Улаан буудайгаар эх орныхоо хэрэгцээг бүрэн хангачихаад, улмаар экспортлох тухай ярьж асан монголчуудын амбийцийг өнгөрсөн зуны ган баллав. Ерөөсөө хүн төрөлхтний хүнсээ бүрдүүлэхэд тулгардаг, аргалж болдоггүй аюул бол ган.
Хүнс, хөдөө аж ахуйн яамны албан ёсны мэдээллээр 49 мянган га талбайн ургацыг бүрмөсөн алджээ. Энэ нь нийт тариалсан талбайн 13 хувь юм. Мөн 32 мянган га талбайн тариаг малын тэжээл болгохоос өөр аргагүйд хүрэв. Үлдсэн талбайн буудайг хүнсэнд хэрэглэж болно. Хүнсэнд хэрэглэх 250 мянга орчим тонн буудай хурааж авна гэсэн урьдчилсан тооцоог салбарын яамныхан танилцууллаа.
Хэрэгцээгээ бүрэн хангахын тулд 100 гаруй мянган тонн буудай худалдаж авах шаардлагатай аж. Сурсан, дадсанаараа оросуудаас буудай худалдаад авчихна гэж таамаглая. ХХААЯ-ныхан буудайн импортын талаар дуугарахаас илт цааргалж буй учраас ингэв. Амаа жимийх шалтгаан нь буудайн үнэтэй холбоотой бололтой.
ОХУ-ын манайхтай ойр Алтай, Сибирийн тойрогт 23-28 хувийн цавуулагтай буудай тонн нь 10 мянган рублийн үнэтэй байна.
Үүнийг хөрвүүлбэл 300 мянга орчим төгрөг гэсэн үг. Тэгвэл өнгөрсөн жил манайд тонн буудайн ханш 550 мянган төгрөгт хүрсэн.
Тариаланчид энэ ханшаас буулгахгүйгээр буудайгаа худалдах санаатай байгаа. Орост буудайн үнэ хямдарсан нь манай гурилын үйлдвэрийн эздийн аазгайг хөдөлгөж буй нь ч дамжиггүй. ХХААЯ эхлээд дотоодын буудайгаа борлуулж дуусаад, дараа нь импортлох бодлого баримтлах юм байна. Одоо импортын тухай яривал гурилын үйлдвэрийнхэн “Оросоос авчихъя” гээд “орлилдоод” эхлэх учраас ингэж байгаа бололтой.
Мөн Тариалан эрхлэлтийг дэмжих сан энэ жил өр, зээлдээ авах буудайнхаа үнийг зарлахгүй гэнэ. Тус сан үнэ зарладаг, тэр нь буудайн зах зээлийн жишиг ханш болдог байв. Энэ жил тэд зах зээлийн үнийг жишиг болгох аж. Тариаланчид уут буудайнхаа үнийг өсгөх, гурилын үйлдвэрүүд хямдруулж авах гэсэн тэмцэл энэ намар өрнөх байх. Дэлхийн жишгээ дагавал буудайн үнэ өнгөрсөн жилийнх шигээ “цойлох” дүр зураг алга. Улаан буудайг бүх л улс стратегийн хүнс гэж тооцдог.
Манайд ч мөн ялгаагүй. Тиймээс уут буудайн үнэ цэнийг зөвхөн мөнгөөр илэрхийлэх боломжгүй мэт. Ирэх жил дахиад ган болохгүй гэх баталгаагүй. Иймээс бэлтгэлтэй байх хэрэгтэйг эрт сануулахад буруудахгүй. Ганд тэсвэртэй сортын үрээр буудайгаа тарих, усалгаатай тариалан хөгжүүлэх нь байгалийн бэрхшээлийг давах нэг арга зам.
Энэ бол тариаланчдын ажиллагаа, арчаатай байдлаас шалтгаална.
