АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Крым болон Украин дахь нөхцөл байдлын талаар Франц, Латви, Литва, Эстонийн Ерөнхийлөгчид, Их Британи, Италийн Ерөнхий сайд нартай утсаар ярьжээ. Украин, Оросын хооронд шууд яриа хэлэлцээ хийж, нөхцөл байдлыг тогтворжуулж чадахуйц Ажлын хэсгийг яаралтай байгуулах нь чухал гэж талууд санал нэгтэй үзсэн банйа. Түүнчлэн эдийн засгаа тогтворжуулж, энэ оны тавдугаар сард хийхээр төлөвлөсөн сонгуульдаа бэлтгэж буй Украины Засгийн газрыг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс дэмжих асуудлыг бас ярилцсан аж.
Орос улс Крым болон Украины бусад бүс нутагт цэргийн оролцоогоо өргөжүүлсэн тохиолдолд Украин дахь хямралыг нааштайгаар шийдвэрлэх дипломат арга зам шавхагдаж болзошгүйг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой утсаар ярихдаа анхааруулсан байна. Керрийн хэлснээс үзвэл Крымийг өөртөө “нэгтгэх” талаар ОХУ цаашид ямарваа алхам хийвэл асуудлыг дипломат арга замаар шийдвэрлэх ямар ч орон зай үлдэхгүй гэж тэр үзэж буй аж. НАТО-гийн хүрээнд байгуулсан гэрээндээ АНУ үнэнч байж, аюулгүй байдлыг нь хангах, Балти орчмын орнуудад ардчиллыг дэмжихэд бэлнээ энэ бүс нутгийн гурван орны Ерөнхийлөгчтэй ярихдаа Обама илэрхийлсэн байна. Мөн Крымийн статусын асуудлаар тус автономит БНУ-ын нутаг дэвсгэр дээр энэ сарын 16-нд санал асуулга явуулах гэж буйг Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа гэж Францын Ерөнхийлөгч, Италийн Ерөнхий сайд нар Барак Обаматай ярилцахдаа хүлээн зөвшөөрсөн байна. Өнгөрсөн баасан гаригт Барак Обама Украины хямралын талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй бас утсаар ярьжээ.
Дашрамд мэдээлэхэд, Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко ХБНГУ-ын Берлин хотод эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр Украин руугаа буцахыг хэдийгээр их яарч буй ч дор хаяж эмнэлэгт долоо хононо гэж Шарите эмнэлгийн дарга сэтгүүлчдэд хэлжээ. Тэрбээр хувиараа эмчлүүлж буй гадаадын иргэний хэмжээнд үйлчлүүлж буй бөгөөд зардлыг өөрөө төлж байгаа гэнэ.