Өнгөрсөн ням гаригт “Татарстан” компанийн Боинг-737-500 онгоц Москвагаас нисэж Казанийн буудалд газардах үедээ осолдож дотор нь явсан 44 зорчигч, нисэх багийн зургаан гишүүн амь үрэгджээ. Онгоц далавчаараа газар шүргэж буух зурваснаас 150 метрийн зайд унасан байна.
Газардах гэсэн эхний оролдлого бүтэлгүй болмогц хөөрөх үйлдэл хийх үед осолдож онгоц шатсан аж. Ослын шалтгааныг тогтоох комисс байгуулж, Казань руу аврагчид, сэтгэл судлаачдыг явуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүрэг болгосны дагуу 50 хүнтэй бүлэг илгээжээ.
Уг комиссыг толгойлохыг Ерөнхий сайд Дмитрий Медведев Тээврийн сайд Максим Соколовт даалгасан байна. Осол болох үед Казаньд цаг агаар сайхан байжээ. Тийм учраас ослын шалтгаан нь нисгэгчийн алдаа юм уу, техникийн эвдрэл байж болох юм гэж таамаглаж буй аж. Бас түлш шатахуун нөлөөлсөн байж болох юм хэмээн үзэж байгаа гэнэ. Уг онгоцыг туршлагатай нисгэгч Рустем Салихов, Виктор Гуцул нар жолоодож явсан бөгөөд техникийн байдлаас болоод газардах боломжгүй болсноо диспичертээ мэдэгдсэн гэнэ. Гэтэл “Татарстан” компанийн хэвлэлийн албаны тэргүүн Гульназ Минниханова гэдэг эмэгтэй “Техникийн ямар ч асуудал онгоцонд байгаагүй” гэж мэдэгдсэн байна.
Онгоцыг 1990 онд үйлдвэрлэсэн ч түүнд засвар үйлчилгээ тогтмол хийж байжээ. Энэ онгоцоор анхны нислэгийг 1990 оны зургадугаар сарын 18-нд хийсэн байна.