Өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины зүүн өмнөд нутагт Оростой нэгдэхийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн жагсаал, тэмцэл үргэлжилжээ. Орост талархагчид Луганск хотод эрх мэдлийг гартаа авсан байна. Жагсагчид хотын захиргааны байр руу дайран орж, дээр нь Оросын далбааг мандуулаад Амбан захирагч Михаил Болотскихийг огцрох мэдэгдэлд албадан гарын үсэг зуруулсан аж. Гэвч орой болоход Болотских “Би огцроогүй, ажлаа хийж байна” хэмээн мэдэгдсэн байна. Донецк, Харьков зэрэг хотод мөн ийм явдал болсон ч Оростой нэгдэхийг дэмжигчдийн түвшин Крымийнхээс доогуур байгаа бололтой. Түүнээс гадна энэ тэмцлийг удирдаж буй хүмүүст үйл ажиллагааны тодорхой хөтөлбөр байхгүй аж. Донецкод эсэргүүцэл тэмцлийг удирдаж байсан Павел Губаревийг баривчлан Киев рүү авч явжээ. Харьков мужийн захирагч байсан Добкинд ч бас ийм тавилан тохиосон байна. Эрх барьж байсан намын гишүүдээс “Киевийн фашист эрх баригчид”-тай хамтарч ажиллахыг зөвшөөрч, урван тэрсэлж байгаад гайхсанаа Орост нэгдэхийг дэмжиж буй хүмүүс илэрхийлэх нь цөөнгүй байна.
Крымд болж буй үйл явдалтай холбогдуулан НАТО радио техникээр алсаас тандалт хийх AWACS онгоцуудыг Украинтай залгаа орших Польш, Румын улс руу илгээв. Украин улс НАТО-гийн гишүүн биш тул эдгээр онгоц тус эвслийн гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр л нисэх учиртай. Ийм онгоц нисгэж тандалт хийлгэх гэж буй нь Украин, Крымд байдал ямар байгаа талаар мэдээлэл авах боломж олгох нь мэдээж. Онгоцууд Герман, Англид байгаа цэргийн баазуудаас нислэг үйлдэх аж. Чухам хэдэн онгоц нисгэхийг мэдээлсэнгүй. Украины нутаг дэвсгэр дээр Оросын цэргийг ашиглахыг ОХУ-ын Холбооны зөвлөл нь Ерөнхийлөгч Владимир Путинд зөвшөөрснөөс хойш ОХУ, НАТО хоёрын харилцаа хурцдаад байгаа. Виктор Януковичийг огцруулсны дараа тус улсын эрхийг барих болсон хүмүүс НАТО-гоос тусламж хүссэн юм. Энэ бүхнээс үүдээд Крымийг Орост нэгтгэх асуудлаар энэ сарын 6-нд бүх нийтийн санал асуулга явуулахаар эндхийн эрх баригчид бэлтгэж эхэлсэн билээ. Крымийн зэвсэгт хүчний 1.5 мянган цэрэг энэ өдөр санал авах байруудыг хамгаалах аж. Цэргүүд бүгд тангараг өргөжээ.

.jpg)
Крым Оростой нэгдсэн тохиолдолд эндхийн зэвсэгт хүчин Оросын армийн бүрэлдэхүүнд орно. Түүнээс гадна санал асуулгын үеэр ажиглагчдаа ирүүлэх урилгыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг даргалж буй Швейцарь улсад Крымийн автономит БНУ-ын Дээд зөвлөл өгсөн байна. Санал авах хуудсан дээр “Крымийг ОХУ-ын нэг субъект болж, түүнтэй нэгдэхийг зөвшөөрөх үү?”, “Крымийн БНУ-ын 1992 оны Үндсэн хуулийн үйлчлэлийг сэргээх, Крымийг Украины нэг хэсгийн статустай байхыг дэмжих үү” гэсэн хоёр асуулт бичсэн байх аж. Санал асуулгын дүнгээр Крым Орост нэгдлээ ч автономит эрхээ хэвээр хадгална гэж Крымийн БНУ-ын Ерөнхий сайд Сергей Аксенов иргэддээ тайлбарласан байна. Тэрбээр Засгийн газрын бүрэлдэхүүн дэх Крымийн татаруудын төлөөллийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж бас амлажээ. Аксеновыг Дээд зөвлөл нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилсон байна. Гэтэл Крым нь одоогоор Украины бүрэлдэхүүнд байгаа болохоор санал асуулга явуулах нь эрх зүйд нийцэхгүй гэж Өрнөдийн улстөрчид үзсээр байгаа. Эдийн засгийн өөрчлөлт хийхэд нь зориулж энэ онд Украинд Дэлхийн банк гурав хүртэл тэрбум доллар өгөх гэж буй юм. Харин ямар болзолтой ийм зээл олгож буй талаар мэдээлэл алга.
Нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн төсөлд зориулж тус банкнаас Украинд олгох нийт мөнгөний хэмжээ 3.7 тэрбум доллар аж. Энэ хөрөнгийг ахуйн хэрэглээ, замын аж ахуйг хөгжүүлэх, бизнесийг дэмжихэд зориулах юм байна. Украинд АНУ нэг тэрбум долларын, Европын холбоо 11 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр амлаад байгаа. Харин Украины Сангийн яам тус улсад ойрын хоёр жилд 35 тэрбум доллар хэрэгтэй болно гэж үзэж буй. Европын холбоотой хамтарч ажиллахаа Украины түрүүчийн эрх баригчид түр зогсоогоод байсан юм. 2013 оны эцэст ОХУ 15 тэрбум долларын зээл олгохоор зарлаад байсан ч Ерөнхийлөгч Виктор Янукович огцорч, 2014 оны хоёрдугаар сард шинэ Засгийн газар бий болсноор энэ тусламжийг олгохоо Орос улс больсон билээ. Швейцарийн Засгийн газар Украины 29 иргэний хадгаламжийг царцаав. Европын холбоонд багтдаггүй Лихтенштейний холбооны улс ч бас ийм арга хэмжээ авчээ. Энэ 29 хүний дотор хуучин парламент, Засгийн газрын гишүүн, тусгай байгууллагын тэргүүн байгсад, Ерөнхийл өгч асан Янукович болон тэдгээрийн үр хүүхдүүд багтсан аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины байдлыг Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев нартай хэлэлцсэн тухай мэдээ байна. Обама, Рахой нар энэ сарын 16-нд Крымд болох санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхаар тохиролцсон бол Украин дахь нөхцөл байдлыг энхийн аргаар шийдвэрлэхэд идэвхтэй оролцохыг Назарбаевт Обама уриалжээ.
Р.ЖАРГАЛАНТ