Дампуурлаа зарлаж байгаа олон аж ахуйн нэгжийн араас Монголын парламент шил даран айсуй. Компаниуд эдийн засгийн хямралд сөхөрч байгаа бол хууль тогтоох дээд байгууллага цаг хугацааны мэдрэмжээ бүрмөсөн алдаж, тэнд суугаа 76-гийн 2015 оны сүүлчийн улирлын ажил төрөл үндсэндээ дампуурлаа.
Наранд нь зүгээр суугаад, саранд нь зүүгээ хайдгийн үлгэр УИХ-д оршвой. Намрын налгар өдрүүдийг найр наадам хэссэн шиг ээ хий дэмий өнгөрүүлсэн назгай гишүүдийн гарт толгой хуульчдын тэр бүр зориглон хөнддөггүй Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн төсөл зэрэг шахам очсон нь эдийн засгийн хямралаас ч илүү зовлон юм.
Ардчилсан, шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталж мөрдсөнөөс хойших 23 жилийн хугацаа Монголын нийгэмд гарсан хамгийн их шинэчлэлтийг гэрчлэн улирч байна. Тиймээс Үндсэн хуулиа өөрчилье, шинэчилье гэх яриа тасардаггүй нь нэн шинэ түүхийн алдаа, оноогоо засаж залруулах гэсэн хүсэл мөрөөдөлтэй салшгүй холбоотой гэж үзэж болох юм.
Төрийн эрх мэдэл, засаглалын хямралын сэдэв ч байнга шахам хөндөгдсөөр иржээ. Жишээ нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар болон З.Энхболдын даргалж буй УИХ хоорондын харилцаанаас Үндсэн хуулийн хямрал тод илэрч байгаа билээ.
“Фортуна” гишүүнээр ахлуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсэг бүхэл бүтэн 10 сар ажилласны эцэст эрхбиш нэгэн төслийг бэлдсэнээ УИХ-ын даргад өргөн барьснаас хойш 13 хоног өнгөрч байна.
Тэд цоо шинэ зүйл эхлээгүй. Хуулийн төсөл боловсруулж эхлэхээс нь нэг жилийн өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт хэдийнэ гарчихсан байсан тул хуулийн төслөө цаг хугацааны хайчаар сүлбэн, оны заагт тулган өргөн барьсанд гайхах ч багадна.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хугацааг УИХ-ын сонгуулиас зургаан сарын өмнүүр тасалбар болгодог хуультай. Тэгэхээр одоо УИХ-д 40 хүрэхгүй хоног л үлджээ. “Ядаж байхад яр” гэгчээр Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга хүлээн авав.
Энэ хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө баталсан байх хуультай. УИХ онцгой чухал хоёр хуулийг “гялс” батлах хуумгай төлөвлөгөө боловсруулсан нь ард түмнээрээ даажигнах ээлжит сюрприз биш байгаасай. Гэсэн ч он солигдохын өмнөх өдрүүд “гэнэтийн бэлгээр” дүүрэн байх бололтой.
ДӨНГӨЖ 40
Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахад 40 хүрэхгүй хоног үлдсэн байгааг М.Батчимэг гишүүн “торгон агшин” гэж гоёчлон нэрлэсэн нь хүнддэх дэндүү ахар хугацаа. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцэхийн өмнө ард нийтийн санал асуулга явуулах юм.
Үндсэн хуулийн тухайд санаа оноог нь сонсохын өмнө олон нийтийг мэдээллээр бүрэн хангах ажил хийсэн байх учиртай. Энэ ажлыг үл тоовол Үндсэн хуулиа гурилдаж байгаагаас өөрцгүй хэрэг. Хүмүүс Үндсэн хуульд нэмэх гэж байгаа өөрчлөлтүүдийг зүйл, заалт бүрээр нь ягштал цээжлэхгүй.
Гэхдээ ямар шаардлагаар, ямар агуулгатай өөрчлөлт орохыг заавал мэдэж байх ёстой. Ард нийтийн санал асуулгын мөн чанар энд оршино.
Үндсэн хуулийн санал асуулгыг олон нийтийн дунд үе үе явуулдаг топ улстөрч шалгаруулах рейтингийн судалгаанаас ялгахын тулд олон нийтийг мэдээллээр хангахаас өөр гарцгүй.
УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан баримт бичигтээ ажлын хэсгийнхэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нийгмийн зөвшилцлийг бий болгох нь чухал ач холбогдолтой” гэж цагаан дээр хараар бичжээ.
Гэвч одоогийн нөхцөл байдлыг харахад тэд зүгээр л хаа нэгтээгээс орчуулаад тавьчихсан бололтой. Ард нийтийн санал асуулга явуулахын өмнө нийгэмд маш бага хувийг эзэлдэг боловч өргөнөө хүлээн зөвшөөрөгддөг хуульчид, багш нар, судлаачдын үгийг олон нийтэд хүргэх ажил одоо хэр эхлээгүй байна. Энэ ажилд багаар бодоход 15 хоног шаардлагатай.
