Өөрийн шүдний эмч Николь Минетти, ихэр бүсгүйчүүд болох Имма де Виво, Элеонора де Виво нарт төлсөн мөнгөний дүнг Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони зарлажээ. Тэрбээр дүү Паологийнхаа “Il Giornale” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай өгүүлсэн байна. Миланы прокурорын газрын мэдэгдсэнээр, Берлускони гурван бүсгүйд “сэжиг” бүхий мөнгө атгуулсан аж.
Уг мөнгөний дүн 127 мянга орчим евро. Гэвч экс Ерөнхий сайд хувийнхаа данснаас энэхүү төлбөрийг барагдуулсан хэмээн баталжээ. “Хүнд үед туслаач хэмээн гуйсных нь дагуу би Минеттид дуртайяа гар сунгасан. Минетти миний өгсөн 60 мянган еврог өмгөөлөгчдийнхөө хөлсөнд өгсөн байна билээ” гэж ноён Берлускони ярьж.
Эгч дүү де Виво нарыг ч амаргүй байдалд орсон үед нь тусалсан гэж Ерөнхий сайд асан батлаад, “Энэ хүмүүст тодорхой хэмжээний, байнгын тусламж үзүүлэх явдлыг би өөрийн үүргээ хэмээн үзэж ирсэн, хойшид ч тийм байх болно” гэсэн байна. Италийн мөрдөн байцаагчдын баталснаар, Минетти болон дээрх эгч дүү хоёр насанд хүрээгүй биеэ үнэлэгчдийг цуглуулсан үдэшлэгт оролцсон. Нэг бус удаагийн иймэрхүү үдэшлэг зохион байгуулахад С.Берлускони оролцсон гэх уг хэргийг шүүх хурал өчигдрөөс эхэлж байгаа аж.
Мароккогийн бүжигчин Карима эль Маругийг биеэ үнэлэхэд татан оролцуулсан гэсэн асуудалд Ерөнхий сайдыг бас буруутгасан. Руби хочит эл бүсгүй тухайн үед насанд хүрээгүй байсан юм байна. Николь Минеттийн хувьд С.Бер лусконийн үдэшлэгүүдэд охидыг “нийлүүлсэн” хэмээн буруутгагдсан агаад хэргийг нь экс Ерөнхий сайдынхаас тусад нь шалгаж байгаа аж.