Урьдчилан яригдаж байсны дагуу АНУ-ын эмч, антропологч Жим Ён Ким Дэлхийн банкны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Солонгос гаралтай Америкийн эрдэмтэн ийнхүү ойрын таван жилд Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй Дэлхийн банкны бүх салбар байгууллагын “судсыг” барих нь. Дэлхийн банкийг байгуулагдсан цагаас нь америкчууд толгойлж ирсэн бичигдээгүй хууль энэ удаа ч гажсанг үй. Гэхдээ ийм дархлагдсан гэлтэй эрх ямбыг хадгалж үлдэхэд Вашингтонд улам бүр түвэгтэй болж буйг энэ удаагийн сонгууль харуулав.
Бодитой өрсөлдөөний хувилбараар явагдсан сонгуульд ноён Жим Ён Кимээс гадна Нигерийн Сангийн сайд Нгози Оконжо-Ивеала, Колумбын Сангийн экс сайд бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын эдийн засаг, нийгмийн асуудлаарх орлогч Хосе Антонио Окамп нар хүчээ үзжээ. Ялангуяа Нигерийн Сангийн сайд хатагтай энэхүү албан тушаалын төлөө ана мана үзсэн хүчтэй өрсөлдөгч байсныг эх сурвалжууд онцоллоо.
52 настай Жим Ён Ким хөгжиж буй орнуудад ХДХВ, ДОХ өвчний тархалтыг зогсоох, сүрьеэгийн улмаас учирч буй нөлөөллийг багасгах хөтөлбөрүүдэд удирдан чиглүүлэх үүрэгтэй оролцож байсан нь олны талархлыг хүлээсэн юм байна. “Хэдий эрүүл мэндийн асуудлууд Дэлхийн банкинд чухал ч үүнээс илүү өргөн цартай эдийн засгийн хөгжлийн талбарт Жим Ён Кимийн хуримтлуулсан туршлага тийм ч арвин бус” хэмээн ВВС-гийн эдийн засгийн сурвалжлагч Эндрю Уолкер тэмдэглэсэн байна.
Мөн банкны өмнөх тэргүүнүүдтэй шинэ Ерөнхий лөгчийг харьцуулах зүйл ч бага. Учир нь, өмнөх лидерүүд бүгд улс төртэй тодорхой хэмжээгээр холбогдсон, амьдралынхаа дийлэнхийг баяжих юм уу, улс төрийн тавцанд нэрээ гаргахад зориулсан санхүүч, улстөрчид байсан. Харин үүний эсрэгээр Ким ихэнх цагаа ядуустай ойр өнгөрүүлж, тэдний амь зуулгыг дээрдүүлэхэд зарцуулсан нэгэн ажгуу. Шинэ Ерөнхийлөгч бээр одоогийн тэргүүн Роберт Зелликээс долоодугаар сарын 1-нд албаа хүлээн авна.