Хуулийн төслийг өргөн барьснаас хойших 13 хоногийн хугацаанд итгэхэд бэрх боловч ганц ч удаа эрдэм шинжилгээний бага хурал, дугуй ширээний ярилцлага зохиогдсонгүй. 76-гийн улстөржсөн яриа л улиглав. Энд УИХ-ын ажлын зохион байгуулалт дутлаа.
Нийгэм нь мэдээлэлгүй, бэлтгэл ажил дулимаг байхад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэнэ гэдэг үлгэрийн далай юм. Ард нийтийн санал асуулгаар “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдсөн байдлыг баталгаажуулна” хэмээн том ярьж яваа ажлын хэсгийн есөн гишүүн хүртэл дотроо байр суурийн зөрүүтэй, намаараа талцсан байгаа нь Үндсэн хуулийнхаа өмнө үйлдсэн, мэхийгээд баршгүй гэм зэм гэмээр.
ЮУ ГЭЖ АСУУХ ВЭ
Ард нийтийн санал асуулгыг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд явуулахаар төсөлд анх тусгасан байлаа. Энэ хугацааг хойшлуулсан. Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр арванхоёрдугаар сарын 6-нд явуулсан ч болохоор юм шиг ярьснаас хойш албан ёсны зар алга байна.
Ард нийтийн санал асуулгын тов одоо болтол тодорсонгүй. Түүнчлэн ард түмнээсээ яг юу гэж асуух талаар хэлэлцэж тогтсон шийд гарсангүй. Асуултын шоглоомыг бэлтгэх, санал бөглөх загварыг хэвшүүлэх гээд санал асуулгын өмнөх техник ажил ч зуун задгай.
Юу гэж асуухаас маш их зүйл шалтгаална. Асуулт хэт бүрхэг буюу “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу” гээд “Тийм”, эсвэл “Үгүй” гэсэн цэс санал болгоно гэвэл ийм асуулга огт явуулаагүй нь дээр.
“Тийм” гэсэн хариултын дүнд Үндсэн хууль хэрхэн өөрчлөгдөхийг тавьж буй асуултын агуулгад товч, тодорхой шингээсэн байвал зохино. Хуулийн төслийн үндсэн гол зүйл болох УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон таван жилээр сонгох, Засгийн газрын бие даасан байдлыг дээшлүүлэх, Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг УИХ-аас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар, нэг удаа сонгодог болгох зэрэг өөрчлөлтийг тусгасан асуулт заавал байх ёстой санагдана.
Гэхдээ нарийн ширийн ажил хэрэг одоо болтол эхлээгүй байгаагаас харвал ард нийтийн санал асуулга болох нь эргэлзээтэй. Арваннэгдүгээр сарын хуанли эргэчихвэл цаг хугацааны буланд шахагдах УИХ ард түмнээс саналыг нь асуух шаардлагагүй боллоо гэж гэнэт зарлах магадлалтай.
“ФОРТУНА”-99
Хүн ам хоёр сая байхад баталсан Үндсэн хууль ёсоор УИХ 76 гишүүнтэй. Одоо нэгэнт гурван сая хүнтэй болчихсон тул хууль тогтоогч гишүүдийнхээ тоог өсгөхөд болохгүй гэх газаргүй гэж үзжээ. Тэгээд 99 гэсэн тоог гаргаж л дээ. 99 байдаг нь юу юм гэсэн шүүмжлэлийн учир шалтгаан энэ тоонд ч байгаа юм биш.
Гал тахидаг, бэлгэдэл шүтдэг “Фортуна” гишүүн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалснаас болж зарим хүн жаахан харшаад байгаа хэрэг.
Н.Батбаярын ахалсан ажлын хэсэг есөн гишүүнтэй, ирээдүйн УИХ 99 гишүүнтэй байх нь Үндсэн хууль шиг цэвэр шинжлэх ухааны бүтээлд нэг л наалдаж өгөхгүй байгаа бололтой.
Асашёорюүг сүмогийн 68 дахь их аварга болоход нь зориулж Н.Батбаярын боловсруулсан гэнэтийн ашгаас 68 хувийн татвар авах хууль одоо байхгүй. Харин түүний 99 гишүүний “дууль” одоо хэлэлцэгдэх гэж байна.
“Фортуна”- гийн шүтлэг, бэлгэдэлд харшилтай хүмүүсээс болж Үндсэн хуулийн шинэтгэлийн бодлого шүүмжлэлд булуулж, сөргөөр сурталчлагдах хандлага бүү гараасай гэх санааг энд хэлэх гэсэн юм.
Үндсэн хууль бол арванхоёрдугаар сарын 25-наас өмнө амьсгаа дээгүүр зэхдэг зул сарын бэлэг сэлт биш бөгөөд бөө мөргөлийн бэлгэдэл, 99 тэнгэр зэргээс огт өөр зүйл билээ.
Б.ЭНХЦЭЦЭГ