Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбаттай ярилцлаа.
-Таныг ажлаа аваад 100 гаруй хүнийг халж байгаа гэж сонслоо. Ямар учраас тэр хүмүүсийг халж байгаа юм бэ?
-Би өнгөрсөн гуравдугаар сард Засгийн газрын тогтоолоор Гаалийн ерөнхий газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн юм. Харин энэ сарын 7-нд намайг буцааж томилсон. Улс төрийн байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулаад гаалийн байгууллагад хууль бус томилгоо болж байна гэдэг шуугиан гарч, газар авсан байв.
Тиймээс хуульд нийцүүлж, засаж залруул гэдэг үүргийг Засгийн газраас надад өгсөн. Ингээд ажилдаа ороод энэ талаар судаллаа. Гуравдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 7 хүртэл гаалийн байгууллагад 115 хүнийг ажилд шинээр томилохдоо 80 орчим хүнийг нь хууль зөрчиж томилсон байгаа юм.
-Тэр хүмүүсийг халж байгаа юм уу?
-Тэгж ойлгож болно. Манай байгууллагад ажлын байрны орон тоо гарвал шалгалт авч, тэнцсэн хүнийг томилдог журамтай. Гэтэл дээрх хүмүүсийг шалгалт авалгүйгээр шууд томилж, гаалийн байцаагч болгосон гэсэн үг. Энэ нь Төрийн албаны зөвлөлөөс баталсан журам, Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм.
Үүнээс гадна өнгөрсөн зургаан сарын хугацаанд манай бүтэц томорсон байна. Засгийн газрын тогтоол, Сангийн сайдын тушаалаар Гаалийн ерөнхий газрын системд дээд тал нь 1425 хүн ажиллах ёстой. Гэтэл өнөөдөр 1554 болчихсон байна. Орон тоо 129 хүнээр илүүдсэн байгаа биз. Үүнээс үүдээд удирдлагын бүтэц давхардсан байгаа юм.
Юу гэсэн үг вэ гэхээр 18 ахлах байцаагч байх ёстой газар 30 гаруй ахлах байцаагч томилсон байх жишээтэй. Ингэж бүтэц томорсноор жилд нэг тэрбум орчим төгрөгийн дарамт төсөвт учруулж байгаа. Цаашид одоогийн орон тоогоороо явах юм бол оны сүүлчээр 92 сая төгрөгийн цалингийн өртэй болж магадгүй.
-Гаалийн газар мэргэшсэн байгууллага мөн үү. Мэргэжлийн бус, мэргэшээгүй хүнийг ажиллуулдаг гэдэг шүүмжлэл байдаг?
-Гаальд бүхий л мэргэжлийн хүн хэрэгтэй. Гаднаас орж ирж байгаа бүхий л бараа, бүтээгдэхүүнийг шалгана шүү дээ. Багш хүн ч манайд ажиллаж болно. Манайх мэргэжлийн сургалтын төвтэй. Тэгэхээр мэргэжлийн гэдэг үг манайд харьцангуй ойлголт болчихоод байгаа юм. Гагцхүү гарсан сул орон тоон дээр л хүн авах ёстой. Статистикч хүн ажлаас гарсан бол ийм мэргэжилтэн л авах ёстой. Тиймээс гаалийг мэргэшсэн байгууллага гэж хэлж болно.
Гаалийн байгууллага нэг талдаа үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, нөгөө талдаа улсын төсвийн орлого бүрдүүлж, төрийн ажлыг явуулах гол үүрэгтэй. Бүхий л үйл ажиллагаа нь энэ хоёр функцээс хамааралтай. Тэгэхээр гаалийг төрийн тусгай алба ч гэж ойлгож болох юм.
Үүнээс гадна гаалийн ажилтнууд хилээ манадаг учраас тушаалаар томилогдож, ажилладаг. Харамсалтай нь, нийгмийн шинэчлэлийн хүрээнд тушаалаар бус өөрийнхөө сонирхлоор ажиллах тохиолдол гарч байгаа.
-Танай газар улсын төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэгтэй гэдгийг сая хэллээ. Энэ онд төсвийн орлогыг тогтоосон ёсоор төвлөрүүлж чадах уу?
