.jpg)
Малайзын иргэний агаарын тээврийн MH370 нислэгийн дугаартай, “Боинг 777-200” загварын онгоц ор мөргүй алга болоод зургаа хонож байна. Сураггүй болсон онгоцыг эрэх ажилд арваад улсын онц байдлын албаныхан оролцож байгаа ч өнөөг хүртэл тодорхой ул мөр олсонгүй. Онгоц хяналтын төвтэй холбоо тасарснаасаа хойш замаасаа гарч, бараг дөрвөн цаг ниссэн байх магадлалтай гэж Америкийн иргэний нисэхийн мэргэжилтнүүд үзэж байгаа тухай “Wall Street Journal” сонинд нийтлэгдсэн нь онгоцтой холбоотой элдэв таамгаас олны анхаарлыг хамгийн их татаж байна. Тус сонинд хандсан нэрээ нууцалсан хоёр шинжээч онгоцны хөдөлгүүрийг мэдрэгч газар дээрх тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар ийм таамаг дэвшүүлсэн гэнэ. Хэрэв энэ нь үнэн болох нь батлагдвал эрлийн ажлыг бүр ч ээдрээтэй болгож, сунжруулах юм. Гэхдээ дээрх таамгийн талаар аль ч улсаас албан мэдээ ирээгүй байна.
Хятадын албаныхны сансрын хиймэл дагуулаар авсан хэд хэдэн гэрэл зургаас Вьетнам, Малайзын шинжээчид онгоцны хэсэг байх магадлалтай гурван цагаан зүйл Өмнөд Хятадын тэнгист хөвж байхыг олжээ. Гэхдээ хориод метрийн голчтой тэдгээр эд алга болсон онгоцных мөн эсэх нь одоогоор тогтоогдоогүй байна. Зураг дээрх цагаан зүйлс MH370 нислэгийн дугаартай онгоцтой хамгийн сүүлд холбогдсон цэгээс 250 км-ийн зайд олдсон бөгөөд эрлийн багийнхан тэнд дөхөж очоод ч өөр зүйл олоогүй аж.
Куала-Лумпур хотоос Бээжинд хүрэх байсан уг онгоцонд явсан 239 хүний 153 нь Хятадын иргэн юм. Тус улсын Гадаад хэргийн яам Малайзийн албаныхныг өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл цацсан, зорчигчдын ар гэрийнхнийг мэдээллээр хангахгүй байна хэмээн шүүмжилсэн байна. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян Бээжин хотод зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзаж, онгоцонд юу тохиолдсоныг ямар ч хамаагүй аргаар тогтооно гээд найдвар тасраагүй цагт эрлийн ажлыг үргэлжлүүлсээр байх болно гэжээ.
Г.ЛХАГВА