Энэ оны хоёрдугаар сарын эхээр Америкийн олон хэвлэлд “Америкийн ирээдүйн Ерөнхийлөгч нисгэгчгүй онгоцноос нуугдан Мексикт бүгж байна уу” гэсэн агуулгатай гарчиг бүхий өгүүлэл гарав. Миннесота муж улсын амбан захирагч байсан Жесси Вентура 2016 онд Барак Обамагийн суудлыг эзлэхээр зэхэж буйгаа зарласан нь ийм материал хэвлэлд нийтлэгдэх шалтгаан болсон аж.
Жесси Вентурагийн тухай яриаг ердөө л "Амбан захирагч байсан" гэдгээр хязгаарлавал хэтэрхий чамлалттай санагдана. Яагаад гэвэл үйл явдал, санаанд оромгүй өөрчлөлт хувьслаар энэ хүний амьдрал дүүрэн. Үүнтэй нь харьцуулбал амбан захирагчийн албыг дөрвөн жил хашсан нь амьдралынх нь тун багахан хэсэг юм.
Ж.Вентура улс төрд хөл тавихаасаа өмнө АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай зориулалттай салбарт алба хааж, “The Rolling Stones” хамтлагийнхны хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж дэвэн дэлхийгээр тэнэн, мэргэжлийн дүрэмгүй зодооны спортоор олонд танигджээ. Тэр ч бүү хэл, “Махчин”, “Гүйдэг хүн” зэрэг кинонд Арнольд Шварценеггертэй хамт тоглож, радио, телевизийн тайлбарлагчаар дажгүй ажиллаж ч байв.

1990 оноос тэрбээр ийм амьдралаас залхав. Тэгээд дунд сургуулийн багшийнхаа зөвлөснөөр муж улсынхаа Бруклин-Парк гэдэг жижиг хотын захирагчийн сонгуульд оролцжээ. Уг өрсөлдөөнд олон хүний гайхлыг төрүүлэн Ж.Вентура ялж, 25 жил энэ хотыг захирсан хүний оронд залрах нь тэр. Улстөрч байх нь кино жүжигчний санаанд нийцсэн байна. 1995 онд тэрбээр хотын захирагчийн суудлаа орхиж арай “өндөр” сандал ширээ рүү санаархахаар шийджээ. Тэгээд 1998 онд олонд төдийлэн танил болоогүй Өөрчлөлтийн намаас Миннесота муж улсын амбан захирагчид нэрээ дэвшүүлж орхив. Тоглосон киноныхоо гол баатар харь гаригаас ирсэн азгүй "гөрөөчний" дүрээр олонд танил болсон энэ өрсөлдөгчийг Ардчилсан болон БННаас нэр дэвшигчид огт тоохгүй байлаа. Тэднийг өөр хоорондоо өрсөлдөж байх зуур тэрбээр муж улсаараа явж, сонгогчидтойгоо уулзаж байв. Улстөрч болсон дэгжин жүжигчин, ганган зодоончийн яриа хөөрөө хүмүүсийг татаж байв.
Ж.Вентура “хоёр намын дарангуйлал”, “төрийн байгууллага, корпорацын эрх мэдлийг” зад шүүмжилж, ард түмний төлөө тэмцэнэ хэмээн амлаж явлаа. Түүнээс гадна бусад нэр дэвшигч нь үл тоож байсан интернетэд тэрбээр жинхэнэ бужигнуулж гарсан анхны хүмүүсийн нэг болсон байна. Энэ тактик нь түүнд үр дүнгээ өгч чансаа нь арван хувь хүртэл дээшилж, тэрбээр телевизийн мэтгэлцээнд оролцох болжээ. Өөрийг нь саваагүй амьтан болгож харагдуулах гэсэн уйтгартай өрсөлдөгчдөө мань эр ёстой "хяргаж" өгөв. Сонгуулийнхаа ажилд 400 мянга гаруй доллар цуглуулсан Вентура хэдэн долоо хоног өнгөрөхөд амбан захирагч болчихсон байлаа. Тэгэхэд түүний эсрэг олон сая доллартай хоёр том нам, хэвлэл, мэдээллийн бараг бүх хэрэгсэл зогсож байсан гээд бод. Гэнэт тодорч гарч ирсэн жүжигчний амбан захирагч болчихоод хийж буй ажлыг хүмүүс янз бүрээр үнэлж байсан нь мэдээж. Гэхдээ түүний хийсэн сайн зүйл нь муугаасаа илүү гэж олонх нь үзэж байв. Тухайлбал, Миннеаполист хурдны трамвайн зам тавиулснаар нийтийн тээврийн энэ хэрэгсэл хамгийн олон үйлчл үүлэгчтэй болсон байна. Түүнээс гадна татварыг багасгаж, тэгсэн хэрнээ муж улсынхаа төсвийг ашигтай болгож чаджээ. Муж улсын орлого ашгаас хүмүүстээ жил бүр хувь хүртээх болов. Бас мужийн амбан захирагчийн өргөөнд амьдрахаас татгалзсанаар хөрөнгө хэмнэжээ. Гэлээ ч орон нутгийн дээд зиндааныхан болоод хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Ж.Вентура болон түүний гэр бүлийнхэнд амар заяа үзүүлэхгүй байхыг хичээсээр. Тэрбээр нэгэн удаа хэлсэн үгэндээ сэтгүүлчдийг “мэдээллийн цөөвөр чононууд” гэж нэрлэсэн байна. Учир нь хоёр том намынханд хаягласан шүүмжлэлийг нь тэд тэвчихгүй байсан аж.
