Британийн парламентын Лордуудын танхимын гишүүн Назир Ахмед Америкийн Ерөнхийлөгч Б.Обама, Ерөнхийлөгч асан бага Буш нарыг амласандаа хүрвэл 10 сая фунт (16 сая ам.доллар) өгөхөө мэдэгдэв. Английн улстөрч бээр “Лашкарэ- Таиба” бүлгийн лидер Хафиз Мухаммад Саидыг баривчлах ажилд сэтгэл дундуур буйгаа ийн илэрхийлсэн аж.
“Хэрвээ АНУ Хафиз Саидыг барьсан хүнд 10 сая доллар амлавал миний бие Ерөнхийлөгч Б.Обама хийгээд түүний өмнө уг албанд байсан бага Жорж Бушийг 10 сая фунтээр урамшуулахад бэлэн байна” хэмээн парламентын гишүүн Пакистаны Харипур хотод болсон хүлээн авалтын үеэр мэдэгджээ. Түүгээр ч үл барам бүх хөрөнгөө зараад ч хамаагүй амласан шагналаа өгнө” хэмээснийг нь Пакистаны “Express Tribune” сонинд бичсэн байна.
“Лашкар-э-Таиба”-гийн дээрээсээ хоёр дахь толгойлогчийг баривчлахад тус болохуйц мэдээллийг хоёр сая доллараар үнэлж авахаа АНУ-ын Төрийн департмент дөрөвдүгээр сарын эхээр зарласан юм. 1990 онд үүссэн тус бүлэглэл нь Энэтхэгээс Жамму Кашмир мужийг салгахаар зэвсэгт тэмцэл хийж ирсэн. Энэтхэгт хэд хэдэн удаа харгислал үйлдсэний дотор 2008 оны арваннэгдүгээр сард Мумбайд хийсэн халдлагын улмаас 166 хүн амиа алдсан билээ.
Лорд Назир Ахмед нь Британийн хатан хаанаас бүх насаараа пэр байх цолыг хүртсэн анхны мусульман хүн юм. Тэрбээр Нэгдсэн вант улс дахь исламчуудын эрх ашгийг идэвхтэй хамгаалдаг төдийгүй “дэлхийн терроризмтэй АНУ-ын хийж буй дайныг” байнга шүүмжилдэг нэгэн.
Х.ЭНХ