Сири дэх зөрчлийг Орос зүгээр хараад суухгүй нь нэгэнт ойлгомжтой болсон тул үүнд ямар хариулт өгөхөө Америкийн стратегичид бэлдэж байхаас аргагүй болоод байна. Нөхцөл байдал тун ойлгомжтой. Бие дааж Оросын хийсэн алхам бүрт олон жилийн туршид Америкийн өгч буй хариулт тусгаар тогтнолын талаарх энэ хоёр улсын байр суурь огт өөр болохыг харуулсаар ирэв.
Оросын хувьд тусгаар байдал гэдэг нь бүр 1648 онд 30 жилийн дайныг зогсоосон Вестфалийн гэрээний үед гарч ирсэн уламжлалт сонгодог ойлголт юм. Энэ хэлэлцээр ёсоор улс орнууд нутаг дэвсгэртээ бүрэн эрх эдлэх бөгөөд гаднын хэн ч үүнд нэвтрэн орох, халдах эрхгүй байдаг.
Тэгвэл аливаа улсад оршин тогтнож буй дэглэм нь өөрийн иргэдэд хор хохирол учруулж байвал хэрэг явдалд нь хөндлөнгөөс оролцож байх хүмүүнлэг үнэт зүйлс дээр тулгуурласан илүү орчин цагийн байр суурийг Өрнөдийн орнууд хийгээд Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа баримталж байна.
Үндэстэн ястнаар нь гадуурхдаг, эсвэл цэргийн гэмт хэрэг үйлддэг дэглэмээс нь тухайн улсын хүн амыг хамгаалах шаардлага гарвал холбогдох аливаа арга хэрэгслийг ашиглах боломжийг дэлхийн хамтын нийгэмлэгт олгосон “хамгаалах хариуцлага”-ыг баталгаажуулсан тогтоолыг 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей баталсан юм.
Амьдралд үнэндээ бүх юм төсөөлж байснаас илүү нарийн түвэгтэй л дээ. Тэгээд тэр биз, “хамгаалах хариуцлага” гэдэг энэ үзэл баримтлал батлагдсан даруйдаа л ширүүн маргааны бай болсон байна. Хятад, Орос тэргүүтэй олон улс үүнийг “урьдчилан анхааруулсан номлол” гэж үздэг. НҮБ-д Оросыг төлөөлж байсан Михаил Маргелов 2009 онд болсон нэгэн мэтгэлцээний үеэр хэлсэн үгэндээ “Дэлхийн олон нийт онцгой тохиолдолд л аливаад хөндлөнгөөс оролцох ёстой” гэж тэмдэглэж байв.
Ливид Муаммар Каддафигийн дэглэмийн эсрэг зэвсэглэн халдаж хүч хэрэглэснээ зөвтгөх гэж 2011 онд анх “хамгаалах хариуцлага” хэмээх үзэл баримтлалыг албан ёсоор ашигласан аж. Ерөнхий сайдын өрөөнөөсөө улс орноо удирдаж асан Путин дургүйцсээр байсныг үл харгалзан тухайн үед Оросын Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев энэ үйлдлийг дэмжиж байсан юм.
Ливийн үйл хэрэгт Өрнөд хөндлөнгөөс ийн оролцсоныг Путин туурга тусгаар улсын эсрэг хийсэн “загалмайтны аян дайн” гэж нэрлэсэн байдаг. Ливид цөмрөн орсныг Путин одоо ч алдаа хэмээн үздэг бөгөөд Сири дэх Башар Асадын дэглэмийг дэмжиж буйгаа тайлбарлахдаа Ливийг ямагт сануулдаг билээ. “Сирид Орос дэмжлэг үзүүлээгүйсэн бол тэндхийн байдал Ливийнхээс бүр дор, дүрвэгсдийн урсгал ч илүү их байх байсан” гэж тэрбээр саяхан мэдэгдсэн.
Үнэхээр ч Сири дэх өнөөгийн байдал тухайн үеийн Ливийнхээс үлэмж дор байгаа юм. “Исламын улс” хэмээх алан хядагч бүлэглэл хүчирхэгжиж, олон сая хүн дүрвэж буй нь үүнийг гэрчилнэ. Хүмүүс олноор амь үрэгдэж буй нь Өрнөд хөндлөнгөөс оролцсоны уршиг гэж Путин үздэг. Ийм мэдэгдэл хийдэг нь тэрбээр өөрийгөө л хамгаалж байгааг нь ойлгоход хэцүү биш. Асадад түүний өгсөн зэвсгээр олон мянган сири хүний амийг хөнөөж буй.
