Францын Ерөнхий сайд байсан Доминик де Вильпен тэтгэвэрт гарахдаа нөхөн төлбөрөө авах гэж Гадаад хэргийн яаман дээр 2013 оны есдүгээр сард нэгэн өдрийг өнгөрөөжээ. Тэрбээр 1993 онд энэ яамнаас халагдсан бөгөөд энд олон жил алба хаасныг нь үнэлж, ихээхэн хэмжээний төлбөр авахаар өрсөлдөх эрхийг түүнд олгосон аж. Доминик де Вильпен 1980-1993 онд дипломат албанд байхдаа АНУ, Энэтхэг улсад суугаа Францын ЭСЯ-нд ажиллаж байжээ. Жак Ширакийг Ерөнхийлөгч байхад Тамгын газрыг нь тэргүүлж, дараа нь Гадаад болон Дотоод хэргийн яамыг толгойлж байгаад 2005-2007 онд Ерөнхий сайдаар ажилласан байна. Францын Ерөнхийлөгчөөр Николя Саркозийг ажиллаж байхад түүнийг Саркозигийн талаар худал мэдээлэл тархахад саад хийгээгүй хэмээн буруутгах гэж оролдсон ч эцэст нь цагаатгасан юм. Ширак, Вильпен хоёрыг мөн Африкийн улсуудын удирдагчдаас 1980-2000 оны үед хахууль авсан хэмээн сэжиглэж байв. Гэвч уг хэргийг урьдчилсан мөрдөн байцаалтын явцад нь хаасан аж.

Ерөнхий сайд асны хувийн хөрөнгийг “L’Express” сэтгүүл 2012 онд дөрвөн сая еврогоор үнэлж байсан бөгөөд одоо 60 настай де Вильпен жилд 1.6 сая гаруй долларын хөрөнгөтэй, зөвлөгөө өгөх “Villepin International” компанийг удирдаж байна. Тэгвэл Ливийн Парламент энэ сарын 11-нд санал хураагаад Ерөнхий сайд Али Зейданд итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргалаа. Умард Солонгосын далбаатай хөлөг онгоц Ливийн Эс-Ситр зогсоолд зангуугаа хаясны дараа л Засгийн газрын тэргүүнд итгэл үзүүлэх эсэх асуудлыг Үндэсний бүх нийтийн конгрессийн гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэе гэх асуудал хөндөгдсөн байна. Тэгээд Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэгчээр Батлан хамгаалахын сайд Абалла аль-Танийг томилжээ. Али Зейдан 2012 онд Муаммар Каддафийн дэглэмийг унагасны дараах Парламентын анхны сонгуулиар Ерөнхий сайд болсон юм. Түүнийг авлигын болон бусад хэрэгт холбогдсон хэмээн сэжиглэж буй аж.
Умард Солонгосын хөлөг онгоцны багийг шаардлага биелүүлэлгүй нуугдахыг оролдвол Ливийн цэргүүд гал нээнэ гэж анхааруулсаар байтал уг хөлөг онгоц энэ сарын 11-ний шөнө боомтыг ямар ч саадгүй орхиж алга болжээ. Чехийн Ерөнхий сайдын орлогч Павел Белобрадек энэ сарын 10-ны орой машин жолоодож яваад гол замаар давхиж явсан мотоциклийг шүргэж орхисон байна. Мотоцикльтой явж байсан хүн бага зэрэг гэмтжээ. Энэ хоёр хүний аль нь ч согтууруулах ундаа хэрэглээгүй, хурд хэтрүүлээгүй гэнэ. Хэрэв машинтай явсан хүнийг нь буруутай гэж тогтоовол нэг жил хоригдох юм уу төрийн албанаас халагдах шийтгэл хүлээх аж. Павел Белобрадек Чехийн эвслийн Засгийн газрын тэргүүний орлогчоор энэ оны нэгдүгээр сараас ажиллаж буй юм байна.
Р.ЖАРГАЛАНТ