Энэ нүх хэнийг хүлээнэ вэ?
Нийслэл хотоо оршуулгын газраар хүрээлүүлж, “хашаа” барьсан улс аа манайх. Тэгээд тэр газар нь тэнгэрт хадсан үнэтэй. Хүмүүс ямар сайндаа л “Оршуулгынхаа мөнгийг олчихоод л үхэх юм шүү” гэж ярьж суух вэ дээ. Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг хойно ядарсан иргэдээ үхэхэд нь ядаж сэтгэл амар “явуулж” баймаар. Алга дарам газрыг арав гаруй сая төгрөгөөр авна гэдэг арай л “хурцадсан” үнэ биш гэж үү.
Хайрцаг, сав, лам гэх мэт бусад үйлчилгээний төлбөрийг аваад газрыг нь ядаж монголчууддаа үнэгүй өгч болдоггүй юм уу гэдэг саналыг иргэд хэлдэг. Ингэж үнэ хаяж авсан газартаа талийгаачаа ёс жаягийнх нь дагуу хөдөөлүүлж ч чадахгүй байгаа талаар амтай болгон ярьж байна. Монголчууд бурхан болоочоо хөдөөлүүлэхдээ ихэвчлэн шашны ёсыг дагадаг.
Хойчийн төрөлдөө дээдийн заяа, хүн төрлийг олох болтугай хэмээн араас нь буян үйлддэг билээ. Бурхны шашны ёсоор хүнийг таван төрлөөр нутаглуулдаг. Ил, далд, гал, ус, модонд бурхан болоочоо тавьдаг байж.
Бурхны шашинд өөд болсон хүнийг ил тавибал газрын хөрс нь эрүүл, хойчийн буянд ч нэмэртэй гэж үздэг аж. Гэхдээ нутаг нутгийн заншил, талийгаачийн жил, махбодиос шалтгаалаад өөр байх тохиолдол ч бий. Жишээлбэл, усан махбодьтой хүнийг чандарлаж болдоггүй гэнэ.
Энэ талаар “Гандантэгчинлин” хийдийн “Дашчоймпэл” дацангийн багш, гэвш Я.Баттөр “Монголын ард түмэн өмнө нь бурхан болоочоо ихэвчлэн ил тавьж оршуулдаг байсан. Далд оршуулах нь сүүлд дэлгэрсэн зан үйл. Одоо хотжилтоос үүдэн ил тавих боломжгүй болсон.
Иргэдэд “Талийгаачаа ил тавь” гэж хэлсэн ламд захиргааны хариуцлага тооцож, цалингаас нь хасна гэсэн хууль хүртэл гаргасан болохоор бид тэр бүр ил тавихыг зөвлөхөө байсан. Эзэн нь орхиод одсон махан биеэр нь ан, амьтан хооллох нь их буян хураадаг юм. Ялангуяа өндөр нас зооглосон хүнийг ил тавих нь илүү зохилтой байдаг. Иймээс бидний хувьд ил тавих зан үйлийг дагах нь дээр гэж үздэг. Энэ нь байгаль дэлхийдээ ч ээлтэй.
Харин сүүлийн үед хот тэлж, хүн ам нягт суурьшсанаас энэ зан үйлийг дагах нь нэлээд түвэгтэй болсон. Зарим газар талийгаачийн гар, хөлийг нохой, шувуу зууж ирээд айлын хаяанд хаях боллоо гэж дуулддаг. Уг нь нийслэлээс 100 км доторх зайд хүнийг ил оршуулж болохгүй гэж хуульчилсан байгаа. Үүнийг л мөрдчихвөл хаана хаанаа хэрэгтэй болов уу. Түүнчлэн одоо буяны үйл ажиллагаа явуулдаг компаниуд лам нарын хэлснийг үгүйсгэж “Энэ газар муу, манайд хөдөөлүүл” гэж өөрсдийн газраа “сурталчлаад” байдаг нь харамсалтай.
Гэтэл тэр нь замын хажууд, онь дагасан газар байдаг. Ялангуяа 361 дүгээр гармын оршуулгын газар тийм байрлалтай. Ийм газрыг эрт дээр үеэс болохгүй гэж үздэг шүү дээ. Буяны үйл ажиллагааг иргэдэд цогцоор нь хүргэж байгаа нь олон хүний ажлыг хөнгөвчилсөн, эмх цэгцтэй, тэмдэг дугаартай болохоор дараа нь талийгаачийнхаа газрыг эргэж, тойроход хэрэгтэй байх. Гэхдээ зарим талаараа учир дутагдалтай, зан үйлийн ёс горимыг зөрчөөд байх шиг харагддаг.
