Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барьснаас хойш 14 хоног өнгөрч, “эцэг” хэмээгддэг хуулийг өөрчилж шинэчлэх сэдэв нийгмийн анхаарлыг нэлээд татаж байна. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхмийн Үндсэн хуулийн эрх зүйн багш, доктор, дэд профессор Д.Гангабаатартай энэ талаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчид үеийн үед байсаар ирсэн. Энэ удаа ч шүүмжлэл тасрахгүй төлөвтэй. Та ямар бодолтой явна?
-Ардчилсан дэглэмтэй улсын Үндсэн хууль нь нийгмийнхээ үнэт зүйлсийг хамгаалж байдаг. Нэг удаагийн сонгуулиар түр зуур олонх болсон эрх баригч эрх мэдлээ урвуулан нийгмийн үнэт зүйлсэд дур зоргоор халдахаас сэргийлэх зорилгоор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хатуу шалгуур тавьдаг юм.
Тийм учраас нэмэлт, өөрчлөлт оруулах журмаа өөрчлөхөд хялбар байлгахгүйн тулд зохицуулалтыг нь Үндсэн хуулийнхаа нэг бүлэг болгож оруулсан. Энэ журамд нийцүүлэн гарсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг парламент дагаж мөрдөх ёстой.
Нийгмийн өөрчлөлт, цаг үеийн шаардлагаар Үндсэн хуулийг өөрчлөх, сайжруулах, хөгжүүлэх боломжтой байх ёстой. Нэмэлт, өөрчлөлт мэдээж оруулж болно. Гэхдээ энэ үйл ажиллагааг заавал хуулийн дагуу, иргэдийн оролцоог хангасан, хэлэлцэж, зөвшилцөх хангалттай хугацаатайгаар хийдэг ёстой юм.
Олон нийтэд мэдээлэл хүргэх, хүрсэн мэдээллийг нь боловсруулах, судлах, тал талаас нь нухацтай хэлэлцэх хугацаа олгохгүй бол иргэний нийгмийн байгууллагууд, судлаачид, иргэд зохион байгуулалтад орж хэлэлцэх, мэтгэлцэх, судлах боломжгүй болно.
Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яаруу сандруу, сонгуулиас л өмнө шийдэх гэх нь буруу. Одоогийн төслийг олж үзлээ. Төсөлд зөв зүйтэй санаанууд байгаа ч дутуу дулимаг зүйл бас байна.
-УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхээ ард нийтийн санал асуулгаар шийдүүлнэ гэж байна. Дараа нь УИХ хэлэлцэнэ гэхээр хуулийн хугацаанд амжихгүй л болов уу?
-Үндсэн хуулийн олон зүйл заалтыг нэг дор өөрчлөхөөр оруулж ирж байна. Дотор нь хэрэгтэй заалтууд ч байна. Дутуу боловсруулсан заалтууд ч байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх нь хууль ёсны шинж чанарыг нь баталгаажуулах боловч, одоогийнх шиг хэлэлцэж, зөвшилцөж, судлах бололцоог иргэдэд, судлаачдад олголгүйгээр санал асуулга явуулах нь аюултай.
Ард нийтийн санал асуулгыг дарангуйллын дэглэмээ бэхжүүлэхэд ашигласан тохиолдол олон улсад цөөнгүй байдаг юм шүү. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад маш ул суурьтай хандаж, эрдэмтэн судлаачид, ард түмнээр өргөн хүрээнд хэлэлцүүлж байж шийдэх ёстой гэж судлаачийн хувьд үздэг.
Хэдхэн хоногийн дотор ард нийтийн санал асуулга явуулна гэснийг сонсоод үнэндээ итгэсэнгүй. Хэрэв үнэхээр ийм товчхон сонордуулгаар яаруу сандруу ард нийтийн санал асуулга явуулах гэж байгаа бол энэ нь хуульд нийцэхгүйн дээр цаана нь ямар ашиг сонирхол байна гэж хардахад хүргэнэ.