Уг нь салбарын яамнаас 330 мянган га-д тариална гэж тооцоолж байж. Гэтэл тариаланчид 30 мянган га-д нэмж тариалжээ. Манай буудай тариалдаг талбайн 15 мянган га нь л усалгаатай. Бусад нь байгалийн хур бороонд найддаг гэсэн үг. 10 жилийн өмнөөс үйл ажиллагаа нь сэргэж буй газар тариалангийн салбарынхан техник хэрэгслээ шинэчлээд, одоо л газраа борддог болсон. Бүх талбайгаа бордож чаддаг болсны дараа л усалгаатай тариаланд хөрөнгө оруулах болов уу.
Төр хөдөө аж ахуйн даатгалыг хөгжүүлэх замаар тариаланчдын эрсдэлийг хамгаалах зохицуулалт хийх хэрэгтэй гэж үздэг нэгэн бий. Энэ бол бодож болгоож, судалж шинжилж үзэх л санал. Ургац алдсан тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээлсэн шатахуун, бордооныхоо төлбөрийг дараа жил төлье гэж гуйсан.
Тэднийхэн үнэхээр аргагүйдсэн тариаланчийг “зээлээ төл” гэж шахамдуулахгүй гэнэ лээ.
Т.ЭНХБАТ
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ
Дэлхийн улаан буудайн нөөц хамгийн дээд түвшиндээ хүрэх төлөвтэй
Дэлхийн зах зээлд улаан буудайн үнэ цаашид улам хямдарна хэмээн шинжээчид таамаглаж байна. АНУ, ОХУ, Украин улсын хураан авах ургацын хэмжээ нэмэгдэн, дэлхийн нөөц бүх цаг үеийн хамгийн дээд түвшиндээ хүрч, улс орнуудын импорт буурах төлөвтэй байгаа учраас тэр аж. Буудайн үнэ зургадугаар сарын эцсээс хойш 21 хувиар хямдарчээ.
Энэ нь 1986 оноос хойш нэг улиралд хамгийн их буурсан үзүүлэлт юм байна. “Wells Fargo Investment”- ийн стратегич Самер Саманагийн хэлснээр дэлхийн улс орнуудын улаан буудайн үйлдвэрлэл нэмэгдэх төлөвтэй гэнэ. Тэрбээр “Франц, АНУ, ОХУ, Украин зэрэг улс улаан буудайгаа худалдах гэж уралдана. Энэ нь уг бүтээгдэхүүний үнэд дарамт болно” хэмээн онцолжээ. Он гарснаас хойш Чикагогийн биржид улаан буудайн фьючерс ханш 16 хувиар доошлоод буй бөгөөд бушель (27.2 кг) нь 4.9 ам.доллартай тэнцэх болжээ.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас дэлхийн улаан буудайн нөөц энэ улирлын эцэст 226.5 сая тонн болж өснө хэмээн энэ сарын дундуур мэдэгдсэн билээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеэс 7.2 хувиар илүү дүн юм. Тус улсын дотоодын нөөц гэхэд 16 хувиар өсөхөөр байгаа нь зургаан жилийнхээ дээд түвшинд хүрэх үзүүлэлт аж. Тэгвэл эрэлт хангалттай биш гэнэ. АНУ-ын экспортын хэмжээ багасаж буй бол Францын нийлүүлэгчид ч худалдан авагч олоход бэрхшээлтэй тулгарч байгаа тухай “Bloomberg”-т онцолжээ.
Уг таваарын хамгийн том худалдан авагч Египет гэхэд ОХУ, Украин, Франц улсаас тендерийн санал хүлээн аваад буй юм байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ахлах эдийн засагч Абдролреза Аббасиан “Хар тэнгист боомтуудтай Украин, ОХУ-тай өрсөлдөх нь Францад хүнд байх болно” гэж тэмдэглэжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Украин, ОХУ-ын мөнгөн тэмдэгтийн ханш 40 гаруй хувиар хямдарсан нь экспортод нөлөөлөх нь мэдээж.
АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр улс орнуудын ургацын хэмжээ энэ онд 731.6 сая тоннд хүрэх төлөвтэй юм байна. Харин нийлүүлэлт, эрэлтээс шалтгаалж улаан буудайн худалдааны хэмжээ 3.8 хувиар багасаж магадгүй аж. Египет улс гэхэд импортоо 5.2 хувиар бууруулж болзошгүй байгаа гэнэ.
Ц.БОЛОРМАА
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Ц.БОЛОРЧУЛУУН: “Буудай чанар муутай байна” гэсэн маргаан гарахгүй
Ургац хураалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.
-Урьдчилсан балансаар 252.300 тонн буудай хураан авах тооцоо гарсан. Ажил хэр урагшилж байна вэ. Ойрын хугацаанд тариалангийн бүс нутгуудаар цас орж, хүйтрэх төлөвтэй гэсэн мэдээлэл байна лээ.
-Аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас ургац хураалтын мэдээгээ долоо хоногт хоёр удаа явуулж байгаа. Хамгийн сүүлд ирүүлсэн мэдээгээр нийт 297.300 га талбайн 63.200 га-гийн ургацыг хураасан. Үр тариа хураалт 21.2 хувь, хураасан ургацын хэмжээ 52.527 тоннд хүрсэн. Тарианы болц оройтсонтой холбоотойгоор өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ажлын явц муу байна.
Өнгөрсөн оны мөн үед 40 хувьтай байсан бол энэ удаа хоёр дахин бага байна шүү дээ. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 24-25-нд газар тариалангийн ихэнх бүс нутгаар бороо, нойтон цас орно гэсэн урьдчилсан мэдээлэл өглөө. Мөн 26-нд салхитай, хүйтрэх төлөвтэй гэсэн. Аравдугаар сарын 15-20 гэхэд ургацаа бүрэн хурааж дуусгана. Энэ хугацаандаа амжуулах төлөвлөгөөтэй.
-Буудайн болц оройтсон тул ажлаа эхлэхээ азнаж буй иргэн, аж ахуйн нэгжүүд бий гэж дуулдана.
-Тариаланчид янз бүрийн технологийн дагуу ажиллаж байгаа. Нэг аж ахуйн нэгж гэхэд л хоёр талбай дээр өөр өөр технологи ашиглах жишээтэй. Нэг хэсгийг нь шууд хураахаар хүлээзнэж байгаа бол нөгөө хэсгээ ангилан хадаж буй. Наймдугаар сард нэлээд бороотой байсан учраас нялх тариа түрэн ургаж байгаа. Ургамал хамгааллын бодис цацаж түүнийг нь устгаж байгаа.
Тариа нэлээд намхан, нэг гагаас авах ургацын хэмжээ бага байгаа учраас үлдсэн багахан ургацаа хаягдалгүй хураах зөвлөмжийг Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн гаргаж, аж ахуйн нэгж үүдэд хүргүүлсэн. Нийт 250.000 орчим тонн буудай хурааж авна. Урьдчилсан баланс учраас өөрчлөгдөж магадгүй.
-Энэ жил хэр чанартай буудай авах бол?
-Буудайн цавуулаг доод тал нь 27-28, дээд тал нь 40-44 хувьтай байна. Хурааж авах буу дай бага ч цавуулгийн хувьд ямар ч асуудалгүй гэсэн үг. Тиймээс өнгөрсөн жилийнх шиг “Буудай чанар муутай байна” гэсэн маргаан гарахгүй.
-Манайх энэ жил дотоодын буудайнхаа хэрэгцээг бүрэн хангаж дийлэхгүй болсон тул импортлох нь маргаангүй. Хэдийд, хаанаас авахаар төлөвлөсөн бэ?
-Дотоодынхоо тариаланчдын буудайг борлуулсны дараа импортын тухай ярина. 100.000 гаруй тонн хүнсний улаан буудай импортолно, үүний 20 орчим хувь нь үрийн буудай байх юм. ОХУ-аас импортлох төлөвлөгөөтэй, одоогоор үнэ ханш судалж байгаа. ХХААЯ энэ жил аж ахуйн нэгжүүдээс багагүй хэмжээний үр худалдаж авахаар төлөвлөсөн.
