Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш яг нэг сар, зургаан хоногийн дараа бид Алтанбулагийн боомтоор хил гарч Улаан-Үдэд очлоо. Замдаа Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн захаар орж, наймаачид болон үйлчлүүлэгчтэй ярилцаж, визгүй зорчдог болсноос хойш ямар өөрчлөлт гарч байгааг асууж тодруулсан юм. Дархан-Уул аймгийн төв захад орос бараа дагнан зардаг хүн ховор ч ОХУ-аас авчирсан хүнсний бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан авч жижиглэнгээр борлуулдаг лангуу цөөнгүй байв. Тэдний хувьд онцгой өөрчлөлт гараагүй гэлээ. Рублийн ханш буурч байгаа ч гэсэн худалдан авдаг барааных нь үнэ хямдраагүй гэнэ. Харин тэмээний ноосон хантааз, оймс, цамц зардаг наймаачдад нэлээд ашигтай байгаа аж. Тодруулбал, Улаан-Үдийн буриадууд өөрсдөө ирээд барааг нь бөөндөж авдаг болжээ. Тэднээс тэмээний ноосон хантаазыг 37.000 төгрөгөөр аваад Улаан-Үдэд 70 орчим мянган төгрөгөөр худалддаг аж. Түүнчлэн Монголын үйлдвэрийн оймс, архийг буриадууд авдаг тухай тэд ярьж байсан юм. Сэлэнгэ аймгийн захаар орж өмнөхөөс өөрчлөгдсөн зүйл олж харсангүй. Тэр ч бүү хэл орос чихэр худалддаг хүмүүс нь гэрээтэй компаниасаа л бөөнөөр авдаг учраас визгүй зорчиж, хүн болгон хилээр нэвтрэх болсон энэ үед үнийн өөрчлөлт гараагүй тухай хэллээ. Сэлэнгэ аймгийнхан өмнө нь цагаан хуудсаар хил нэвтэрч, орос хүнс худалдаж авдаг байсан учраас хүнсний зах дээр нь орос сала, гахайн мах, хиам, молоко зэрэг хүнсний бүтээгдэхүүн элбэг байв.
ХИЛИЙН ТҮГЖРЭЛ
Эрээний боомтоор хил гарахын тулд УАЗ 469 машинууд ар араасаа дугаарлан зогсож байдаг танил төрхийг Алтанбулагт очоод олж харлаа. Дархан-Уул аймгийн зах дээр таарсан нэгэн худалдаачин хойшоо хил давахын тулд өглөөний 06.00 цагт очиж дугаарлаад өдөр 15.00 цагт гарсан хэмээн ярьсан нь үнэн байв. Хилийн шалган нэвтрүүлэхийн үүдэнд дугаарласан машинууд хэдийнэ түгжрэл үүсгэж, зарим хүн өглөөний 05.00 цагт ирсэн ч тэр өдөртөө гарч чадах эсэхдээ эргэлзэж байв. Монголын хил гаалийн ажилтнуудтай уулзаж, энэ тухай тодруулахад “Бид энэ ачааллыг даах боломжтой. Харин ОХУ-ын талынхан нэг машиныг хэтэрхий удаан шалгаж хил нэвтрүүлдэг” гэсэн зовлон тоочиж байсан юм. Өмнө нь өдөрт 450-500 иргэн, 150 орчим машин хилээр гардаг байсан бол одоо 1500 хүн хил гарахаар дугаарлаж байна. Ачаалал 3-4 дахин нэмэгдсэн ч хилийн боомтод ажиллаж байгаа албан хаагчдын орон тоо нэмэгдээгүй, боомтыг өргөтгөөгүй нь хамгийн том асуудал болжээ. Олон жилийн турш яриа хэлэлцээ хийсээр хоёр улсын иргэдийг харилцан визгүй зорчуулах асуудлыг аравдугаар сард шийдвэрлэж, арваннэгдүгээр сарын 14-нөөс хэрэгжүүлж эхэлсэн. Харамсалтай нь, үйл ажиллагааны уялдаа холбоо алдагдаж орон тоогоо нэмэгдүүлж, боомтоо өргөжүүлэх зэрэг бэлтгэл ажил огт хийгээгүй аж. Саалиа бэлдэхээр саваа бэлд хэмээн монголчууд ярьдаг. Харин бид хаалгаа нээхээсээ өмнө хэмжээг нь томруулаагүйн улмаас хүмүүс чихэлдэж, урт дараалал бий болж бухимдал үүсэж байгаа нь энэ. Нэг хүн багтаад гардаг байсан монгол гэрийн жижиг хаалгаар гурван хүн зэрэг гарах гээд муйхарлаад байгаагаас ялгаа алга. ОХУ хилийн боомтоо өргөтгөх ажлаа эхлүүлээд байгаа юм билээ. Таван урсгалтай замаар хил нэвтрүүлэх шинэ боомтын барилгын ажил хүйтний улирлаас шалтгаалан түр зогсчээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын үеэр манай улсын Ерөнхийлөгч “Одоо иргэддээ хил гаалийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлж, хоёр талын боомт гарцыг шинэчилж, заримынх статусыг олон улсын зэрэглэлд хүргэх талаар ажиллах хэрэгтэй байна” хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн ч манай Засгийн газраас Алтанбулагийн боомтыг шинэчлэх, өргөтгөх талаар ямар нэг шийдвэр гаргаагүй l байна.
