Украины Дээд Радын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийхээс Крымийн Засгийн газар татгалзлаа гэж ИТАР-ТАСС агентлаг тус автономит БНУ-ын Ерөнхий сайд Сергей Аксеновын мэдэгдэл дээр түшиглэн мэдээлэв. Киевийн шинэ эрх баригчдыг хууль ёсных гэж үзэхгүй байгаа болохоор Украины Парламентын төлөөлөгчидтэй яриа хэлэлцээ хийх тухай саналд хариу өгөхөд бэлэн биш байна гэж Аксенов хэлсэн байна. Киевийн удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс Крым татгалзаж буйгаа хоёрдугаар сард мэдэгдэж байсан юм.
Автономит энэ БНУ-ын Парламент хуучин Засгийн газраа огцруулж, Ерөнхий сайдаар "Оросын эв нэгдэл" намын тэргүүн Сергей Аксеновыг томилсон. Тус бүс нутгийн статусын асуудлаар бүх нийтийн санал асуулгыг энэ сарын 30-нд явуулахаар төлөвлөж буй юм. Өөрийн хүчний байгууллагуудыг мэдэлдээ авсныг Аксенов зарлаж, энд энх амгалан байдал тогтооход туслахыг тэрбээр Орос улсаас хүссэн билээ.
Р.ЖАРГАЛАНТ