Ирэх жилийн тариалалтад зориулан үрээ нөөцөлж авахыг аж ахуйн нэгжүүдэд ч зөвлөж буй. ТЭДС 8000- 10.000 тонн үр авна, аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээгээр нөөцөлнө, шаардлагатай бол импортолно гэсэн төлөвлөгөөтэй.
-Хөдөө аж ахуйн биржээр буудай арилжиж хэвшинэ гэж нэлээд ярьж байна. Биржийн зүгээс ч ийм боломж бий гэсэн. Арилжих буудай гарах юм уу?
-Ургац бага учраас биржээр арилжих асуудлыг түр хойшлуулсан. Цаашид биржээр борлуулна. Энэ нь тариаланч, гурил үйлдвэрлэгч, төрийн байгууллагынхан, аль алиных нь ажлыг хөнгөвчлөх юм. Манайхан намар нь өгч, авчихаад хавар хүртэл “Буудай авчихаад мөнгөө өгөхгүй байна. Төр авч өг” гэж маргадаг. Энэ маргааныг халах төдийгүй чанарын асуудлыг ч шийднэ.
-Дахиад ган болоход ургац алдахгүй байх талаар салбарын яам арга хэмжээ авч байгаа юу?
-Сүүлийн 5-6 жил байгаль, цаг уурын нөхцөл таатай, хур элбэг байснаас манайхан сэлгэн тариалах технологийг орхигдуулчихаж. Энэ жил тарьсан газартаа ирэх жил уринш хийх ёстой ч бороо их орж, уриншгүй талбайд тарьсан ч ургаж байсан учраас сэлгэлгүй, давтан тарих нь ихэссэн. Давтан тарьсан талбайгаас багагүй ургац алдлаа.
Тиймээс цаашид сэлгэн тариалалтын технологи барих нь зүйтэй гэсэн зөвлөмж өгч байгаа. Нэг жил өнжиж, газраа боловсруулж, бордож, тордох ёстой. Мөн манай орны байгаль, цаг уурын нөхцөлд тэсвэртэй, хэдийнэ нутагшсан сортын үрээр тарих шаардлагатай. Ялангуяа Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхний гаргасан “Дархан 144”, “Дархан 131” сорт манайд тохирсон, ганд тэсвэртэй нь нотлогдлоо.
Тариаланчид дураараа гадаад, дотоодоос үр худалдаж авдаг. Манай улсын эрдэм шинжилгээний байгууллагууд туршаагүй, нутагшуулаагүй үрээр тарьсан нь ургац алдах бас нэг шалтгаан болсон нь ажиглагдсан.
Ч.МӨНХЗУЛ


ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА
Долларын ханш өссөн нь БУУДАЙН ӨРТГИЙГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Ойрын үед ихэнх нутгаар цас орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Цаснаас урьтан ургацаа хураах гэж манай тариаланчид шамдаж байгаа. Бид өнгөрсөн мягмар гаригт Төв аймгийн Жаргалант сумын “Хөх баянбулаг” компанийн талбайгаар орж, ургац хураах ажлын явцыг тандлаа. Эднийх нийт 6500 га талбайтай бөгөөд жилд дунджаар 3000-3500 га-д буудай тарьдаг.
Тус компанийн талбай хотоос 120 гаруй км-ийн зайтай, Жаргалант сумын төвөөс холгүйхэн оршдог учраас тариалалт, ургац хураах ажлын явцыг сонирхсон яамны төлөөлөгчид, сэтгүүлчид гээд хүн тасардаггүй юм байна. Харин Ж.Ариунболд зориод очсон хүнийг тээршаалгүй сайн, муугаа шулуухан яриад сурчихсан нэгэн аж. Энэ жил ган болж ургац тааруу байгаа.
