээ. Харин эндхийн ажилтан, ажилчид ажил хаяснаас таксичид урьд өмнө үзээгүй их орлого олсон гэнэ. Сүүлдээ такси ч олдохгүй болсноос хүмүүс унадаг дугуйгаар зорчих нь ихэссэн байна.
Р.ЖАРГАЛАНТ