Энэ үйлдэл нь тусгаар тогтносон улсад оршин буй дэглэмийг өөрчлөх гэж гаднын улс төрийн хүчин оролдох ёсгүй гэсэн түүний үзэл бодолд нийцэж байгаа биз ээ. Түүгээр ч барахгүй ийм мэдэгдлүүд нь “хамгаалах хариуцлага”-ын үзэл баримтлалд тохирч байгаа юм. Энэ асуудлаар 2014 онд НҮБын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний тавьсан илтгэлд дурдсанаас үзвэл “тусламж үзүүлэх ерөнхий зарчмуудын” нэг нь “Бүү гэмтээ” гэсэн агуулгатай аж.
“Сайтар бодож төлөвлөөгүй олон улсын тусламж нь нийгэмд хагарал бий болгон, түүнийг хурцатгаж, үүгээрээ аюултай гэмт хэрэг өсөхөд түлхэц болдгийг туршлага харуулсан. Арьс өнгөөр ялгаварлах, эрх тэгш бус байдал бий болоход нөлөөлдөг, хүмүүсийг орлогын эх үүсвэрийн төлөө тэмцэхээс аргагүйд хүргэх олон улсын тусламж, техникийн асуудлаарх зөвлөмж нь онцгой хор хөнөөл учруулдаг”. Путин байр сууриа илэрхийлэхдээ өөртэйгөө зөрчилдөж байна гэж хэлж ч болно, үүнийг үгүйсгэх ч боломжтой.
Гүрж, Украинд Оросын үйлдсэн түрэмгийллийг юу гэж үзэх вэ? Путин үүнд албан ёсны тайлбар өгөхдөө энэ хоёр тохиолдолд Өрнөдөөс урьд нь хийсэн үйлдэлд хариу өгсөн юм гэж хэлсэн байдаг. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан энэ хоёр улсад оршин тогтнож асан дэглэмийг хууль бусаар солиход Өрнөдийг оролцсон гэж тэрбээр үзсэн. Тэгэхдээ Украин, Гүржийн тусгаар тогтнолын асуудлыг нэгэнт шийдсэн зүйл гэж Орос үзэхгүй байсаар байгааг тэрбээр хэнд ч сонсогдохоор хэлчихэж чадахгүй л байгаа юм.
ЗХУ задарснаас хойших Оросын хилийн ойролцоо ч, Ойрхи Дорнодод ч Путин явцуу эрх ашгаа л хамгаалж буйд эргэлзэх юм байхгүй. Гэтэл сүүлийн жилүүдэд Оросын уламжлалт холбоотнуудад хувь заяа нь тийм ч өршөөлтэй хандсангүй. Үүнийг Каддафи нотолсон, одоо Асад харуулж байна. Байдал ийм байхад ч Путин гадаад бодлогынхоо үзэл баримтлалыг хамгаалсаар байгаа юм.
Тэгвэл АНУ болон түүний холбоотнуудад өөрийн гэсэн явцуу эрх ашиг бий ч гэсэн арай илүү бүрхэг байр суурь баримталж байна. Хоёр үзэл бодлын зөрүүтэй байдал өнөөдөр үйл явдлын өнгөн дээр хөвөн гарч ирээд, Сири, Украин хоёр ч дэлхийн халуун цэг болчихоод байна. Үзэл бодлын энэ зөрчлийг шийдвэрлэх хэд хэдэн арга зам байна гэж зарим хүн үзэж буй аж.
Эхнийх нь Өрнөд цэрэг дайны ч, эдийн засгийн ч салбарт Оросын эсрэг зогсоод байвал Оросын үзэл баримтлал ач холбогдлоо алдаж болзошгүй. Тухайлбал, ийм байдлаас болж Сири дэх оролцоогоо Орос өргөжүүлэх нь хэтэрхий их зардал шаардах болно. Энэ байр сууриа эцсээ хүртэл баримтлах улс төрийн зориг хэрэв байвал энэ нь эцэстээ Оросын цэргүүдтэй зэвсэгт мөргөлдөөн хийхэд хүргэж мэднэ. Оросын үзэл бодлыг хуваалцаж буй Хятадад ч ийм аргаар яваандаа шахалт үзүүлж болох юм.
Хоёр дахь нь олон улсын үйл хэрэгт их гүрнүүдийн оролцоог зохицуулах шинэ журам бий болгох. Эцэст нь шинээр тохиолдож буй будлиан мөргөлдөөнийг бодит улс төрийн зарчмуудтай уялдаж гарч ирсэн тус тусдаа тохиолдол гэж үзэж байх. Украины асуудлыг одоо ямар нэг хэмжээгээр ийн шийдвэрлэж байна гэж хэлж болно.
Р.ЖАРГАЛАНТ