Ангела Меркель Дахау хот дахь нацистийн бөөнөөр хорих лагерьт хөл тавьсан Германы анхны Канцлер боллоо гэж ВВС мэдээлэв. Тус хорих газрын хоригдол асан, 93 настай Макс Маннхаймер түүнийг энд ирж, үг хэлэхийг урьсан юм байна.
Меркель дурсгалын хөшөөнд цэцгийн баглаа өргөж, хэлсэн үгэндээ олон мянган еврей, цыган, бэлгийн цөөнхийн төлөөлөгчид ичгүүр, гашуудлын мэдрэмжтэйгээр энд эцсийн амьсгал хураасныг тэмдэглэжээ. Тэгвэл ХБНГУ-ын Засгийн газрын тэргүүний улс төрийн өрсөлдөгчид, түүний дотор ногоонтнууд гашуудлын арга хэмжээг сонгуулийн кампанийнхаа нэгэн хэсэг болголоо хэмээн шүүмжилжээ.
Тус улсад Парламентын сонгууль сарын дараа болох юм. Мюнхен хотоос холгүй орших Дахаугийн хорих лагерь фашистуудын толгойлогч А.Гитлерийг Засгийн эрхэнд гараад хоёр сар ч болоогүй байхад нээгджээ. 12 жил оршин тогтнох хугацаанд нь 200 мянган хүн хоригдсоноос 41,5 мянга нь өвчин, өлсгөлөнгөөр эндсэн буюу алуулсан гэж түүхчид үздэг. Америкийн цэргүүд хоригдлуудыг чөлөөлснөөр 1945 оны дөрөвдүгээр сарын 29-нд хорих лагерь хаагдсан бөгөөд 1965 онд энд дурсгалын цогцолбор байгуулсан аж.
Х.ЭНХ