Монголчуудын утаагүй түлштэй танилцсан түүх зузаарсаар. Гэхдээ төрийн бодлогын нэг хэсэг болгож, шинжлэх ухаанчаар хандаж, өргөжүүлсэн “намтар” нимгэн байна. Жил бүр л утаа бууруулах тухай мөрөөдөл, гэр хорооллын айл өрх бүрт утаагүй, цэвэр түлш хэрэглүүлэх тухай үлгэр ярьсаар өдий хүрэв. Багагүй хугацаа туулсан энэ түүх зөв бодлого мөн байсан, эсэхийг дурсах, шүүн тунгаах цаг өдгөө бараг үлдсэнгүй, өвөл хаяанд ирчихлээ.
Агаарын бохирдлыг бууруулах аргын нэг нь утаагүй буюу цэвэр түлш мөн гэдгийг үгүйсгэх аргагүй. Эрдэмтэн мэргэжилтнүүдээс эхлээд бизнесийнхэн, жирийн иргэд ч энэ салбарт хүч үзэх гэж зориод тусыг эс олов. Төр, засгийн бодлого ч тууштай биш байв. ДЦС II-ыг түшиглэн гэр хорооллын айл өрхүүдийн тэн хагасынх нь хэрэглээг хангах томоохон үйлдвэр барих гэж зүтгэж үзлээ.
Харамсалтай нь мөрөөдөл төдийхнөөр замхрав. Уг үйлдвэрийг барьж байсан “Аморе интернэшнл” компани улсын 20 орчим тэрбум төгрөгийг үйлдвэр нэртэй үр ашиггүй балгас болгоод дууслаа. Утаа дарга нарын мөнгө завших сайхан боломж, арга хэрэгсэл болсон, “Улирлын чанартай, улстөрчдийн бизнес байсан” гэсэн ойлголт л иргэдэд үлдэв.
Монголчуудын утаагүй түлштэй танилцах түүх ингэс хийгээд л төгслөө. Энэ өвөл утаа гамшгийн хэмжээнд хүрнэ гэж хаа сайгүй л ярьж, бичих боллоо. Үүний эсрэг тэмцэх нэг “зэвсэг” нь болох утаагүй түлшний технологийг манайхан ч бүрэн шийдээгүй, байгуулсан үйлдвэрүүдийн хүчин чадал бага, бүтээгдэхүүний чанар хангалтгүй хэвээр. Юутай ч манай улс дахь үйлдвэрийн тоо долоо болчихоод байгаа юм байна. Тэдний хэрхэн ажиллаж байгаа талаарх мэдээлэл хомс.
Олонх нь орон нутагт байрладаг аж. Гэр хорооллын айлууд өвөл 600.000 тонн түүхий нүүрс түлдэг. Түүхий нүүрсээ цэвэр түлшээр соливол шатаах түлшний хэмжээ 1.5 дахин багасах боломжтой гэсэн тооцоо бий. Өнгөрсөн өвөл нийт хэрэглээний багахан хэсэг болох 35.000 тонн түлшийг манай үйлдвэрүүд нийлүүлэх амлалт өгчээ. Гэсэн ч үүнийхээ талыг нь ч өгч дийлээгүй. Дөнгөж 2000 тонныг л нийлүүлж амжсан байна.
Өнгөрсөн онд Говьсүмбэр аймгийн Чойрт өдөрт 20 тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Баялаг эрдэнэ цом” компани байгуулсан. Нүүрс бэлтгэн, түүнийгээ хагас коксжуулдаг, шахдаг, иж бүрэн дамжлагатай гэдгээрээ уг үйлдвэр ялгарч байгаа.
Мөн ШУА-ийн эрдэмтэдтэй хамтран байгуулсан, технологийн асуудал, хүндрэл учрахгүй гэх онцлогтой. Нийслэлийн айл өрхөд энэ өвөл ахиухан түлш нийлүүлэх зорилгоор үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмж, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж нэвтрүүлэн угсарч суурилуулах, түүхий эдээ нөөцлөх ажилтай байгаа гэнэ. “Дэрст тохой” компани Төв аймгийн Сэргэлэн суманд үйлдвэр байгуулсан. Уг үйлдвэрийг дөнгөж өнгөрсөн хавар шахуу байгуулсан учраас үр дүнг нь энэ өвөл л харна. Цагт 60 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Сэргэлэн суманд мөн “Загт түлш” гэх компанийн үйлдвэр бий ч ажиллуулдаг, эсэх нь тодорхойгүй. “Хур туг” компани Улаанбаатар хотод цагт 10 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. “Хөх чоно” компани Багануур дүүрэгт үйлдвэр байгуулсан. Уг үйлдвэр нь цагт 10 тонн шахмал түлш үйлдвэрлэнэ. Тус дүүрэгт мөн MSCE компани цагт 25 тоннын хүчин чадалтай үйлдвэртэй. “Шарын гол энерго” компани Дархан-Уул аймагт 10 тоннын хүчин чадалтай үйлдвэр байгуулсан.
Эд бол утаагүй түлшний түүхийг бүтээгчид. Чадах чинээгээрээ ажиллаж буй ч цахилгаан, төмөр замгүй, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг бага зэрэг хүндрэлтэй олон асуудал тулгардгаас болж тэд өдий хүртэл өргөжөөгүй гэнэ. Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Ж.Дугаржав утаагүй түлшний талаар багагүй судалж, цэвэр түлш гарган авахад ч гар бие оролцсон.