Шийдвэр гарснаас хойш 30-аас доошгүй хоногийн дараа санал асуулга явуулах хуулийн заалт байгаа. Цаг хугацааны хувьд энэ төслийг хэлэлцэж, сайжруулж боловсруулаад батлах боломж яг одоогоор алга.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дэмжсэн байна. Үндсэн хуулийн олон тооны зүйл заалтыг яаран өөрчлөх гэж байна. Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй хангалттай танилцаж амжаагүй байхад санал асуулга явуулах нь хэлбэр хөөсөн, нэр төдий хэрэг болно.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн наймдугаар зүйл буюу УИХ-ын гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлахыг хориглосон заалтыг зөрчсөн гэх шүүмжлэл байгаа. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 8.1.1-д УИХ-ын бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлахыг хориглосон. УИХ энэ хуулийн заалтыг дагаж мөрдөх ёстой.
-УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, таван жилээр сонгох тухайд ямар бодолтой байгаа вэ?
-Парламентын засаглалтай ихэнх оронд парламентын танхимын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Үндсэн хуульд тодорхой тоо зааж өгсөн нь учиртай. Олонх өөрийн бүрэн эрхийн хугацааг дур зоргоор нэмэхээс хамгаалдаг зохицуулалт болж байгаа юм.
Өндөр албан тушаалтан эрх мэдлээ хадгалахын тулд бүрэн эрхийн хугацаагаа уртасгах сонирхолтойг харуулсан маш олон жишээ байдаг. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Иракийн Курдистаны Ерөнхийлөгчийн жишээ байна.
Таван жил болгосноор ямар эерэг үр дагавар гарахыг олж харахгүй байна. Дөрвөн жил бол мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхэд хангалттай урт хугацаа.
Сонгогчдын дэмжлэгийг хүлээсэн гишүүнд дахин сонгогдох боломж үргэлж нээлттэй. Таван жил болгох нь лав л нийтийн эрх ашигт үйлчилнэ гэж бодохгүй байна.
Гишүүдийн тоо хэд байх талаар тогтсон түгээмэл зарчим байдаггүй. 127 сая хүн амтай Япон Улсын парламентын доод танхим 475 гишүүнтэй байхад 64 сая хүн амтай Их Британийн парламентын доод танхим 650 гишүүнтэй.
Хүн амын тоо, төрийн байгууламжийн хэлбэр, засаг захиргааны нэгж, сонгогчдын тоо гээд олон хүчин зүйл парламентын гишүүдийн тоог тогтооход нөлөөлдөг. Хүн амын тооноос хамаарч парламентын гишүүдийн тоог тогтоодог аргачлал ч байна.
Манайх шиг хүн ам цөөнтэй жижиг улсын хувьд гишүүдийн тоо олон байх нь гадна дотнын нөлөөлөлд автах нь багасах, мэргэшсэн парламенттай болох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх болон тусгаар тогтнол, улсын аюулгүй байдлын өнцгөөс нь авч үзсэн ч чухал гэж харж байна.
Цөөн гишүүнтэй байхаар 20 хүн сууж байгаад хууль батлах гээд, УИХ-ын чуулганы хуралдааныг хүчинтэйд тооцох ирцийг өндөрсгөхөөр ирц бүрдэхгүй байна гээд ажлаа хийхээ байдаг. Үүнийг шийдвэрлэх нэг арга зам нь гишүүдийн тоог нэмэх юм.
-Улсын Ерөнхий прокурорыг, мөн Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-ын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч батламжлахаар зохицуулж, УИХ-ын бүрэн эрхийг өргөтгөсөн гэсэн шүүмжлэл байна. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас зургаан жилээр, нэг л удаа сонгох тухайд Та юу гэж бодож байна вэ?
-Одоог хүртэл манай улсыг Үндсэн хууль судлаач гадаадын эрдэмтэд хүртэл хагас Ерөнхийлөгчийн засаглалтай гэж үзсээр ирсэн. Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс хуваалцаж, нөлөөлөх боломжтой байдлаар Үндсэн хуульд хуульчилсан байгаа.