Орон нутгийнхаа хууль тогтоогчидтой ч амбан захирагч ер эвээ олохгүй байлаа. Тэдний баталсан хуулиудыг хэдэн арваар нь хүчингүй болгодог байв. Ойр дотнынх нь хүмүүс рүү хэвлэлийн хийж буй дайралт довтолгооныг цаашид тэвчиж байж чадахгүй гэдгээ Ж.Вентура мэдэгдээд амбан захирагчийн албыг хоёр дахь удаагаа хашихгүй байхаар шийджээ. “Хэрэв би гэргий, хүүхэдгүй байсан бол үүнээс өөр шийдвэр гаргах байсан” гэж тэрбээр тайлбарлажээ. Эрх мэдэл нь түүний хувьд нийгмийн амьдралыг сайжруулах зэвсэг болж байснаас биш өөрийнх нь зорилго байгаагүй учраас хотын захирагч, мужийн амбан захирагчаар ажиллахдаа олж авсан туршлага надад үр ашгаа өгнө гэж тэрбээр хэлсэн байна. 2003 оны аравдугаар сард мужийн амбан захирагчийн ажлаа Ж.Вентура дөнгөж өгөөд байтал NBC телесуваг өөрийн гэсэн шоу нэвтрүүлэг явуулах санал ирүүлэв. Уг нэвтрүүлэг сүүлдээ Америкийн хэмжүүрээр алслагдсан хөдөө нутгийн хот болох Миннеаполисоос үндэсний хэмжээнд цацагдах цорын ганц хөтөлбөр болсон гэдэг. Гэвч өртөг зардал өндөр байна гэдгээр шалтгаалан NBC уг нэвтрүүлгийг тэгсхийгээд хаасан аж. Харин Вентура үүнд өөр тайлбар хийсэн байдаг. Аливаа асуудлаар түүний дотор Ирак дахь дайнд шүүмжлэлтэй ханддаг байсан нь дундаж гэмээр байр суурьтай телевизийнхнийг айлгасан бололтой. Дайны эхний үед америкчууд бараг бүгд түүнийг зөвтгөж, түүнийг эсэргүүцсэн ямарваа бодол санааг эх оронч биш гэж үзэж байхад Ж.Вентура энэ алхам, АНУ-ын удирдлага, Ерөнхийлөгч Жорж Бушийг ч шүүмжлэхээс жийрхдэггүй байжээ.
Телевизээс Вентура халагдсан нь түүнийг улс төрийн замналаас ухраасангүй. Тэрбээр улс төрийн онол судлах ажилд ханцуй шамлан орж, хэд хэдэн ном бичсэнээс гадна 2004 онд Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын салбарт энэ сэдвээр лекц ч уншив. Ж.Вентура Америкийн өнөөгийн байр байдалд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг хүн. Түүний хандлага ерөөс их өргөн хүрээтэй. Америкийн ард түмэн сонгодоггүй, бас эрх баригчдаа хянаж чаддаггүй гэж үздэг. Янз бүрийн түвшний сонгуульд ялагчийг томоохон корпорацууд л хаалттай хаалганы цаана тодруулж байдаг. Хоёр том нам байгаа нь ердөө хуурмаг хоосон зүйл гэдэгт тэрбээр эргэлздэггүй. Америкийн корпорацууд бүгд найрамдахчуудыг ч, ардчилагчдыг ч нэгэн зэрэг санхүүжүүлж байдаг. Асар их мөнгөгүйгээр Америкт сонгуульд ялах боломж бараг л байхгүй. Ийм нөхцөлд корпорацууд жирийн иргэдийн нуруун дээр хяналтгүй зайдлахад нь л туслахын тулд хууль тогтоогчид боломжтой хийгээд боломжгүйг ч хийхээс аргагүй байдаг. Америкийн хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд мөн томоохон корпорацуудад харьяалалтай байдаг нь санаанд үл нийцэх нэр дэвшигчийг зайлуулахад тус болдог байна. Ж.Вентура ийн үздэг. Түүний бодлоор бусад орноос АНУ өөрийн цэргийг гаргаж, цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт санаанд багтамгүй их мөнгө зарцуулж байдгаа болих ёстой аж. Ингэснээр боловсрол, эрүүл мэндийн салбарт хуваарилах мөнгө “сулрах” төдийгүй дэлхийд бий болсон Америкийн аймаар дүр төрхийг өөрчилж, дайсных нь тоог ч цөөлнө гэж боддог.