Жишээлбэл, хүнийг нутаглуулсныхаа дараа ирсэн замаараа буцдаггүй, хөдөөлүүлсэн газраасаа холдож, далд орсныхоо дараа хар, цагаан рашаанаар гараа угаадаг ёс бий. Гэтэл оршуулгын газарт очсон замаараа буцаж байна. Мөн оршуулгын газрынхаа дэргэд, чингэлэгт ороод гараа угааж байгаа нь ёсоо алдаж байгаа хэрэг. “Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэж манайхан ярьдаг. Эхээсээ төрөөгүй хүүхдэд өлгийг нь бэлддэггүй ёс бий.
Үүнтэй ижил үхээгүй байгаа хүнд оршуулах нүхийг нь ухаад бэлдчихэж байгаа нь билэг дэмбэрэлгүй, хүний сэтгэлд сэвтэй зүйл. Магадгүй даллан дуудсан гэсэн сэжиг төрмөөр санагддаг. Уг нь монголчууд лам нарынхаа зааж өгсөн газарт очоод тухайн орчны лус савдгийг аргадан ном уншиж байж газраа хөнддөг. Энэ ёс алдагдсан” хэмээв. Өнөөдрийн байдлаар улсад бүртгэлтэй, буяны үйл ажиллагаа явуулах эрхтэй дөрвөн компани байдаг аж.
Тэдний нэг “Улаанбаатар буян” компанийг үүсгэн байгуулагчдын талаар албан бус эх сурвалж ийн ярьж байна. “Миний мэдэхээр Эрдэнэбат гэдэг ламын санаачилгаар таньдаг хүн нь төсөл бичиж, түүнийхээ дагуу БНСУ-ын хөрөнгө оруулалтаар энэ компанийг 2004 онд байгуулж байсан. Солонгосуудтай хэсэг хамтран ажилласныхаа дараа хөрөнгө оруулалт болон ашгийнх нь тодорхой хувийг буцааж өгөөд солонгос иргэнд хамааралгүй болсон юм билээ.
Одоо энэ компанийн удирдлага нь ч анх байгуулсан хүмүүс биш. Тухайн үед үйл ажиллагааг нь явуулдаг байсан хүмүүс одоо удирдаад явж байгаа” гэв. Үүнээс харахад нутаг буцсан Солонгосын бизнес эрхлэгч манай талийгаач нарыг хөдөөлүүлж өгснийхөө шанд чамгүй мөнгө “цохиж” аваад буцжээ. Мөн Хятадын 30, Монголын 70 хувийн хөрөнгө оруулалттай “Нью семетри” компани дөрвөн төрлийн багцаар иргэдэд үйлчилж байна.
Тус компанийн ажилчдын хэлж буйгаар энэ мөнгө нь хаанаа ч хүрдэггүй, харин ч бага байгаа аж. Өндөр үнээр хийлгэж буй суваргыг бүтээхдээ маш олон алдаа гаргадаг гэж лам нар хэлж байна. Жишээлбэл, суварган дээр босоогоороо байх ёстой амь модыг хэвтээгээр нь байрлуулсан тохиолдол бий. Лам нар үүнийг нь хэлэхээр “Багтахгүй байгаа юмыг тэгээд яах юм” гээд тоодоггүй. Түүнчлэн суваргыг ямар тохиолдолд бүтээж, шарилын хаана нь байрлуулах нь хүртэл өөр өөр байдаг.
Шашны ёсыг зөрчөөд, буруу газар байрлуулсан суваргыг лам нар яах ёстойгоо ч ойлгодоггүй гэнэ. Уг нь заавал бурхан болоочийн газар дээр суварга бүтээлгүй, дэг жаягийнх дагуу хийсэн суваргыг гэртээ аваад залчихбал илүү буян болох аж.
Гэтэл өөд болсон нэгнийхээ араас гашуудаж, нүглийг тэвчиж, буян хураах гэсэн хүмүүсийн сэтгэлээр ийнхүү бизнес хийгээд байна уу гэлтэй. “Нью семетри” компанийн менежер Б.Шагжсүрэн “Бид газар хөндөхөөсөө өмнө өдөр судраа харж, лус савдаг аргаддаг. Тэгэхээр шууд л нүх ухаад тавьчихдаг гэж ойлгож болохгүй. Нүхийг нь ухчихсан байгаа нь хүмүүсийн сэтгэлд сэвтэй байдаг юм шиг байна лээ.
Угаас мөнх настай хүн гэж байхгүй. Бүгд хорвоогийн жамаар өөд болно. Тиймээс үүнийг нэг их сэжиглээд байх шаардлагагүй гэж бодож байна. Ухсан нүх үхэл даллаж байна гэж байгаа бол эмнэлгийн ор ч гэсэн өвчтөнүүдийг дуудаж байгаа ч юм бил үү. Үүнтэй ижилхэн гэж бодож байна.
