Хоёр жил гаруйн хугацаанд хорт хавдартай тэмцсэн Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес өнгөрсөн мягмар гаригт өөд болжээ. Хүнд өвчний улмаас Кубад хагалгаанд орох шаардлагатай болсноо 2011 оны зургадугаар сард олон нийтэд мэдэгдсэн түүнийг чухам ямар төрлийн хорт хавдартай болохыг өнөөг хүртэл мэдэгдээгүй юм. Латин Америкийн дуу хоолой болсон удирдагчдын нэг Уго Чавес 1998 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш өнөөг хүртэл 14 жил төрийн эрхийг гартаа атгажээ. Хамгийн сүүлд 2012 оны аравдугаар сард болсон сонгуулиар дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч болж 2019 он хүртэл төрийн эрхийг барих байлаа. Венесуэл улсад гашуудлын долоо хоног зарлаад байна. Эмгэнэлт мэдээллийг сонссон даруйдаа Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер ард иргэдээ нэг хором дуугүй зогсож, Уго Ча вест хүндэтгэл үзүүлэхийг хүссэн байна. Мөн Перугийн Конгресс түүний дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй гашуудсан аж.
Харин Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мэдээг сонссон даруйдаа Каракасыг зорьсон бол Чилийн Засгийн газар Венесуэлийн ард түмэнд хандан эмгэнэлийн захидал илгээжээ. Мөн Эквадорт гурван өдөр гашуудал зарлахаар болсон байна. Өчигдөр түүний цогцсыг Каракас дахь Цэргийн академид хүргэсэн бөгөөд оршуулах ёслолыг баасан гаригийн 10.00 цагт зохион байгуулах болжээ. Ерөнхийлөгчөө алдсанд эмгэнэн гашуудсан Чавесын дэмжигчид Венесуэл улсын төрийн далбааны улаан, цэнхэр, шар өнгийн хувцас өмсөн түүнийг сүүлчийн замд нь хүндэтгэн үдэх аж. Мөн Латин Америкийн зарим орны төрийн тэргүүн ёслолд оролцохоо мэдэгджээ. Венесуэлийг удирдах шинэ Ерөнхийлөгчийн сонгуулийг 30 хоногийн дараа зохион байгуулахаар болжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Уго Чавес хагалгаанд орохоор Куба улсыг зорихынхоо өмнөхөн дэд ерөнхийлөгч Николас Мадурогийн мөрийг атган, түүнийг орлохыг хүсэж буйгаа хэлж байсан билээ. Тэрээр “Миний үйл хэргийг залгамжлах гайхамшигтай чадвартай залуу удирдагчдын нэг” хэмээн тодорхойлж байжээ. Тиймээс сонгууль хүртэл Николас Мадуро Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх болсныг Гадаад хэргийн сайд нь мэдэгдсэн аж. Гэвч зарим улстөрч үүнийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн дагуу Үндэсний Ассамблейн ерөнхийлөгч Диосдадо Кабельогоор төрийн эрхийг бариулах сонирхолтой байгаа гэнэ.
Б.ЦЭЦЭГСҮРЭН