Тэрбээр “Цэвэр түлш үйлдвэрлэх боломжгүй, бүтэхгүй ажил гэж ойлгож болохгүй. Битгий бууж өг. Харьцангуй бага бохирдолтой, өнгөгүй хий гаргаж шатдаг түлшийг цэвэр буюу утаагүй түлш гэдэг. Ийм технологитой болох амар ажил биш. Хүмүүс гадаадаас суудлын машин авч байгаа юм шиг шууд нэвтрүүлээд ашиглалтад оруулна гэж ойлгоод байгаа юм. Ийм боломж хомс. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд манайхан энэ ажилд нэлээд анхаарал хандуулсны дүнд нэг үеэ бодоход техник, техник технологи маань жигдэрч, хэд хэдэн үйлдвэртэй болчихлоо. МАК, “Шарын гол энерго”, “Нако түлш” компани үйлдвэр бариад багагүй хугацаа өнгөрч, нэлээд туршлага хуримтлууллаа. “Баялаг эрдэнэ цом”, “Дэрст тохой”, “Хур туг”, “Хөх чоно” компани үйлдвэрээ бариад удаагүй байна. Хамгийн гол нь энэ ажилд хөрөнгө, нөөцөө зарсан бизнесмэн, зүгширч мэргэшсэн инженер, туршлагатай ажилчид бүрдчихлээ. Иймээс тэднийг өөд татаж, бодлогоор дэмжин, техник технологийг нь сайжруулах нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн дөт замын нэг болов уу” гэсэн юм.
Эрдэмтэн Ж.Дугаржав утаагүй түлшний ирээдүй нь био түлш гэж үзэж байна. Мөн Монгол Улсад өдгөө үйл ажиллагаа явуулж буй түлшний үйлдвэрүүдийн техник, технологийг төгөлдөржүүлэхэд инноваци, санхүүгийн туслалцаа үзүүлэх зайлшг й шаардлага тулгарч буйг тэмдэглэсэн юм. Тэрбээр цэвэр түлшний үйлдвэрийг хөгжүүлэх санал боловсруулжээ. Үүнд нь үртсэн, сүрлэн болон био түлш, малын тэжээл, бордооны үйлдвэр байгуулах төсөл, төлөвлөгөө багтсан байна. Шаардлагатай хөрөнгөө олж чадвал ирэх он гэхэд энэ төрлийн хэд хэдэн үйлдвэр барих боломжтой, судалгаа, төлөвлөгөө нь бэлэн гэнэ.
Мөн “Баялаг эрдэнэ цом” компанийн үйлдвэрийг өргөтгөх, утаагүй түлшний судалгаа, туршилтын лаборатори байгуулах саналтай аж. Санал болгож буй эдгээр арга хэмжээг ойрын дөрвөн жилд багтаан хэрэгжүүлэхэд 23 орчим сая ам.доллар шаардлагатай юм байна. Үр дүнд нь иргэдэд нийлүүлэх утаагүй түлшний хэмжээ 250.000 тоннд хүрч, Улаанбаатар хот ойрын 2-4 жилд утаагүй түлшээр бүрэн хангагдана гэж амлаж байгаа юм. Энэ хэмжээний хөрөнгө гаргах байгууллага олдох, эсэх, энэ өвөл утаагүй түлшний үйлдвэрийг төрөөс дэмжих, үгүй нь өнөө ч тодорхойгүй.
“2013 оноос өмнө тонн түлш тутамд 60.000 төгрөгийн татаас олгон, нийслэлийн төвийн дүүргийн иргэдэд худалдаж байсан. 2013 оноос хойш тээвэрлэлтийнх нь тонн тутамд 25.500 төгрөг олгон дэмжиж ирлээ. Өнгөрсөн өвөл л гэхэд тээврийн хөлсөнд 53 сая төгрөг төсөвлөсөн ч аж ахуйн нэгжүүд дөнгөж 30 орчим сая төгрөгийн гүйцэтгэлтэй ажилласан. Энэ жил утаагүй түлшийг бодлогоор дэмжих, эсэхийг одоогоор шийдээгүй байна. Энэ шийдвэрийг Засгийн газар гаргах ёстой” гэж Цэвэр агаарын сангийн мэргэжилтэн Г.Баярсайхан хэлсэн юм.
Утаагүй түлшний түүх энэ жил ийн үргэлжилж байна. Өнгөрсөн жилүүдийн хариуцлагагүй байдлаас нь болж, энэ удаа төр, засаг тэдэнд итгэл хүлээлгэх сонирхолгүй байгаа бололтой. Шахмал түлш харж суусаар утааг хяналтаасаа алдчихсан манайхан өдгөө хийн түлшинд найдлага тавьж эхэлж байгаа дуулдана. “Гранд повер” компани энэ өвөл томоохон станцуудад нүүрснээс гаргаж авсан хийн түлш нийлүүлж магадгүй гэнэ.
Шахмал түлшинд итгэхээ больсон тул утаагүй түлшний шинэ түүх бичихээр зэхэж буй нь энэ. Бидэнд одоо туршилт, судалгаа бус ажил л хэрэгтэй. Иргэдийн эрүүл мэнд үүнийг шаардаж байгаа ч харамсалтай нь хэтэрхий оройтож буй. Утаагүй түлш, зуух гэж байдаггүй юм байна, орон сууцжуулахаас өөр арга алга гэж ярих хүн олширсон. Харамсалтай нь гэр хороолол устах цагийг утаа ч, иргэд ч хүлээж дийлэхгүй учир одоо жинхэнээсээ ажиллах л чухал байна.
Ч.МӨНХЗУЛ