Сүүлийн жилүүдэд гэр хороолол гэлтгүй хотын төвийн хаа сайгүй золбин ноход сүргээрээ явдаг болсон. Зөвхөн нийслэлийн хэмжээнд л гэхэд 300 гаруй мянган золбин нохой байдаг гэх тоон мэдээлэл байна.
Хаа нэгтээ харанхуй гудамжаар гэр рүүгээ явах иргэд золбин нохдоос айж, зарим нь гэмтэж, бэртэх тохиолдол нийслэлд олон. Гэсэн ч тэр бүр гомдол гаргадаггүй, гэрээрээ эмчилгээ хийлгээд л өнгөрдөг.

Гудамжны нохдод хазуулсан иргэдийн 70 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүд байдаг аж. Нохойд уруулснаас болж гар хуруугаа тайруулах тохиолдол ч цөөнгүй. Хэдхэн жилийн өмнө нь л гэхэд Дархан –Уул аймгийн “Майхан толгой”-д нэгэн эмэгтэй рүү найман нохой дайрч толгой, гар, нуруунд нь хүнд гэмтэл учруулснаас болж түүнд 70-80 оёдол тавьсан талаарх мэдээлэл олон нийтийг сэртхийлгэж байсан. Улангассан ноход хохирогчийг нүүр нүдгүй хазаж, хүнд шарх үлдээсэн байдаг. Нохойны шүлсэнд галзуу өвчний нян бий учраас заавал вакцин хийлгэхгүй бол хазуулсан хүн галзуу өвчин тусах магадлал өндөр аж.


Хүн рүү дайрсан ноход ихэнх тохиолдолд эзэнгүй золбин байдаг гэвэл өрөөсгөл юм. Учир нь гэр хорооллын айлууд нохойгоо уялгүй сул тавьчихаад хаалгаа онгорхой орхичихдогоос болж нохой нь хүн рүү дайрч, гэмтээх нь ч бий.

Нохойд уруулчихаад цагдаад дуудлага өгч болдог ч ихэвчлэн айлтайгаа тохиролцчих гэсэн хариу өгдөг аж. Харин тухайн айл “Бид нохойгоо үргэлж уядаг, яасан ч айлын хүүхэд урахгүй” гэсэн тайлбар өгдөг тухай ГССҮТ-д нохойд уруулснаас болж хэвтэн эмчлүүлж буй иргэд ярьж байв.