ҮНИЙН ӨСӨЛТ
ОХУ-ыг зорьсон монголчууд цааны годон гутал, үслэг эдлэл худалдан авахыг хүсдэг. Тэгвэл харилцан визгүй зорчиж эхлэхээс өмнөхөн 9000 рубль (одоогийн ханшаар 306.000 төгрөг) байсан “Унты” өдгөө 17.000 рубльд (одоогийн ханшаар 578.000 төгрөг) хүрчээ. Рубль хямдарсан нь монголчуудад таатай байгаа ч Улаан-Үдийн наймаачид эрэлт нэмэгдсэнийг далимдуулан ийнхүү гутлынхаа үнийг хөөрөгджээ. Гутлын наймаачид үйлчлүүлэхээр очсон хүмүүст бараагаа танилцуулах гэж ч хичээхгүй байлаа. Учир нь Монголоос ирдэг тэдний түнш нь олон тоогоор худалдан авдаг тул санаа зовох зүйл үгүй болжээ. Орос хүнсэнд дуртай монголчуудад Улаан-Үдийн зах, супермаркетуудаас худалдаж авах зүйл олон байв. Монголд 17.000 төгрөгийн үнэтэй байдаг сыр тэнд 10.000 төгрөг, орос чихрийн үнэ Монголд зардгаас даруй 4000-5000 төгрөгөөр хямд байсан юм. Хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнийг өргөн сонголттой худалдан авах боломжтой учраас тус хотын захаар үйлчлүүлж буй хүмүүсийн олонх нь монголчууд байв.
Улаан-Үдэд амьдарч байгаа танил маань “Ажлын өдрүүдэд ч зах хүн ихтэй байх болсон. Тэдний ихэнх нь монголчууд” хэмээн ярьж байлаа. Эрэлтээ даган бий болсон үнийн өсөлтийг монголчууд хазаарлаж чадахгүй ч хэтэрхий туйлширч, ОХУ-д бүх зүйл хямд байгаа мэтээр төсөөлөн мөнгөө ийшээ урсгах нь зөв зүйл биш. Тэгээд ч эх орноосоо орлуулан авч болох зүйлсийг хүртэл тэндээс авах гэж мэрийх шаардлагагүй. Улаан-Үдийн брэнд болсон бүтээгдэхүүнүүдээс бусад нь бүгд л хятад шошготой байсан. Ялангуяа, ОХУ-д очсон хэрнээ жимсний лангуун дээр хятад шошигтой бэрсүүт жүрж, алим байхыг хараад гайхлаа. Бид Эрээний барааг Улаан-Үдээс авах гэж очиж байгаа мэт л сэтгэгдэл төрсөн. Хил гараад хамгийн түрүүнд харсан таатай зүйл бол шатахууны үнэ байв. Алтанбулагт нэг л нь 1690 төгрөгийн үнэтэй байсан АИ92 хил гаруут 1160 орчим төгрөгөөр борлуулж байсан юм. Сэлэнгийн иргэд хил гараад шатахуунаа хийчих боломжтой болсон юм билээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН УЛИРЛААС УРЬТАЖ БЭЛТГЭЛЭЭ БАЗААХСАН
Хүнс, бараа худалдан авахаар бус Итгэлт хамбад мөргөхөөр Улаан-Үдийг зорьж яваа монголчууд ч олон таарсан. Визгүй зорчих болсон нь ч тэдэнд таатай санагдаж байгаа нь илт. Олны гайхашралыг төрүүлдэг энэ хийд рүү засмал зам тавьчихсан учраас хувийн машинаараа ч ирэх боломжтой. Харин монголчуудад даатгалын үйлчилгээ нэлээд чирэгдэл учруулдаг аж. Алтанбулагт ОХУ-ын даатгалын компани салбараа нээгээгүй хэрнээ даатгал хийлгээгүй машин хил нэвтэрсний дараа тус улсын замын цагдаа нар зогсоож торгодог гэнэ. Хоёр улсын зохих шатны албан байгууллагууд энэ талаар гэрээ хэлэлцээр хийж, иргэддээ чирэгдэл учруулахгүй ажиллах нөхцөлийг бий болгох нь чухал байгаа юм.
Ирэх зун тус улсынг зорих монгол жуулчдын тоо нэмэгдэх нь дамжиггүй. Үзэсгэлэнд Байгал нуур, Итгэлт хамбын хийдийг үзэхийг хүссэн хүмүүс цаг агаар дулаарахыг л хүлээж байгаа болов уу. Өдгөө өдөрт 1500 орчим монгол хүн хилийн дээс алхаж байгаа бол энэ тоо нэмэгдэх нь хэдийнэ ойлгомжтой болсон. Тиймээс хилийн боомтоо өргөтгөж, ажиллах хүчээ нэмэхгүй бол энэ түгжрэл буурахгүй нь.
Ж.СОЛОНГО