“Аяга ус алтнаас ч илүү үнэд орох цаг ирнэ”. Ийм үг цөөнгүй сонсох болсон өнөө үе олон улсад цэвэр усны хомсдол мэдрүүлж, манай оронд түүнээс суралцахыг даалгаж байна. Гамна, бас дахин гамна гэх үг устай холбоотойгоор байнга ярих болсон нь энэ.
Сүүлийн 100 жилд усны хэрэглээ хоёр, хүн амын тоо гурав дахин өсөж, дэлхий дахинд цэвэр усны хэрэгцээ огцом нэмэгдсэн. Усны хүртээмж ийн буурах болсон нь хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөх төдийгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж, байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад саад учруулж эхэлжээ.
Улс орнууд хөгжин тэлэх гэсээр усаа барчихвал тэр чигтээ сүйрч мэдэхээр байгааг нуух аргагүй болчихсон. 2030 он гэхэд дэлхийн хүн ам 8.1 тэрбумд хүрч, цэвэр усны хэрэглээ 14 хувиар нэмэгдэх төлөв бий. Үүнээс өмнө буюу 2025 онд хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн 14 хувь нь цэвэр усны нөөцөөс хамаарч, хүнс хомсдох аюултай гэсэн НҮБ-ын тооцоо ч бий.
Үүнийг “угтан” олон улсад усыг зохистой, хүртээмжтэй ашиглах, хамгаалах цөөнгүй арга хэмжээ авч хэрэгжүүлж буйн нэг нь норм тогтоох явдал. Энэ нь усны зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна. Өнөөдрийн хэмнэлт, маргааш амьд үлдэх баталгаа болно гэж дэлхий дахинд үзэж байна. Манай орон Байгаль орчны сайдын тушаалаар 1995 онд баталсан усны түр нормыг саяхныг хүртэл мөрдөж байв.
Үүний зэрэгцээ зарим орны норм, стандартыг ч харьцуулан ашиглаж иржээ. Түр нормоо техник, технологийн хөгжлийн хурдтай уялдуулах, өдрөөс өдөрт өргөжиж буй үйлдвэрлэлийн цар хүрээг харгалзан зайлшгүй шинэчлэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн байна. 1995 оныг одоо үетэй харьцуулахад нийгэм, эдийн засгийн байдал, усны нөөц хүртэл огт өөр болчихоод байгаа тул тийм шаардлага тулгарахаас ч аргагүй.
Тэгвэл усны салбарын сүүлийн 20 жилийн түүхэн дэх томоохон ажлыг өнгөрсөн наймдугаар сард амжуулсан нь шинэ норм баталсан явдал байв. Эрдэмтэд, БОНХАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүд үүнийг боловсруулж, салбарын сайдын тушаалаар баталсан юм. Тухайн салбар, үйлдвэр, өдгөө манай оронд ашиглаж байгаа болон шинээр нэвтрүүлж буй дэвшилт технологийг олон улсын аргачлалын дагуу судалсны үндсэн дээр уг нормыг боловсруулсан аж.
Усны чанарын болон тоон үзүүлэлтийг харгалзан, хэрэглээний оновчтой хязгаар тавих нь норм тогтоох гол зорилго. Ийм хэм хэмжээ бий болгох нь хот суурин газрыг шинээр төлөвлөх, үйлдвэр, аж ахуйн газруудын усан хангамж, инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийн зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл зохиох, ус ашиглалт, хамгаалалтын ерөнхий схем боловсруулах, хэрэгжүүлэх үндэс суурь болох гэнэ.
Мөн байгалийн нөөц баялаг, ялангуяа усны нөөц болон ашигласан үнэлгээг тооцох, төлбөр тооцооны үндэслэл боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм байна. Үнэ цэнэ багатай болохоор нь хэдийнээс л гамгүй, замбараагүй хэрэглэж ирсэн манайханд энэ нь усаа хайрлах сэтгэл төрүүлэх арга гэхэд хилсдэхгүй. Нормыг үнэ ханштай нь уялдуулж, хэтрүүллээ гэхэд торгууль ногдуулдаг систем манайд одоохондоо байхгүй.
Цаашид үүнийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж салбарын мэргэжилтнүүд үздэг юм билээ. Манай оронд усны нийт хэрэглээний 30 орчим хувийг үйлдвэрийн зориулалтаар ашиглаж буй. Тэгвэл түр нормд нийт 38 төрлийн үйлдвэрт зарцуулах усны нормыг багтаасан бол энэ удаа хүнд, хөнгөн нийлсэн 73 төрлийн үйлдвэрийн усны нормыг нэгтгэсэн байна. Ургамлын тос боловсруулах, жигнэсэн бүтээгдэхүүн, чихэр, амтлагч, исгэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гар нүүрийн саван, хаягдал цаас, хуванцар, цаас боловсруулах, ган, ширэм үйлдвэрлэх зэргийг шинээр нэмжээ.
Салбар бүрийн нэгж бүтээгдэхүүнд шаардагдах усны нормыг тогтоогоод буй нь өнөө үед усны хомсдолыг багасгах бас нэг арга зам болоод буй. Энэ утгаараа заримынх нь хэрэглээг багасган тооцсон байхад, өмнө нь бага гэгдэж байсныг нь нэмжээ. Орон сууц, нийтийн байранд оршин суудаг иргэдийн усны хэрэглээг 1995 онд баталсан нормтой харьцуулахад төвлөрсөн системд холбогдсон орон сууцанд амьдардаг иргэн хоногт 230 лирт ус хэрэглэх байсныг 200 болгон бууруулсан байна.
Харин нэлээд зайтай худгаас усаа зөөн хэрэглэдэг өрхийн нэг гишүүний усны норм 15 литр байсныг 20 болгожээ. Мөн Эрчим хүч, дулаан үйлдвэрлэлийн ус хэрэглээг харьцуулахад нэг мВт цахилгаан үйлдвэрлэх усны нормыг 0.01 шоо метрээр нэмсэн, гкал дулаан үйлдвэрлэхэд зарцуулах усыг 0.16 шоо метрээр хассан байгаа юм. Шинэчилсэн нормын зарим зүйл заалтаас түүвэрлэж, инфографикт харууллаа.
Ч.МӨНХЗУЛ