Талбай дахь тариа нь 40-60 орчим см ургасан бөгөөд заримынх нь болц муу байгаа гэж тариаланчид ярив. Гэхдээ жаахан ч гэсэн ургасан буудайныхаа дийлэнхийг хурааж авчээ. Эднийх “Вагнер Ази” компаниас техникээ авч, “Алтан тариа” компанид буудайгаа нийлүүлдэг. 20 гаруй жил хамтарч ажиллаж байгаа учраас аль хэдийнэ нэгнийхээ итгэлийг олж чаджээ. Тиймээс ч “Хөх баянбулаг”-ийн буудай жил бүр “Алтан тариа”- г зорьдог аж.
Одоогийн байдлаар Жаргалант сумаас тус компани л “Алтан тариа”-д 800 тн буудай нийлүүлсэн гэнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хөнгөлөлттэй зээлээр өгсөн комбайн, трактороос аваагүй юу гэхэд “БНХАУ-аас оруулж ирсэн техник эвдэрвэл засаж чадахгүй. Сэлбэг нь ч олддоггүй. Харин “Вагнер Ази” компанийнхан засвар үйлчилгээгээ хийж, сэлбэг хэрэгслээ ч манайд хүргээд өгчихдөг. Энэ нь бидэнд амар байдаг юм” гэв. Тус компани энэ жил га-гаас ойролцоогоор долоо цн буудай хурааж авч буй аж.
Гэтэл Төв аймгийн Хөдөө аж ахуйн газрынхан тус компанийг га-гаас 8.6 цн ургац авч байна гэсэн тооцоо гаргажээ. Харин Жаргалант сумын дундаж ургацын хэмжээ 9.6 цн гэж мэдээлсэн байна. Жаргалант сумынхан энэ жил 12 мянган га-д улаан буудай тариалсан бөгөөд одоогийн байдлаар 3000 га-гийн ургац алдсан гэнэ. Үлдсэн 9000 га-гийн 3200-д “Хөх баянбулаг” компани тариа тарьсан аж. Салбарын яам болон тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын мэдээ үнэн бол Жаргалантын үлдсэн 5800 га талбайгаас дунджаар 16.8 цн буудай хурааж авсан болж таарч буй юм.
Харин тариаланчдын хэлж буйгаар сумын дундаж нь 16.8 цн хүрэх нь бүү хэл энэ хэмжээний ургац хураасан компани энд нэг ч байхгүй гэнэ. Ингэж цаасан дээр буудай ургуулдаг байна. Манай улс өнгөрсөн онд өмнө байгаагүй их хэмжээний улаан буудай хурааж авсан гэж салбарын яам нь мэдээлж буй. Гэтэл одоо манай гурилын үйлдвэрүүд түүхий эдээр дутагдаж байна.
Тухайлбал, “Алтан тариа”, “Улаанбаатар” гурил компаниуд өнгөрсөн сарын сүүлчээр тээрэмдэх буудайгүй болж зогсчээ. Өмнөх жил 300 мянган тн-ыг хураасан байтал яагаад буудай дутав. Үлдсэн буудайг спиртийн үйлдвэрүүдэд дамласан уу гэх мэт хардлага дагуулж эхэлсэн. Үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооныхны тооцоогоор энэ хэмжээний ургац хурааж авсан бол ирэх он хүртэл буудайгаар тасрахгүй байх байсан аж.
Ж.Ариунболд “Талбайгаас хураасан буудайн хэмжээг ургацын нэгдсэн дүн болгож зарлаад байгаа. Ургац хураах явцад найман хувийн хорогдол гардаг. Мөн долоо орчим хувь нь тэжээлийн будаа болдог. Ингээд бодохоор нийт ургацын 15 орчим хувь нь хорогдож байгаа биз дээ. Гэтэл үүнийг ургацын мэдээ гаргахдаа тооцохгүй байна” гэлээ. Тус компани өмнө жилүүдэд цаг сайхан байхад 3000 гагаасаа 6000 мянган тн буюу га тутмаас 20 цн буудай хураан авдаг байж.
