Синайн хойг дахв цагдаагийн хэсэг рүү халдсан исламистын шашинтай 14 хүнийг шүүх хурал Египетийн Исмаилия хотод боллоо. Өнгөрсөн оны долоодугаар сард болсон уг халдлагын улмаас цагдаагийн долоон ажилтан амиа алдсан тухай “Reuters” мэдээлсэн билээ. Гэмт этгээдүүд “Аль-Тавхид валь Жихад” гэх террорист бүлэглэлийн гишүүд аж. Тэдэнд цаазаар авах ял оноожээ. Синайн хойг дахь хэт даврагч бүлэглэлүүдийн эсрэг кампанит ажил өрнүүлэх эрх баригчдын шийдвэр ч дээрх шүүх хурлын дүнд нөлөөлсөн хэмээн ажиглагчид онцолж буй. Энэ сарын 5-нд хэрэгтнүүд Синайн хойг дахь хилийн дамжин өнгөрүүлэх цэг рүү халдаж, зургаан хүний аминд хүрсэн хэрэг гарсны дараа хэт даврагчдын эсрэг ажиллагаа явуулах шийдвэрийг Египетийн Засгийн газар гаргасан билээ.