Тэр ч бүү хэл, манайд өөрийнхөө нүхийг урьдчилж захиалаад бэлдүүлчихсэн хүн ч хэд хэд бий. Тэр нь тухайн хүн би хэзээ нэгэн цагт үхэх нь тодорхой болохоор ээж, аавынхаа дэргэд “Ясаа тавья” гээд захиалсан гэсэн үг. Зуны цагт бол цаг тухайд нь нүхийг нь ухаж бэлтгээд байж болдог. Өвөл хэцүү. Газар хөлдүү байна. Ажиллах хүн хүчнээс эхлээд багаж техникт хүртэл хүндрэлтэй. Тэгэхээр үүнд иргэдийг битгий эмзэглээч ээ гэж хэлмээр байна.
Бид суваргаа бүтээхдээ хамба ламаас зөвлөгөө авч байж, Бодь суварга бүтээж байгаа. Буруу, зөрүү хийсэн зүйл байхгүй” гэв. “Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн” оршуулгын газарт очиход яалт ч үгүй эмх цэгцтэй, “үзэмжтэй” аж. Мэдээж тийм өндөр үнээр бурхан болоочийг нь “хамгаалж” байгаа хүмүүс тийм байхаас ч яах вэ. Тэгвэл “Далан давхар”-ын оршуулгын газарт бол байдал өөр. 10 гаруй сая төгрөг төлөх бололцоогүй хүмүүс нь харуул хамгаалалтгүй, хэн дуртай нь холхиж байдаг газарт “нойрсож” байгаа ч юм шиг.
Тэнд хөшөө, чулуу нь алга болчихсон эсвэл нураад унасан, газар нь цөмрөөд нүх үүсчихсэн байх юм. Эндхийг хэн ч арчилж, хамгаалдаггүй бололтой. Үүнээс үзэхэд үхэхэд хүртэл зиндаа хэрэгтэй болсон гэлтэй. Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 16 мянга гаруй хүн нас бардаг гэсэн тоо бий. Тэдний 6500-7500 нь нийслэлд бүртгэгдсэн байна. Газарт булж оршуулах зан үйлээр талийгаачийг нутаглуулахад ойролцоогоор 15-20 ам метр талбай шаардагддаг.
Энэхүү хэмжээгээр тооцоход жил бүр нийслэлийн газар нутгийн 50-70 га газрыг оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж байгаа юм. Энэ их газар цаашид ямар ч ашиглалтгүй болж байна гэж хэлж болохоор. Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, хаагдсан нийт 20 орчим оршуулгын газар байдаг бөгөөд бүгд байгаль орчныг бохирдуулан, иргэдийн тав тухтай амьдралд саад болсоор байна.
Учир нь далд хэлбэрийн оршуулгын газраас хаврын цагт хорт хий ихээр ялгарч, агаарын бохирдолд нөлөөлдөг аж. Битүү хайрцагт хийн, далд оршуулсан шарил муудаж ялзардаг. Энэ нь хорт хий тархах шалтгаан болж байна.
Гэтэл нийслэлийг тойрон хүрээлэх оршуулгын газрууд хорт хий ялгаруулахаас гадна хотыг тэлэх боломжгүй болгож байгаа. Өнгөрөгч 2014 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид зарим газрыг хаах тухай тогтоол гаргасан.
Энэхүү тогтоолоор цаашид нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулга хийж болох зөвшөөрөгдсөн болон нөөцгүй болж, хаагдсан газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг, Нарангийн энгэр, Исламын шашинтны, 21 дүгээр хорооны нутаг 361 дүгээр гармын дэргэдэх “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн”, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Алтан өлгий, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын нутагт далд оршуулга хийхийг зөвшөөрсөн.
Харин чандарлах хэлбэрийн зан үйл хийх оршуулгын газраар одоо ажиллаж байгаа, хотын баруун хэсэгт орших Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Буяны төв цогцолбор-1”, хотын зүүн хэсэгт буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын Баянтөхөмийн “Буяны төв цогцолбор-2”-ыг албан ёсоор зөвшөөрч баталсан билээ.
Эдгээрээс бусад оршуулгын газар нь талбайн нөөцгүй болсон тул дахин оршуулга хийхийг хориглосон. Эндээс харахад манай оршуулгын газрууд бүгд нийслэлийн “хил” дээр оршиж байна. Монгол Улс 1.566.600 ам км нутаг дэвсгэртэй. Үүнийг хүн амынх нь тоонд харьцуулбал нэг хүнд ойролцоогоор 520 ам метр газар оногддог. Ийм өргөн уудам газар нутагтай атал нийслэлээ заавал чимээгүй хотоор хүрээлүүлэх хэрэгтэй юм гэж үү.
Тэгээд оногдож буй газраасаа багахан хувийг нь үхэхдээ үнэгүй авч болдоггүй юм уу. Алга дарам газарт 10 гаруй сая төгрөг төлж “зиндаархаж” байхаар эрт дээр үеэс уламжилж ирсэн зан үйлээ дагаад, хуулийнхаа хүрээнд хотоосоо хол газарт, хашаа хороо бариад, харуул хамгаалалттайгаар зохицуулчихаж болдоггүй л юм байх даа.
Х.АЗЖАРГАЛ