Ерөнхийлөгч нь өөрөө хэр идэвхтэй, нөлөөтэй хүн бэ гэдгээс хамаарч тэр хэмжээгээр нөлөөлөх боломжтой. Цэвэр парламентын засаглалтай болъё, Ерөнхий сайдаа ажлаа хийх бололцоогоор нь хангая гэсэн санаатай холбоотой орж ирсэн зохицуулалтууд гэж харж байна.
-Тиймээс Ерөнхий сайдад багаа өөрөө бүрдүүлэх боломжийг нь олгохоор төсөлд тусгасан юм билээ.
-Саяхан Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр манай улсад Засгийн газрын кабинетын тогтолцоо бий гэдгийг баталгаажуулсан. Энэ зарчмыг хэрэгжүүлж чадвал Засгийн газрын үйл ажиллагаа илүү тогтвортой болж, Ерөнхий сайд кабинетаа өөрөө бүрдүүлж, хамтаараа хариуцлага хүлээдэг болно. УИХ дахин дахин огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр оруулдаг нь ч багасна.
Гэхдээ шинэ төсөлд энэ зарчим бүрэн хэрэгжихээр тусгагдаж чадаагүй. Тухайлбал, УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлэх тухай зохицуулалтыг илүү боловсронгуй болгож оруулж ирэх ёстой байсан.
Засгийн газар, Ерөнхий сайд ажилдаа алдаа дутагдал гаргасан бол хамтын зарчмаар УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг байх. УИХ-аас Засгийн газарт итгэл үзүүлэхгүй гэж шийдвэл Засгийн газар огцордог, харин ийм шийдвэр гаргаж чадаагүй бол УИХ өөрөө тарах нөхцөл бүрдэх боломжтой байх ёстой.
Вайнмарын төрийн хямралаас үүдэн Германы Үндсэн хуульд орж ирсэн зохицуулалт л даа. Манайд хэрэглэх боломжтой хувилбар гэж харж байгаа.
Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ дөрвөн жилд хэдэн удаа, эсхүл жилд хэдэн удаа хэлэлцэж болох тал дээр хязгаар тогтоож өгснөөр Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад нөлөөлөх боломж бий.
Ер нь Үндсэн хуульд ямар ч нэмэлт, өөрчлөлт орсон бид дараах хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн суурь зарчмууд, хүний эрх, эрх чөлөөний баталгаа, ардчилсан дэглэм, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт, тэнцвэрийн зарчмыг сулруулсан байж болохгүй.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь юу болох, энэ өөрчлөлтийг оруулснаар тэр зорилгодоо хүрэх эсэх, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүйгээр бусад хуулиар зохицуулаад явж болох эсэх, өөр ямар хувилбарууд байгаа хийгээд энэ хувилбар нь яагаад илүү болох, нэмэлт, өөрчлөлт орсноор ямар эерэг, сөрөг үр дагавар гарч болох вэ гээд олон асуудлаар судалгаа хийх шаардлагатай.
Гуравдугаарт, нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар судалгаанд тулгуурласан зөвшилцөл, хэлэлцүүлэг явуулах, иргэдэд мэдээлэл түгээх хэрэгтэй. Иргэд байгаа мэдээлэл дээрээ л тулгуурлаж шийдвэр гаргана.
Нэмэлт, өөрчлөлтийн төсөл, томъёоллоо хэдхэн хоногийн өмнө ил гаргаж ирээд шууд ард нийтийн санал асуулга явуулна гэх юм болиргэдэд шууд тулгасан хэрэг болно. Мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн хэрэг болно.
Зөвхөн хуулийн төсөл тараагаад хангалтгүй, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаачид олон талаас нь хангалттай сайн ярилцаж, иргэд энэ талаар мэдээлэл авах боломжтой хугацаа гаргаж өгөх ёстой.
Б.ЭНХЦЭЦЭГ