Энэтхэгчүүд тив хоорондын тусгалтай “Агни-5” баллистик пуужин анх удаа туршсан тухай ИТАР-ТАСС дамжуулав. Бенгалийн булангийн Уилер арал дахь пуужин хөөргөх буудлаас хөөрсөн “Агни-5” 5000 км зайг туулах чадвартай аж. Пуужин 50 тонн жинтэй, 17.5 метр урт, хоёр метрийн хөндлөн голчтой. Пуужингийн нислэгийг орчин үеийн төхөөрөмжөөр хянаж байгаа гэнэ.
Нэг хүртэлх тонн жинтэй зэвсгийг тээвэрлэх чадалтай энэхүү пуужинг туршсанаар цэргийн хүчээрээ Орос, БНХАУ, АНУ тэргүүтэй орнуудтай бид энэ зэрэгцлээ хэмээн Энэтхэгийн армийн удирдлага мэдэгджээ. 1989 онд энэтхэгчүүд анхны “Агни” пуужин туршсан бөгөөд бага, дунд зайн тусгалтай “Агни-1”, “Агни-2”, “Агни-3”, “Агни-4” пуужингуудыг зохион бүтээсэн юм.
DRDO төвийн мэргэжилтэн В. Селвамуртхийн хэлснээр “Агни-5”-ыг зохион бүтээхэд 2.5 тэрбум рупи (480 сая ам.доллар) зарцуулсан байна.
Х.ОД