БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, хилийн дагуу 0243-р ангийн байгуулсан 97 км түймрээс хамгаалах зурвасыг хүлээн авч, тус ангид цаашид сэргээх, арчлах үүрэг хүлээлгэв. Тус анги 30 сая төгрөгийн санхүүжилтээр түймрээс хамгаалах 10 метрын өргөн зурвасыг шинээр байгуулсан бөгөөд цаашид 250 км зурвас байгуулах юм.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Жил бүр 200 мянган га ой түймэрт өртөж байна. Үүнээс хамгаалах хамгийн том ажил нь түймрээс хамгаалах зурвасыг хилийн дагуу байгуулах юм. Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгийн хилийн дагуу 400 км зурвас байгууллаа. Энэ нь Улаанбаатараас Сэлэнгэ аймаг орох хэмжээний газар гэсэн үг. Өнөөдөр Сэлэнгэ аймагт байгуулсан 97 км зурвасыг хүлээн авч, хариуцуулж өглөө. 0243-р ангийнхан сэтгэл гаргаж, бага санхүүжилтээр их ажлыг чанартай гүйцэтгэсэн байна. БОНХЯ-наас энэ ажлыг дэмжин үргэлжлүүлнэ” гэж ярилаа.
Сүүлийн жилүүдэд Монгол Оросын хил дагуух бүс нутгаар гарах ой, хээрийн түймрийн давтамж ихэсч, хил орчмын байгаль экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол үзүүлж байгаа ажээ.. 2012-2014 онд ОХУ-ын талаас 19 удаагийн ой, хээрийн түймэрт нэг сая орчим ой, бэлчээр шатаж, 365 сая гаруй төгрөгийн хохирол учруулжээ. Харин түймрийг унтраахад 54.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Улсын хэмжээнд жилд гарч байгаа нийт түймрийн 20 хүртэлх хувь нь ОХУ-аас хил дамжин орж ирдэг аж. Хил дамжин орж ирдэг түймрээс сэргийлэх зорилгоор БОНХЯ Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах “санамж бичиг”-гийг энэ оны гуравдугаар сарын 06-ны өдөр байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд 2013-2016 онд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод аймгийн хэсгийн хилийн шугамын дагуу 1000 гаруй км түймрээс хамгаалах зурвасыг шинээр байгуулахаар төлөвлөлөө Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 км-т түймрээс хамгаалах зурвас байгуулаад байна. Ирэх жилүүдэд үлдсэн 80 хувийг гүйцэтгэнэ. Энэ ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд орон нутаг болон ХХЕГ-т зурвас байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа ажээ.
Энэхүү зурвас нь зөвхөн түймрээс хамгаалах бус Монгол Улсын дархан байдлыг илтгэх тусгаар тогтнолын зурвас гэж нэрлэж болох аж. Хилчдийн ярьснаар тус зурвасыг мөр хянах зурвас гэж нэрлэх бөгөөд хилийн зөрчлийн толь болдог гэж онцолсон юм.
м.БОЛОРЦЭЦЭГ