Монголчуудын нэг бахархал, өнө эртнээс идээшин дасаж, амьдарч ирсэн үндсэн сууц бол гэр. Үүсэл гарлыг нь хөөж үзвэл 3000 гаруй жилийн өмнөх түүхтэй гэдэг. Нүүдэлчдийн амьдралд хамгийн сайн зохицсон монгол гэр бүтэц, зохиомжийн хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэтчилэн олон давуу тал бий. Харин төдийгөөс өдий хүртэлх энэ урт хугацаанд огт байхгүй явж ирсэн, тэгсэн атлаа зайлшгүй тулгамдсан асуудал болсон ариун цэврийн байгууламжийн тухай бид мэддэг атлаа төдийлэн ярьдаггүй. Дэлхийн жуулчид Улаанбаатарыг, Монголын байшин барилгуудыг үзэх гэж манай улсыг зорьдог гэвэл мэдээж өрөөсгөл. Монголын нүд алдам тал нутаг, үзэсгэлэнт онгон байгаль, нүүдэлчин амьдралын хэв маяг, монгол гэрийн барааг харах гэж хаа байсан холоос хэтэвчээ дундлан байж ирдэг шүү дээ. Тэгвэл жуулчдыг татах нэг хөшүүрэг болсон монгол гэр маань зарим талаараа тэдэнд тун базаахг үй сэтгэгдэл төрүүлдэг нь ариун цэврийн байгууламжгүйтэй холбоотой. Шөнө дөлөөр гадагш гарч, бие засна гэдэг гаднынхны хувьд санаанд багтамгүй зүйл бөгөөд гараа угаах, усанд орохоос өгсүүлээд бэрхшээл бий. Түүнээс гадна байгалийн үзэсгэлэн бүрдсэн, тусгай хамгаалалттай газруудад хаа сайгүй модон амбаар босгож, байгалиа бохирдуулсаар байгаагаа анзаарах цаг болсон. Тэгвэл монгол гэрийн үндсэн хийц, архитектурыг өөрчлөхгүйгээр ариун цэврийн байгууламж, цэвэр бохирын системийг шийдэж болдог ажээ. Гурван өөр янзаар ийм шийдэл хийсэн жуулчны баазуудыг танилцуулж байна. Зөвхөн жуулчны баазуудад гэлтгүй, энэ туршлагыг гэр хороололд ч нэвтрүүлж болно гэдгийг тэд хэлж байна.
ДООД ДАВХАРТАА АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨТЭЙ ГЭР



Монгол Улсын зөвлөх инженер, ШУТИС-ийн докторант, Т.Даваасүрэн гуай энэ чиглэлээр сүүлийн долоон жил судалгаа хийж буй бөгөөд хэний ч санаанд ормооргүй энэхүү содон шийдлээр хоёр жилийн өмнө Тэрэлж дэх “Өнөр” жуулчны баазынхаа 13 гэрт ийм байгууламж хийсэн ажээ. Таны зураг дээрээс харж байгаачлан гэрийн баруун хатавчнаас ариун цэврийн өрөө рүү орох доошоо буусан шат байх бөгөөд доод давхартаа томоохон өрөө гаргаж, суултуур, ванн суурилуулжээ. Түүнчлэн гэрийн гал тогооны угаалтуурыг халуун, хүйтэн устай холбож өгсөн байна. “Нэг өрөө байрнаас хэд дахин хямд өртгөөр, орон сууцтай адил тав тухтай орчинд амьдрах бололцоог иргэдэд олгож буй” хэмээн Т.Даваансүрэн гуай энэхүү байгууламжаа танилцуулсан.
Өвөлдөө жуулчдын тоо цөөн, ачаалал багатай байдаг тул ид хүйтэн үед гэрүүдээ хураачихдаг юм байна. Гэрийн доор байх ариун цэврийн өрөө нэлээд том талбайтай төдийгүй дундуур нь тасалгаа гаргаад наад хэсэгт нь хувцасны шкаф бас бус зүйл байрлуулчихмаар зайтай юм билээ. Нялх хүүхэдтэй, настай хүмүүстэй айл гэртээ ийм байгууламжтай болчихвол тун амар санагдсан. Т.Даваасүрэн гуай “Монгол гэрийн ариун цэврийн байгууламж” нэртэй энэ бүтээлээ патентжуулсан гэсэн. Гэрийн доор 2.5 тоннын багтаамжтай цэвэр усны савыг суурилуулснаар зөөврийн усны хэрэглээг хялбарчилж өгчээ. Хэрэглээнээс гарах бохирыг инженерийн шугам сүлжээнд холбож, зургаан тоннын багтаамжтай цооногт унаган Германы Ака Пур цэвэрлэгээний төхөөрөмжөөр цэвэрлэх юм байна. Цэвэрлэгдсэн саарал усаа жорлон болон ногоон байгууламжийн усалгаанд ашиглаж болох гэнэ. Уг ариун цэврийн байгууламж бүхий гэрийг зөвхөн жуулчны баазуудад төдийгүй гэр хорооллын айлууд, гэр цэцэрлэг, уул уурхайн гэр кэмп болон малчид ч ашиглах боломжтой юм байна. Хамгийн гол нь энэхүү шийдэл нь хөрсний бохирдлыг багасгаж халдварт өвчний тархалтыг бууруулж, цэвэр усны санг бохирдохоос хамгаалснаараа байгальд ээлтэй эко технологи болсон гэдгийг тэрбээр хэлж байна.
ДӨРӨВ, ТАВАН ГЭРИЙГ ХОЛБОСОН ШИЙДЭЛ




