ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн сургуулийн төгсөгч монгол жүжигчид. 2014 он
Үүрээ барьдаггүй, ангаахайгаа тэжээдэггүй хөхөө шувуутай ижилхэн хүн, хүнээр дүүрсэн нийгэм, эмх замбараа үй бодлого энэ цагт хэрээс хэтрэв. Хэдэн жилийн өмнө хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжил эзэмшүүлэхээр 10 хүүхэд сонгон шалгаруулаад ОХУ-ын Санкт-Петербургийн Театр урлагийн сургуульд Засгийн газрын тэтгэлгээр сургах болсон байдаг.
Гэвч таван жил номын дуу сонсож, авьяасаа агуу мөрөөдлөөр арвижуулаад, хийж бүтээх их хүслээр дүүрэн ирсэн залуус одоо талаар нэг тараад дуусах нь. 2014 оны зургадугаар сард сургуулиа төгсөөд ирсэн тэднийг тоож уулзсан хүн нь ССАЖЯ-ны (хуучнаар) театр, киноны асуудал эрхэлсэн мэргэжилтэн л байв. “Ажилтай болгоно, та нар минь сайн сураад ирлээ шүү дээ” хэмээх талархлын үгээр залуу жүжигчдээ угтсан ч тэд он дуустал ажилтай болж чадаагүй л байлаа.
“Ирэх жилийн төсөвт та нарын цалинг заавал тусгаж, Хүүхэлдэйн театрынхаа орон тоог нэмэгдүүлнэ” гэсэн амлалтаар тэднийг цалин ч үгүй нэг хэсэг “зарав”. Мөрөөдөл тээн ирсэн болоод ч тэр үү, охид, хөвгүүд маань шантраагүй.
11 ХӨДӨЛШГҮЙ ТОО ЮУ
Нутагтаа ирэхээсээ өмнө ангиараа бүрэн хэмжээний жүжиг тоглож, “Фонтанка” продакшн байгуулж, их урлагийн өлгий нутагт соёл, боловсрол эзэмшсэн болохоор итгэл дүүрэн хүлээсээр байв. Энэ байдал жил дамнан үргэлжилж, ССАЖЯ татан буугдаж, эргээд БСШУЯ болсноор 10 хүүхдийн хувь заяа өөрөөр эргэсэн. Хүүхэлдэйн театрын 11 жүжигчний орон тоо огт нэмэгдсэнгүй, хүүхдүүд ч нэг, хоёроороо гадагш цувсаар, эх орноо орхив.
ОХУ-д мэргэжил эзэмшсэн бэлэн мэргэжилтнүүдийг Улаан-Үдийн театрынхан урьж залсан гэх. Зарим нь мэргэжил дээшлүүлнэ, магистрт сурна гээд явсан бол нэг нь хойд хөршид гэр бүлтэй болсон байна. Одоо дөрөв нь л үлджээ. Өчигдөр тэдний нэгтэй холбогдохоор утас цохилоо. Замын-Үүдээс Улаанбаатар руу ирж яваа гэнэ. Ажлын өдөр аян замд яваа учраас баасан гаригт Хүүхэлдэйн театрт нээлтээ хийсэн шинэ жүжигт оролцоогүй гэсэн үг.
БОДЛОГООР БЭЛТГЭСЭН Ч БУСДАД АЛДАВ
Аливаа байгууллагын үндсэн гурван баялгийн нэг нь мэргэжилтэй боловсон хүчин буюу хүн. Хүүхэлдэйн жүжигчин Монгол Улсад зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ боловсон хүчнээ гадаадад сургаж чадахгүй байгаа дутагдлаа засахаар 10 гаруй жил хөөцөлдөж байж ОХУ-д сургах эрх авсан юм билээ. 2010-2011 оны хичээлийн жилд ОХУ-д соёл, урлагийн чиглэлээр 27 хүүхэд сургахаар болж, балетын 12, хүүхэлдэйн 10 жүжигчин, хоёр дуучин, хоёр хөгжимчинтэй болох нь гэж хөөрцөглөсөн.
Гэтэл дөрвөн жил гадаадад тэтгэлгээр суралцаж, мэргэжлээ онцсайн эзэмшээд ирсэн хүүхдүүдэд Монголд ажил олдсонгүй. Энэ талаар БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга болон зарим мэргэжилтэнтэй ярилцахад “Улс орны эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Хүүхэлдэйн театрын төсөв болон орон тоог нэмэгдүүлээгүй нөхцөлд ямар ч арга байхгүй шүү дээ” л гэх юм. Бас “200 мянган төгрөгөөр өрөө түрээсэлж, дөрвүүлээ айлын хаяанд амьдарч байгаа оюутнууд дээр хөдөөнөөс ах дүү нь ирлээ гэхэд гэртээ байлгах хүсэл байвч, хоол ундны мөнгө хүрэхгүй, байр савандаа багталцахгүй шалтгаанаар татгалздагтай л ижилхэн” гэж тайлбарласан.
