
Куала Лумпур хотоос Бээжин орох замдаа сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн “Боинг 777” онгоцонд чухам юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ удирдлагын төвтэй холбоо барилгүй, хяналтын дэлгэцэн дээр үзэгдэлгүй бараг гурав хоносон тул Вьетнамын эргээс холгүй далайд осолдсон нь бараг л эргэлзээгүй болжээ. Онгоцонд 14 орны 239 хүн явсны гуравны хоёр нь буюу 153 нь Хятадын иргэн юм. Тэдний дунд Малайзын нийслэлд үзэсгэлэнгээ нээчихээд буцаж явсан Хятадын 19 зураач, тэр дундаа улс орондоо алдартай уран бичлэгийн мастерууд байжээ. Зорчигчдын дунд 2-4 насны дөрвөн хүүхэд явсны гурав нь хятад, хоёр нь америк аж. Харин хамгийн ахмад зорчигч нь 79 настай гэж Малайзын албаныхан мэдээлж байна. MH370 нислэгийн дугаартай “Боинг 777” онгоцны ахмадаар агаарт 18 мянган цаг ниссэн туршлагатай, 53 настай Захари Ахмад Шах ажиллаж байжээ.
Зорчигчдын дунд манай улсад ирэх байсан хоёр хүн явсан мэдээ байна. Нэг нь Австралид амьдардаг, Шинэ Зеландын иргэн Пол Викс бол нөгөө нь Энэтхэгийн иргэн Чандрика Шарма аж. П.Викс манай улсын уул уурхайн нэгэн компанид инженерээр ажиллахаар болж, ирэх сараас шинэ ажилдаа орох байжээ. Харин Ч.Шарма энэ өдрүүдэд Улаанбаатар хотод болж байгаа НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын чуулганд оролцохоор явсан байна. Онгоцыг барьцаалсан байж магадгүй гэж албаныхан үзэж байсан ч зорчигчдын хоёр нь хуурамч паспорттай явсан гэхээс өөр сэжигтэй зүйл олдоогүй байна. Мөрдлөгөд оролцож байгаа Америкийн Холбооны мөрдөх товчоо алан хядах ажиллагаатай холбоотой нэг ч сэжүүр олоогүй бөгөөд хулгайд алдагдсан хоёр паспортыг хууль бусаар цагаачлахад л ашигласан гэж таамаглаж байна.
Олон улсын аврах албаныхнаас бүрдсэн эрэн хайх баг сүүлийн мэдээгээр 40 хөлөг онгоц, 34 нисдэг тэрэгтэйгээр эрлээ үргэлжл үүлж байгаа аж. Вьетнамын өмнөд эргээс холгүй То Чу арлын ойролцоо онгоцны сэг байх магадлалтай цайвар эд тэнгисийн уснаа үзэгдсэн ч алга болсон онгоцных эсэх нь тодорхойгүй байна. Харин өмнөх өдөр нь тэнгисийн уснаас олдсон шатахуунтай төстэй шингэнээс дээж авч онгоцны түлш мөн эсэхийг тогтоолгохоор шинжилгээнд явуулжээ. Малайзын иргэний агаарын тээвэр компанийн онгоц өмнө нь осолдсон түүх үгүй бөгөөд “Боинг 777” орчин цагийн хамгийн аюулгүй онгоцны нэг гэгддэг. MH370 нислэгийн онгоцыг сураггүй болсноос хойш тус компанийн хувьцаа 18 хувиар унаад байна.
Г.ЛХАГВА