Үүнийх нь 15 хувь нь хорогдож 5000 орчим тн болдог байжээ. Энэ жил манай улс 360 мянган га-д буудай тарьсан бөгөөд 53 хувийг нь хураан авах боломжтой гэсэн. Мөн 100 гаруй мянган тн буудай дутна гэж буй. Тэгвэл Ж.Ариунболд “Уучлаарай сайд аа гэж хэлье. 15-30 жил зүтгэж буй тариаланчдын тооцоогоор 200 мянган тонн буудай дутна. Бидний тооцоо бодит байдлаас хол зөрөхгүй” гэлээ. Хэрвээ тариаланчдын тооцоо үнэн бол дутсан буудайг хаанаас нөхөх вэ. Тариаланчдын нийт хэрэглээний 90 гаруй хувь нь шатахуун, техник хэрэгсэл, бордоо гээд импортын бүтээгдэхүүн байдаг.
Тиймээс ам.долларын ханшийн өсөлт тэдний зардлыг нэлээд хэмжээгээр нэмэгдүүлж буй гэнэ. Төрөөс буудай тарих өртгийг бууруулахын тулд зохицуулалт хийж байгаа боловч байгаа онохгүй байна гэж тэд гомдоллов. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад шатахуун зээлээр олгож байгаа. Нефть импортлогч компанийн нийлүүлж буй шатахууны бөөний үнэ литр нь 1380- 1400 төгрөг байдаг бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тавин хувийн урьдчилгаа авч зээлээр өгч буй шатахууны үнэ литр нь 1780 төгрөг аж.
Төрөөс олгож буй шатахуун литр тутамд 400 төгрөгийн илүү үнэтэй байгаа нь тариаланчдыг дэмжих бус шулж байна гэж зарим тариаланч ярьсан юм. Энэ жил Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрүүд нэгдүгээр гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн. Гэтэл энэ жил нэг тн буудайн өртөг нь 600 мянган төгрөг давчихаад байгаа гэнэ.
Өртөг бууруулах арга бий юү гэж асуухад Ж.Ариунболд “Ам.долларын ханш бүхнийг шийдэж байна. Тухайлбал, нэг литр масло хоёр жилийн өмнө 5000 төгрөг байсан. Одоо 10 мянган төгрөг болчихоод байна. Ам.долларын ханш 1000 төгрөг болчихвол тн буудайн өртөг 300 мянган төгрөг болж буурах боломжтой” гэв.
Н.САНЖААСҮРЭН
БАЙР СУУРЬ
Энэ онд ургац хэр авах төлөвтэй байгаа болон түүнийхээ хэдэн хувийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд өгөх талаар газар тариалангийн компаниудаас тодруулав.
УРГАЦЫН ХЭМЖЭЭ ТӨЛӨВЛӨСНӨӨС БУУРЧ БАЙГАА
Ш.РЭНЦЭНДОРЖ (“Элсэн цагаан” компанийн захирал): -Төв аймгийн Угтаал суманд 2300 га газар тариалалт хийсэн. Манай компани ургацаа өм цөм алдсан зүйл байхгүй. Одоогоор 300 орчим га талбайгаас тариа хураагаад байна. Нэг га талбайгаас 10 орчим цн ургац авахаар байгаа. Мэдээж төлөвлөж байснаас буурч байгаа.
Тариалан эрхлэлтийг дэмжих санд буудайгаа нийлүүллээ гэхэд тээвэрлэлтийн зардлыг хэн хариуцах вэ гэдгийг ярих хэрэгтэй. Компаниудын тээврийн зардал харилцан адилгүй. Манай компани тээврийн зардлаа хариуцлаа гэхэд тонн тутмын 565.000 төгрөгөөс 30.000 төгрөг хасагдана. Гэтэл бас хорогдол гарна. Зарим гурилын үйлдвэрээс тонн буудайг 600.000 орчим төгрөгөөр худалдан авах санал тавьсан. Улаан буудайн үнэ хямдарчихаар зээлээ төлөх хугацаа хойшлох болчихоод байна.
