АНУ-ын Конгрессийн доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын гишүүд Ерөнхийлөгч Барак Обамаг шүүхэд өгөх тухай тогтоолын төслийг баталжээ. Тэд Цагаан ордны тэргүүнийг өөрийн санаачилсан эрүүл мэндийн салбарт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө Конгрессоор батлуулахын тулд Үндсэн хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна.
Б.Обамаг шүүхээр шалгуулах хүсэлтийг Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд гаргасан бөгөөд танхимын 225 гишүүн тогтоолыг дэмжиж, 201 нь татгалзсан аж. Ерөнхийлөгч энэ явдлыг “Цаг үрсэн ажил” хэмээгээд “Улс төрийн явуулга болох нь бүгдэд ил байна” гэжээ. Харин Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнер “Намуудын талцал үүнд хамаагүй. Бид зөвхөн Үндсэн хуулиа хамгаална” гэсэн байна. Энэ нь АНУ-ын түүхэнд парламентын гишүүд Ерөнхийлөгчийнхөө эсрэг зарга үүсгэсэн анхны тохиолдол гэнэ.
Б.Обамаг төрийн хэргийг утсаар явуулдаг, богино хугацаанд өөртөө ашигтай олон хууль баталсан гэсэн шүүмжлэл өнгөрсөн нэгдүгээр сараас хойш олонтаа гарч байж. Гэхдээ төрийн тэргүүн болсноосоо хойш буюу өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тэрбээр 183 зарлиг баталсан нь Жорж Буш, Рональд Рейган нарынхтай харьцуулахад цөөхөн аж. Б.Обамаг Дээд шүүхээр шүүх, эсэхийг Конгрессийн дээд танхим буюу Сенатын гишүүд шийднэ.
Г.ЛХАГВА