.jpg)
Куала-Лумпур хотоос Бээжинг чиглэн ниссэн Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777” загварын 370 нислэгийн дугаартай онгоц орон нутгийн цагаар энэ сарын 8-ны шөнийн 01.30 цагт удирдлагын төвтэй холбоо тасарч, сураггүй болсон билээ. Үүр цаймагц Өмнөд Хятадын тэнгист эрэн хайх эхний ажиллагаа эхэлсэн ч багийн 12 гишүүн, 227 зорчигчтой замд гарсан онгоцны ул мөр өнөөг хүртэл олдоогүй байна. Онгоц Вьетнамын өмнөд эргийн орчимд холбоо тасарсан бөгөөд хяналтын дэлгэц дээрх мэдээллээс харахад холбоо тасраад удаагүй байхдаа буцаж ниссэн байх магадлалтай аж. Сүүлийн мэдээгээр олон улсын эрлийн баг эрэл хайгуулын бүсээ өргөсгөж, Өмнөд Хятадын тэнгис орчмоос гадна Вьетнамын хойд болон Малайзын баруун эрэгт ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Эрлийн ажилд 22 онгоц, 40-өөд хөлөг онгоц оролцож байгаагийн дийлэнх нь Малайз, Вьетнам, Хятадын Онц байдлын албаных бол АНУ, Сингапурын мэргэжилтнүүд мөрдлөгийн ажилд мөн оролцохоор болжээ. Түүний дотор Америкийн Холбооны мөрдөх товчоо Хятад, Малайзын албаныханд туслахаар болоод байна.
Куала-Лумпураас хөөрснөөс хойш онгоцноос аюулын дохиолол юм уу ямар нэгэн сэжигтэй мэдээлэл ирээгүй бөгөөд эрэн хайх ажиллагаа эхэлснээс хойших 40-өөд цагийн хугацаанд Вьетнамын эргийн ойролцоо түлш юм уу газрын тос шиг харагдах шингэн зүйл тэнгисийн уснаа харагдсанаас өөрөөр сэжигтэй зүйл олдоогүй байна. Тослог шингэн алга болсон онгоцтой холбоотой эсэхийг одоогоор тогтоогоогүй аж. Онгоцонд яваа 239 хүний гуравны хоёр нь буюу 153 нь Хятадын иргэн бол Малайзын 38, Индонезийн долоо, Австралийн зургаа, Энэтхэгийн тав, Францын дөрөв, Америкийн гурав, Шинэ Зеланд, Украин, Канадын тус тус хоёр иргэн сураггүй болсон онгоцонд зорчиж явжээ. Зорчигчдын дунд бага насны хоёр хүүхэд байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хятад иргэдийн зарим нь Малайзид болсон буддын шашны нэгэн баярт оролцоод буцаж явсан бол зарим нь хоёр орны хооронд худалдаа наймаа эрхлэгчид байжээ.
Сүүлийн жилүүдэд Бээжин, Куала-Лумпурын хооронд зорчигч тээврийн нислэг нэмэгдсэн нь хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжирсантай холбоотой юм. Зорчигчдын гэр бүлийнхэн, найз нөхөд болоод дотнын хүмүүс нь Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд сэтгэл зовнин мэдээ хүлээж байна. Бээжин хотын албаныхан зорчигчдын ар гэрийнхнийг ойролцоох зочид буудалд буулгаж, харж хандаж байгаа хэдий ч шинэ мэдээлэл ирэлгүй удсан тул айж түгшсэн, уйлж гашуудсан хүмүүс нисэх буудлын энд тэндгүй бөөгнөрчээ. Холбоо тасраад олон цаг болсон тул 20-иод цагийн түлшний нөөцтэй явсан “Боинг 777” онгоц осолдсон байх магадлал өндөр байна. Гэхдээ алан хядагчдад барьцаалагдсан байж магадгүй гэж албаныхан мөн таамаглаж байгаа юм. Онгоц хөөрөхийн өмнөхөн тасалбартай таван зорчигч онгоцноос бууж, ачаа тээшээ авсан нь, мөн зорчигчдын нэрсийн жагсаалт дахь хоёр ч хүн гадаадын иргэдийн хулгайд алдсан хуурамч паспортоор зорчсон нь тогтоогдсон нь ийн таамаглахад хүргэжээ. Хятадын албаныхны тогтоосноор Итали, Австрийн паспортоор тасалбар авсан хоёр этгээд Хятадын Өмнөдийн агаарын тээвэр компаниас дараалсан дэс дугаартай хоёр тасалбар хамтдаа худалдаж авчээ. Харин Итали, Австрийн талаас иргэд нь ор сураггүй болсон онгоцонд байгаагүй гэж мэдэгдсэн байна.
Малайзын иргэний агаарын тээвэр компани нь Зүүн өмнөд, Зүүн болон өмнөд Ази, Ойрхи Дорнодын орнуудад нислэг үйлдэж Европ, Австралазийг холбодог юм. Тус компани “Боинг 777” загварын 15 онгоцтой бөгөөд сураггүй болсон онгоцыг 2002 онд худалдаж авчээ. Малайзын иргэний агаарын тээвэр компани 1937 онд байгуулагдаж, 20-иодхон жилийн дотор ганц онгоцтой компаниас 2400 гаруй ажилтантай, өдөрт 80 орчим чиглэлд 37 мянган зорчигч тээвэрлэдэг, Азийн хамгийн том авиа компанийн нэг болсон байна. 370 нислэгийн дугаарын онгоц осолдсон нь батлагдаж, нэг ч хүн амьд үлдээгүй бол энэ нь 2001 оноос хойших хамгийн олон хүний аминд хүрсэн онгоцны осол болно. 2001 оны арваннэгдүгээр сард Америкийн иргэний агаарын тээврийн 587 нислэгийн дугаартай “Airbus А300” онгоц Нью-Йоркийн Белл Харбор дүүрэгт осолдож онгоцонд байсан 260 хүн бүгд, мөн газар дээр байсан таван хүн амиа алдсан юм. Өмнө нь зорчигч тээврийн онгоц нислэгийн замдаа гэнэт алга болсон тохиолдол нэг бус гарч байв. Тэдгээр тохиолдлын дийлэнхэд онгоц далай тэнгист осолдсон байсан бөгөөд энэ нь аврах ажиллагааг удаашруулдаг.
Сүүлд “Air France” компанийн 447 нислэгийн дугаартай “Airbus A330” онгоц 2009 оны зургадугаар сарын 1-нд Рио-де-Жанейрогоос Парис явах замдаа Атлантын далайд осолдож, онгоцны байршлыг тогтоох ажил хоёр жил орчим үргэлжилж байв. Онгоцонд явсан 228 хүн бүгд амь үрэгдсэн юм.
Г.ЛХАГВА