ТОГТООСОН ҮНЭ НЬ ЗАРДЛААСАА БАГА БАЙНА
Л.ОТГОНБАТ (“Орхон тариа” компанийн захирал): -Манай компани Орхон аймгийн Жаргалант суманд 1000 га газар буудай тарьсан. Одоогоор буудайгаа хураагаад бараг дуусаж байна. Нэг га талбайгаас дунджаар 15 цн ургац авч байгаа. Өнгөрсөн жил манайх га-гаас 40 цн ургац хурааж байсан. Энэ жил ургацынхаа 60-70 хувийг алдах төлөвтэй байна.
Нэг га-гаас хурааж байгаа ургацын зардал өндөр байгаа. Гэтэл тонн буудай худалдан авах үнэ нь хямд байна. Тэгэхээр тогтоож буй үнэ нь зардлаасаа бага болчихоод байна гэсэн үг. Бид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хор, бордоо авсан, түүнийхээ үнэд буудайгаа нийлүүлнэ. Тэд тонн буудайг 565.000 төгрөгөөр худалдан авъя гэсэн.
Тонн буудайн үнийг 600.000 төгрөгөөс буулгачихвал бид алдагдал хүлээнэ. Ер нь газар тариалангийн бүх компани өр зээлтэй. Нэгийг нь нөгөөгөөр нь төлөөд л явж байгаа. Энэ үнээр буудайгаа нийлүүлбэл банкнаас авсан зээлээ төлж чадахгүй болчихно. Тонн буудайг 700.000 төгрөгөөр үнэлэх болов уу гэж бодож байна. Ерөнхий сайд тариаланчдад урамшуулал бараг олгохгүй гэж ярьсан байна лээ. Хэрэв иймд хүрвэл буудайны үнэ улам доошилно гэсэн үг.
ИРЭХ ЖИЛ ТАРИХ ҮРГҮЙ БОЛЧИХЛОО
Л.ЦАНДЭЛЭГ (“Ургац хүдэр” компанийн захирал): -Энэ жил 3500 га газарт буудай тариалсан. Манай талбай (Сэлэнгэ аймгийн Хүдэр сум) Монгол Улсын хамгийн чийглэг, модтой, үр шимтэй газар байрладаг. Гэтэл манайх нэг га талбайгаас 10 орчим цн ургац авч байгаа. Хаягдал, ногоо ихтэй байна. Манайх хамгийн үр шимтэй газраасаа ургацынхаа 50 хувийг алдаж байгаа.
Гурил үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн. Тэгсэн мөртлөө буудай худалдаж авах үнээ маш хямд хэлж байгаа. Энэ жил тонн буудайн үнэ 700-800 мянган төгрөгийн хооронд тогтох ёстой. “Алтан тариа”-гийн кг гурилын үнэ гэхэд 1200 төгрөг болчихсон. Ийм үнээр хүмүүс гурил худалдан авч, идэж л байгаа. Бид ирэх жил тариа тарих үргүй болчихлоо. Бас банкны зээлээ төлж чадсангүй, ажилчдадаа өгөх цалингүй гээд хүндрэл байна.
БИД ХҮНИЙ ӨМНӨӨС АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ, БОЛГОХ ЁСТОЙ
Б.БАЯРХҮҮ (“Товхон хан” компанийн захирал): -Манай компани Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 2000 га газар буудай тарьсан. Энэ жил нэг га-гаас 12 цн ургац хураахыг зорьж байгаа. Одоохондоо үнийн талаар ярьсан зүйл алга. Энэ жилд манай буудайны чанар сайн байгаа. ХХААЯ-наас үрэнд авна гэж байгаа. Буудайныхаа тодорхой хэсгийг гурилын үйлдвэрүүдэд өгнө.
Одоогоор төдөн төгрөгөөр буудай худалдан авъя гэж санал тавьсан компани байхгүй. Өнгөрсөн жил нэг га-гаас 27 цн ургац авч байсан бол энэ жил 12 болж багаслаа. Манай компани урт хугацааны техникийн зээлтэй. Гэхдээ болгоно оо. Энэ чинь бизнес, хүний өмнөөс ажил хийж байгаа биш шүү дээ.
Ц.БОЛОР