Ираны Хууль зүйн яам Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадад Тегераны Эвин шоронд очих зөвшөөрөл олгосонгүй. ВВС мэдээлснээр, тус яам дээрх хүсэлтийг “дэмий ажил” гэж тодорхойлсон байх агаад Ираны хуулийн байгууллагуудын дунд Төрийн тэргүүний нэр хүнд унаж буйн ээлжит жишээ боллоо гэж эх сурвалж мэдэгджээ. Ираны шоронд өдгөө исламын дэглэмийг эсэргүүцэгч олон хүн төдийгүй Ерөнхийлөгчийн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх хүртэл хоригдож байгаа юм.
IRNA агентлагийн тэргүүн Али Акбар Жаванфекрийг тус улсын дээд удирдагч Али Хаменеиг гутаан доромжилсон гэх хэргээр өнгөрсөн сард баривчлан, зургаан сар хорих ял оноосон. Ерөнхийлөгч хорих газрын үйл ажиллагаатай танилцах хүсэлтээ энэ сарын эхээр тавьсан ч Хууль зүйн яамны төлөөлөгч татгалзсан хариу өгчээ. Зөвлөхтэйгөө уулзах боломж олгохыг хүсэж, Хууль зүйн сайдад бичсэн захидал нь үүний өмнөх өдөр нийтлэгдсэн.
Яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга “Эдийн засгийн байдал, үнийн өсөлт гээд анхаарал хандуулах шаардлагатай хавьгүй чухал асуудлууд манайд байгаа. Харин шоронд очиж үзэх нь манай орны удирдагчдын тэргүүлэх бодлого чиглэлийн талаар иргэдэд итгэлгүй сэтгэгдэл төрүүлж мэднэ” гэж хариу мэдэгдсэн байна.