Үүний ард хохирогчийн тэр үеийн айдас, бие махбодь, сэтгэл санааны хохирлын тухай дурсах ч үгүй. Цаг агаарын мэдээ шиг байдаг л зүйл болчихсон энэ хэргийг онцгойлон авч үзэж, хуулийн зохицуулалт хийх цаг хэдийнэ болжээ.
Бид энэ талаар тодруулахаар ГССҮТ-ийг зорилоо.
Сүүлийн өдрүүдэд нохойд хазуулсан тохиолдол олон гарлаа гэж ГССҮТ-ийн эмч нар ярисан юм.
-Нохойд хазуулсан тохиодлоор хэр их хүн ГССҮТ ханддаг вэ?
-Сүүлийн үед нохойд хазуулсан шарх эрс нэмэгдэж байна. ГССҮТ-ийн хүлээн авах тасгийн нэг эмч л гэхэд өдөрт нохойд хазуулсан 5-8 хүн үздэг. Тэгэхээр өдөрт дунджаар нохойд хазуулсан шархтай 25 хүн ирдэг. Ялангуяа хүүхэд, хөгшчүүд гэр хорооллын замд нохойд хазуулах тохиолдол байна. Ихэвчлэн тэнэмэл нохдод уруулсан байдаг ч тэжээвэр нохдод хазуулсан тохиолдол ч бий. Нохойны ам бактер ихтэй байдаг учир нян цусаар дамжин хүнд халдварлах аюултай. Бас хүний арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж, судас тасрах тохиолдол бий. Ингэснээр тухайн нохойны галзуугийн вирус хүний цусанд ордог. Хүний биед вирусийн өөрчлөлт үйлчилж, галзуугаар өвчлөх магадлал ихсэж байна гэсэн үг. Энэ нь тухайн хүний биеийн дархлаанаас шалтгаалдаг. Дархлаа султай, өндөр настан, бага насны хүүхдүүд галзуугаар өвчлөх магадлалтай. Галзуугийн вирус нь мэдрэлийн эсүүдийг гэмтээж, тархины дээд мэдрэлийн системийн үйл ажиллагааг алдагдуулна. Шүлс гоожих, зан төрх, ёс суртахуунд өөрчлөлт орж илэрдэг. Илрэх нууц хугацаа гэж бий. Вирус нь хүний биед халдварлаад өөрийн үйлчлэлээ үзүүлтэлээ тухайн хүнд мэдэгдэхгүй байж болно. Ойролцоогоор 100 хоног шинж тэмдэг илрэхгүй явах нь бий. Үүний дараа дээд мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлт зэргээр өвчин илэрнэ.
-Хазуулсны дараа ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Нохойд хазуулснаас хойш богино хугацаанд вирусын эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй байдаг. 3-4 тунг хийлгэх шаардлагатай бөгөөд ГССҮТ-д эхний тунг тарьж, шархыг нь цэвэрлэдэг.
-Вакцин хийлгэхийн өмнө харшлын сорил тавих шаардлагатай юу. Тийм бол энэ сорилийг хаана хийлгэх ёстой байдаг вэ?
-Тоос, ургамал, хоол хүнсний зэрэг харшилтай хүнд вакцин хийхийн өмнө зайлшгүй сорил тавих шаардлагатай. Арьсан дотор бага хэмжээгээр тарьж, 5-10 минутын дараа харшлын урвал илэрч байгаа эсэхийг шалгадаг. Хэрвээ харшлын урвал илрээгүй бол вакцин хийж болно. Тарьсны дараа арьс улайж, тухайн тарисан хэсэгт улаан гүвдрүү гарвал харшил илэрч байна гэсэн үг юм.
-Харшлыг хаанаа тодорхойлуулах хэрэгтэй вэ?
-Вакцин тарьж буй газар тодорхойлно. ГССҮТ-д харшил тодорхойлоход их ачаалалтай байдаг учраас тодорхой хэмжээгээр уддаг. Ялангуяа шөнийн 00.00-04.00 цагийн хооронд ачаалал ихтэй байдаг.
Биднийг очиход ГССҮТ-ийн “Хүлээн авах” тасагт гэр лүүгээ орох гэж байгаад үүдэн дээрээ айлын нохойд уруулсан 15 орчим насны охин ирсэн байв. Тэрбээр “Айлууд нохойгоо уялгүй сул тавьж, хашаагаа онгорхой орхидгоос ийм зүйл боллоо. Хичээлдээ явахдаа байнга нохойноос айдаг” гэж ярив. Харин нохойны эзэн нь “Манай нохой уяатай байсан, хазуулсанг чинь хэн батлах юм бэ” хэмээн тас гүрийсэн гэнэ.
Нохойд уруулсан хүний тоо сүүлийн өдрүүдэд нэмэгдэх болжээ. Тиймээс ГССҮТ-ийн эмч С.Галт “Энэ мэтээр хүүхэд, эмэгтэйчүүд бие махбодь, сэтгэлзүйгээр хохирох тохиолдол их байгаа учраас нийгмийн үүргээ ухамсарлан нохойгоо уяж байхыг зөвлөөд, холбогдох албаныхан нь золбин нохойны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа”-г дуулгалаа. Мөн өөрсдийн тэжээвэр нохдоо вакцинд хамруулах хэрэгтэйг зөвлөв.
Өнгөрсөн долоо хоногт нохойд уруулснаар хуйх нь урагдаж, хуулагдсан том хэмжээний шархтай хоёр хүүхэд ГССҮТ-д ирсэн байна. Тэдний гавлын яс нь хугарч, хүнд гэмтсэн байсан аж.
ГССТ-д 24 цагаар цагдаа нар ажилладаг. Тухайн иргэн гомдолтой нөхцөлд шархаа үзүүлэн хэрэг үүсгэж болдог. Нохойд уруулсан тохиолдолд тухайн айлын хашаан дотор нь байхдаа уруулсан бол бусдын эзэмшилд халдсан шалтгаанаар өөрөө буруутдаг аж. Харин хашааны гадна бол нохойг сул тавьсан эзэдийн буруу юм байна.

Жил бүрийн хавар намар Нийслэлийн хот тохижилтын газраас золбин ноход, муурыг усгадаг ч тоо нь өссөөр байна. Нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 100 орчим золбин нохой устгадаг гэсэн судалгаа бий. Урьд нь нохой устгалын ажлыг Хот тохижилтын газар хариуцаж, гэрээт анчдаар энэхүү ажлыг хийлгэдэг байжээ. Харин НИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны есдүгээр сарын 3-ны өдрийн шийдвэрээр Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ыг байгуулах болсонтой холбоотойгоор өдгөө нохой устгалын ажлыг дүүргүүд нь хариуцдаг болжээ. Тодруулбал, нийслэлийн зургаан дүүрэг тус бүртээ анчдаар нохойгоо устгуулж, тооцоог нь хийдэг болсон аж. Харин нохдыг устгалд оруулах анчид олддоггүй гэдгийг хот тохижилтын мэргэжилтнүүд хэлж байлаа. Учир нь нохой, муурыг устгах нь муу ёр хэмээн үздэгтэй холбоотой юм.
Нийтэлсэн М.Болор
Гэрэл зургийг Э.Харцага