-Гаалийн татварын орлого улс орны хөгжилтэй шууд холбоотой. 2000 оноос хойш гаалийн татварын орлого жил бүр гурван хувиар нэмэгддэг байсан. 2009, 2010 онд эдийн засаг огцом өсөх үеэр гаднаас тоног төхөөрөмж их орж ирсэн. Тухайн үед улсын төсөвт 850 тэрбум төгрөг төвлөрүүлдэг байсныг 1.4 их наяд болгочихсон.
Улмаар дахин нэмж 2.3 их наядыг оруул гэсэн. Гэвч эдийн засаг хямраад, бараа орж ирэх нь багасчихлаа. Өнгөрсөн жил бид 1.9 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлж өгөх төлөвлөгөөтэй байсан ч 1.6 их наядыг л оруулсан байдаг. Энэ жил ч төлөвлөсөн орлого 400-450 сая төгрөгөөр тасарч магадгүй.
-Тэгвэл төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд гаалиар нэвтэрч байгаа хүн бүрийн цүнхтэй хувцаснаас татвар авах нь холгүй байна гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр худлаа. Манайх эрсдэлийн удирдлага гэдэг аргыг нэвтрүүлээд олон жил болж байна. Арван хүн ороход гурвынх нь барааг шалгаад, үлдсэн долоод нь итгэл үзүүлж байгаа юм. Бусад улс ч ийм аргаар ажиллаж байгаа. Гэтэл гаалийнхан хууль бус юм оруулчихаж гээд санаатайгаар, хийчихсэн юм шиг л хардах тохиолдол бий.
-Энэ газрын даргыг хэн нэгний гар болж, түүнийхээ тушаалаар байцаагчдыг томилдог гэдэг яриа байдаг шүү дээ.
-Авлига авдаг уу л гэж асуух гээд байх шиг байна. Энэ хардалт зүй ёсных. Сүүлийн 20 жилийн хугацаанд бүгд л баяжихын төлөө явлаа. Ямар нэгэн аргаар өмчтэй болох хөдөлгөөн нийгэм даяар өрнөсөн. Үүнээс улбаалаад бүх л байгууллагын ажилтан, алба хаагчдыг авлига авдаг гэсэн ойлголт бий болчихсон. Тэр нь ч үнэний хувьтай.
Манай байгууллагаас олон хүн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр халагдаж байгаа. Миний халсан хүмүүсийн дийлэнх нь авлигаас болж байсан юм. Ер нь бол гаалийн байгууллагын ажилтнуудтай холбоотой авлига, албан тушаалын үйлдэл тасардаггүй гэхэд хилсдэхгүй.
Тийм ч учраас би ажлаа өгөхдөө “Таны өмнө авлигагүй гаалийн дарга сууж байна. Надад нэг мөнгө өгсөн хүн байвал оруулаад ир. Би өөрийгөө олон нийтэд зарлаад, хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэж хэлж л байсан.
-Гэхдээ таныг дахин Гаалийн ерөнхий газрын даргаар томилогдсоныг Сангийн сайд асан Ч.Улаантай холбоотой гэсэн яриа гарчихсан байгаа шүү дээ?
-Танихгүй, нэг л удаа уулзаж байсан Ч.Улаан гэдэг хүн 2000 онд намайг Сангийн яаманд газрын даргын ажилд авсан. Ингээд бид дөрвөн жил хамтарч ажилласан. Тийм болохоор л холбоотой байдаг. Түүнээс биш Ч.Улаан сайдын хүн болохоор намайг Гаалийн ерөнхий газрын даргаар буцааж томилсон асуудал байхгүй. Тэр хүн одоо сайд биш, УИХ-ын гишүүн.
Эрх мэдэл нь ч хязгаартай. Надад итгэсэндээ л Засгийн газраас намайг дахин томилсон байх гэж бодож байгаа. Халагдсан, арга хэмжээ авахуулсан хүн гомддог учраас л ийм яриа гаргаж байгаа байх. Одоо ч халагдсан, халагдах гэж байгаа хүмүүс ийм мэдээлэл тараах байх. Ч.Улаан томилсон эсэхийг хуулийн байгууллага л шалгаж, тогтоох байлгүй. Би ажлаа хийж, хүлээсэн үүргээ л биелүүлэхийн төлөө ажиллана.
Г.БАЯРЦЭЦЭГ