Мөн иргэдийнхээ хувийн амьдралд оролцох, түүний дотор Үндэсний аюулгүй байдлын агентлагийн техник хэрэгслийг ашиглан иргэдээ тагнаж чагнахаас төр татгалзаж, тусгай албадын бүрэн эрх, санхүүжилтийг нь багасгахыг тэрбээр шаарддаг. Хэлэх үгэндээ Вентура гойд хянамгай ханддаг ч 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны талаарх албан ёсны дүгнэлт, сэтгэл мэдрэлийн өвчтэй нэг этгээд Жон Кеннедийг алсан гэдэгт итгэдэггүйгээ нуудаггүй. АНУ-ын Засгийн газрыг дэлхийн хэдхэн зуун баян гэр бүлийн гарт тоглоом болж байдаг гэж бас хардана. Иймэрхүү үзэл бодолтой хүмүүст Америкийн хэвлэл мэдээллийн голлох хэрэгслүүд тоомжиргүй ханддаг, зарим тохиолдолд хардаж сэрдэх нь ч бий. Гэлээ ч Ж.Вентура телевизийн дэлгэцнээс салдаггүй гэж болно. Яагаад гэвэл яриа өдөөх түүний түрэмгийдүү байдал үзэгчдэд таалагддаг. Тэр бас хэнтэй ч хэл амаа ололцож чадна. Үзэл бодол нь баруунтан, зүүнтний алиных нь ч санаанд нийцнэ. Эцэст нь Вентура ер зүгээр суудаггүй хүн. Ном бичнэ, байсгээд л телевизээр нэвтрүүлэг хөтөлнө, тэр нь удалгүй хаагдана, тэгснээ эрх баригчидтай заргалдаж шүүхийн хаалга татна. Тэгэхдээ Америкт сүүлийн үед үзэгдэх нь ховордоод буй. Тэрбээр нэг жилийн хагасыг нь Мексикт өнгөрөөдөг болсоор найман оны нүүр үзэж байгаа. Өөрийнх нь хэлснээр бол наранд нь ясаа бүлээцүүлэх гэж Мексикийг зорьдоггүй, харин Америкт газар авсан эрх чөлөөгүй байдлаас зугтаж ийш ирдэг аж.
2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож зөвхөн арьсны өнгөөрөө Жорж Бушээс ялгардаг Барак Обамагийн суудлыг эзлэхээр төлөвлөж буйгаа Вентура 2013 онд зарласан юм. Өөрөө Ерөнхийлөгч болбол мэдээллийн хэрэгслээр танхайрагч, өдөөн хатгагч хэмээн Америкт нэрд гарсан радиогийн хөтлөгч Говард Стернийг Дэд ерөнхийлөгч болгох хүсэлтэй гэсэн. Энэ хоёр хүн өөрсдийнхөө ялах боломжтой, эсэхийг бас тандаад амжжээ. Вентура нь шүтлэггүй, Стерн нь еврей үндэстэн аж. Нөгөө талаар хоёул аль нэг намд харьяалалг үй гэнэ. Ж.Вентура нэрээ дэвшүүлэхдээ бүх 50 муж улсад санал авах хуудсанд нэрийг нь бичсэн байх, мэтгэлцээнд оролцохыг зөвш өөрөх гэсэн хоёр болзол тавьжээ. Тэгэхдээ одоо бол ялах талаар ярих нь битгий хэл нэрийг нь дэвшүүлэх, эсэхийг ч таамаглахад эрт байна. Гэхдээ Миннесота мужийн амбан захирагчийн сонгуульд оролцсон байдлаас нь үзэхэд түүнийг дутуу үнэлж боломгүй. Тэрбээр эрх мэдэлд хүрч чадвал илчлэх үйл ажиллагаагаараа Засгийн газарт ихээхэн түвэг учруулсан Брэдли Меннинг, Эдвард Сноуден хоёрыг юуны түрүүнд өршөөнө гэж амлаад байгаа. Шоронд байгаа Меннинг Ж.Вентурад тусалж чаддаггүй юм гэхэд Э.Сноудений гарт буй одоохондоо хүмүүсийн сонорт хүргээгүй нууц материалууд 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр зохих нөлөө үзүүлж магадгүй л юм. “The Guardian” сонины нотолж буйгаар Сноудений олж авсан материалуудаас хамгийн сонирхолтой нь далд байгаа аж.
И.РЭНЧИНХАНД