Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний III чуулган өчигдөр “Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол” сэдвийн дор болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулганаар тусгай хамгаалалттай газар нутгийн үр өгөөжийг тодорхойлох талаар дэлхийн чиг хандлага, Монголын Засгийн газраас баримталж буй бодлого, тусгай хамгаалалтад авахын үнэ цэнэ, ач холбогдлын талаар оролцогчид илтгэл тавьж, санал солилцов. Монгол Улсын газар нутгийн 17.4 хувь буюу 27.2 сая га нь өдгөө тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байна. 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай болж, 99 газрыг дээрх ангилалд багтаасан байна.
Олон улсын чиг хандлагаас үзвэл дэлхийн хамгийн том 10 хотын гуравны нэг нь ундны усаа тусгай хамгаалалттай газар нутгаасаа авч хэрэглэдэг гэнэ. Тухайлбал, Танзани улс Сирэнгэтийн паркаа түшиглэн олсон орлогоороо улсын төсвийнхөө 50 хувийг бүрдүүлдэг байх жишээтэй. Харин манай улсад тусгай хамгаалалттай газрыг түшиглэн хөгжиж буй салбаруудаас аялал жуулчлал л ердөө нэг хувийг эзэлдэг байна. Тусгай хамгаалалттай газар нутагт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр дээрх улсуудын хэмжээнд очих бүрэн боломжтойг ч албаны хүн хэлэв. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 2012 онд тусгай хамгаалалттай газар нутгаас үр өгөөж хүртэж буй салбаруудын эдийн засгийн үнэлгээг тооцон гаргажээ. Үүгээр манай улс газар тариалан 197.2, ундны ус 123.9, аялал жуучлалын салбар 20.9 тэрбум, мал аж ахуй 1.05 их наяд төгрөгийн үр өгөөж хүртдэг гэсэн дүгнэлт хийсэн байна.
Д.БАТСҮРЭН