Хүүхэлдэйн театр, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгыг хооронд нь маргалдуулж, тайзыг нь булаацалдуулж, олон жилийн турш нэг байшинд чихэж байгааг залруулах боломж нь энэ яамны эрх мяндагтангуудад л бий.
ҮҮРГЭЭ УМАРТАВ УУ
Cоёлын бодлого, зохицуулалтын газар нь соёл, урлагийг хөгжүүлэх талаар судалгаа, бодлогын шинжилгээ хийх, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэгтэй. Энэ үндсэн үүргийнхээ хүрээнд соёл, урлагийн талаарх хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, бодлогын шинжилгээ хийн, удирдамжаар хангаж, соёл, урлагийн удирдлага, хүний нөөцийн зохион байгуулалтын тогтолцоог хөгжүүлэх учиртай.
Дээдэс нь суудлаа олохгүй бол доодос нь гүйдлээ олохгүй гэдэгчлэн Засгийн газар солигдох бүрт цэгцгүй бодлогын учир замбараа олдохоо больж, алсын хараа, төлөвлөгөөгүй бодлого нэг даргаас нөгөө рүү, нэг сайдаас нөгөө сайд руу шилжих тоолонд мартагдаж, шинэ томъёололтой болсоор байгаагийн балаг энэ. Бодлогоор бэлтгэсэн боловсон хүчнээ хөсөр хаяж, төрүүлсэн өндгөө бусдын үүрэнд хийж орхидог хөхөөний үлгэрийг ийнхүү давтав, төр.
Түгжээтэй бодлого, учир нь олдохгүй шийдвэртэй дээдсүүдийг харж, хүлээж сууснаас мэдлэгээ дээшлүүлэх замыг сонгон алсыг зорьсон залууст буруу үгүй. Үлдсэн хэд нь ажилгүйчүүдийн эгнээнд орж, Хүүхэлдэйн театрын 11 жүжигчнийг гавьяаныхаа амралтыг авч, ажлаасаа халагдахыг л хүлээх эмгэнэлт хувь тохиолтой эвлэрэн сууна.
Ийм аймшигтай сонголтын өмнө тэднийг Монгол Улсын төрийн увайгүй бодлого авчирсан. Мэргэжилтэн бэлтгэх зүй ёсны шаардлага байгаа л бол театрынхаа орон тоог нэмж, тэднийг ажилд авч яагаад болохгүй гэж. Арав гаруйхан жүжигчинтэй мэргэжлийн урлагийн байгууллага хангалттай хэмжээний үйл ажиллагаа явуулж чадна гэж үү.
ДАРААГИЙН 12-Т БОЛОМЖ ОЛГОХСОН
“Монгол уран бүтээл, хөтөлбөр хэрэгжүүлнэ”, “Хүүхдийн уран бүтээлийг дэмжинэ” гээд л том том хөтөлбөр, төсөл ярихаас биш бодит байдалд бууж, гарц олдог хүн ч алга. Энэ бол Монголын эмгэнэл. Ажил хэргийнх нь уялдаа холбоогүй, замбараагүй байдлын илрэл. Мөнгө төлж хүүхдээ гадаадад сургачихаад “Одоо наадах чинь надад хэрэггүй. Хэн ч авсан болно” гээд орхих эцэг, эх лав байхгүй.
Улсын мөнгө зарлагадсан учраас санаа зовохгүй байгаа нь энэ. Гурван жилийн дараа ОХУ-ын Пермьд балетын жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн 12 бүжигчин ирнэ. Тэднийг хүлээж авах орон тоо байгаа эсэхийг өнөөдөр тодруулахад хэн ч эс мэдэв. Яалт ч үгүй, ДБЭТын захирал энэ тухай санаж байгаа учраас, тус театрт бүжигчид шаардлагатай болохоор төсвөө хэрхэн нэмэгдүүлж, орон тоо яаж батлуулах вэ хэмээн бадар барьж буй.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар сүүлийн үед ярьж, хэлэлцэж, чуулган ч хийсэн. Бүтээгчид нь болох уран бүтээлчдээ харин мартаж, хөсөр хаясаар явбал энэ бодлого урт удаан үргэлжлэх нь юу л бол.
Ж.СОЛОНГО