“Нью жуулчин” группийн харьяа, Тэрэлж дэх “Алунгоо” жуулчны баазынхан өнгөрсөн хавраас 26 гэрээ орчин үеийн тохилог зочид буудлаас ялгарах юмгүй, инженерийн байгууламжтай болгожээ. Гэрийн үүдээр ороход гэрийн зүүн хэсэгт хальт харсан хүнд шкаф юм уу гэмээр хаалт тавьсан бөгөөд хаалтны ард хаалга байх аж. Хаалгаар ороход зочид буудлын ариун цэврийн өрөөнд ороод ирэв үү гэмээр шил толь болсон тохилог өрөө угтав. Суултуур, угаагуур, мөн шилэн хаалт бүхий босоо шүршүүртэй юм. Энэ байгууламжийн онцлог нь 3-5 гэрийг холбон, дунд нь гэр хэлбэртэй байшин барьж, түүндээ сантехникийн шугамуудыг нь нэгтгэн холбож өгсөн байна. Гадна талаас нь харахад нэг дор бөөгнөрсөн 4-5 гэр мэт харагдах аж. “Нью жуулчин” группийн ерөнхийлөгч Ш.Нэргүйтэй уулзаж, энэ шийдлийн талаар сонирхсон юм.
-Дөрөв, таван гэрийг холбож, дунд нь инженерийн байгууламжийг нь хийж өгсөн байна. Анх энэ санааг яаж олсон бэ?
-Манайх аялал жуулчлалын байгууллага учраас жуулчдын тав тухтай байдлыг яаж хангах вэ гэж олон янзын судалгаа хийсэн. Хэд хэдэн төрлийн гэрийг бид хийж үзсэн. Голдуу суурин маягийн гэрт яаж хийх вэ гэж ярилцаад энэ шийдлийг олсон. Ханыг нь бэхлэх л гол асуудал байсан. Бид ямар нэгэн байшин бариад холбох байгууламж хийхээс татгалзсан. Яагаад гэхээр аялал жуулчлалын байгууллага учраас ерөнхийдөө монгол гэрийнхээ ерөнхий хэв шинжийг хадгалъя гэж зорьсон. Үндсэндээ гэр маань хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Нэг нь монгол гэр хэвээрээ, шинээр барьж байгаа ариун цэврийн өрөөний хана таазыг мод, бусад материалаар хийсэн. Гаднаасаа харахад бол гэр шиг. Зундаа соруулчихдаг, бохирын системтэй. Бид энэ жил Өмнөговьд шинээр “Говийн наран” гээд жуулчны бааз байгуулсан. Энэ баазын хувьд мөн инженерийн байгууламжийг нь иж бүрнээр шийдсэн. Хоёр гэрийг хооронд нь холбож, дунд нь тус тусад нь ариун цэврийн өрөө гаргасан.
-Танай энэ шийдлийг гэр хорооллын айлуудад нэвтрүүлж болох уу?
-Бүрэн боломжтой. 4-5 айлыг холбосон байдлаар шийдэж болно. Гэрүүд нь манай баазынх шиг нэг дор бөөгнөрсөн биш, хоорондоо зайтай байж болно. Дунд нь төвлөрсөн дулаан хангамжийн систем хийгээд өгчихнө. Хүйтэн халуун ус, бойлуурын системтэй. Таван гэрийн дунд нэг бойлуур байхад үнэ нь ч харьцангуй хямд гарах юм билээ.
-Зардал нь хэд орчим болох вэ?
-Шүршүүрийн систем нь ямар байхаас шалтгаална. Шүршүүргүй, дулаан, бохирын системтэйгээр таван гэрийн дунд хийхэд ойролцоогоор тав орчим сая төгрөг болно.
ХОЁР ГЭРИЙН ДУНДАХ БАЙГУУЛАМЖ



“Эрхэт трейд” компанийн “Эрхэт сүлд” жуулчны баазынхан жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн цэвэр халуун устай, ариун цэврийн өрөөтэй монгол гэрийн шийдлийг бий болгосон анхны амралтын газар юм. “Буянт-Ухаа” спорт цогцолбороос чанх урагш, Тайны аманд байрлах тус бааз 2006 онд анх байгуулагдахдаа л 20 гэрийг ийн тохижуулсан аж. Зураг дээрээс та харж байгаа байх. Хоёр гэрийг холбон дунд нь жижиг байшин гаргасан бөгөөд тэр нь ариун цэврийн өрөө юм. Гэхдээ гэр тус бүр 00-ийн өрөөтэй гэсэн үг. Гүний худгаас насосоор шахаад усаа авчихдаг, гэр болгондоо автомат ус халаагч системтэй гэнэ. “Манайх энэ гэрүүдээ өвөл ажиллуулах бүрэн боломжтой. Харин өвлийн улиралд ачаалал бага, автоматаар усаа халаадаг болохоор цахилгааны төлбөр өндөр гардаг. Тиймээс өвөлдөө гэрүүдээ ажиллуулдаггүй” хэмээн жуулчны баазын менежер А.Чимэдцогзол ярив. Гэрүүдээс 300 метрийн зайтай бохирын цооногтой, зундаа соруулчихдаг ажээ.
Г.ГЭРЭЛ