Зам, тээврийн яам, Зам тээврийн хөгжлийн төв, Японы Авто замчдын холбооны мэргэжилтнүүд хамтран өнөөдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр анхаарал татсан нэг сэдэв бол Michi-no-Eki буюу зам дагуух үйлчилгээ гэдэг зүйл. 1990-ээд оноос хойш Японд хөгжиж, тэдний туршлагаар өдгөө Вьетнам, Индонез, Камбож, Кени зэрэг улс энэ үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чаджээ. Тэгвэл Монгол Улсад зам дагуух үйлчилгээг олон улсын жишгээр хөгжүүлэх боломж, стандартчилал бий юү гэсэн асуултад ALMEC корпорацын захирал, доктор Кацүхидэ Нагаяа “Монголын үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын дурсгалт газар, нүүдэлчдийн ахуй амьдрал, олон ястнуудын өвөрмөц зан заншил, соёл уламжлал бол Michi-no-Eki-г хөгжүүлэх хамгийн тохиромжтой орчин нөхцөл” хэмээсэн. Гэтэл манайд Дархан-Уул-Улаанбаатарын замд байдаг “Урьхан”-ыг эс тооцвол зам дагуух үйлчилгээ гэхээр олигтойхон цогцолбор байдаггүй. Уг нь энэхүү үйлчилгээг хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил хамтран ажилладаг юм байна. Төр буюу тухайн орон нутгийн удирдлагууд хаана, ямар үүрэг, чиглэл бүхий зам дагуух үйлчилгээ нээх вэ гэдгийг шийдэж, түүнийх нь менежмент, үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэн хариуцдаг аж.
“Зам дагаж хөгжил гэж манайхан зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Гагцхүү авто замын хөгжлийг ярихдаа бүх салбартай нь уялдуулах ёстой юм. Зам дагуух үйлчилгээг зөв газраа оновчтой нэвтрүүлж чадвал тухайн орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүн амд ихээхэн үр өгөөжтэй. Зам дагуух үйлчилгээний Японы туршлагыг Дэлхийн банкныхан “Энэ бол орон нутгийг тогтвортой хөгжүүлэх загвар аргачлал мөн” гэж хүлээн зөвшөөрсөн. Үүнийг Монголдоо хэрхэн нэвтрүүлэх тухай бид олон судалгаа хийсэн. Одоо олон нийтийн сонорт хүргэх анхны хэлэлцүүлгээ хийж байна. Тиймээс үүнийг төр, засгийн түвшинд анхаараасай” хэмээн Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн захирал Э.Эрдэнэчимэг ярилаа. Манайхан энэ талын судалгаа, саналаа нэгтгээд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхээр ЖАЙКА олон улсын байгууллагад хандаад байгаа гэнэ.