Гартаа улаан цэцэг барьсан ахмадууд их л хүндэтгэлтэй мэхийж зогсоно. Баяр ёслолд уригдсан уу гэмээр гангалж, энгэртээ одон медалиа зүүчихсэн, нүүрэндээ мишээл тодруулахыг харах юутай сайхан.
Гэтэл миний ард “Одоо бид яах ёстой юм бол, ямар ч замбараагүй шавдаг юм бэ дээ” гэхчлэн бохио тас няс хийн зажлангаа албадлагаар энэ арга хэмжээнд ирчихсэн юм шиг шивнэлдэхээс чангаар яриад зогсох охид, хөвгүүдээс болоод аятай бодол хийсээд одох шиг боллоо.
Гадаад хэргийн яамны баруун талд байрлах “Халуун элгэн нутаг” дууны хөшөөний өмнө өчигдөр бага үдийн хэрд урлаг, соёл, нийгмийн салбарын хүндтэй зүтгэлтнүүд цуглан Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, билиг зүйч Жамцын Бадраа гуайд хүндэтгэл үзүүллээ.

Энэ жил түүний 90 насны ой тохиож буй бөгөөд дуусгаж амжаагүй бүтээлүүдийг нь үргэлжлүүлэх, судалгааны бүтээл болон худалдаанд байхгүй болсон номыг нь дахин хэвлүүлэх гээд олон ажил төлөвлөснөө Ж.Бадраа агсны ач хүү Б.Наранзун ярив. Ой тэмдэглэх арга хэмжээний эхлэл нь энэ.
Төрийн дууллын энтэй “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг бичсэн энэ эрхэм монгол хүнийг үндэсний бахархал, уламжлалт соёл, уртын дуу, морин хууртайгаа үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өнөөдөр бид мартах учиргүй.
Тиймдээ ч Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, “Бадраа” сангийн тэргүүн Н.Жанцанноров “Бадраа гуай шиг хүний ойгоор дамжуулаад уламжлал, шинэчлэл, зан заншил, ёс жудаг, ёс зүй, хүмүүсийн өнөөгийн өөрчлөлт, монголчуудын үнэ цэнийг дараа дараагийн үеийн залууст ойлгуулах хэрэгтэй юм.
Төр засаг, олон нийт, мэргэжлийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь ч үүнийг сайн ашиглах хэрэгтэй. Зөвхөн ах дүү, найз нөхөд нь ирээд л, дууных нь хөшөөнд цэцэг өргөөд болчихдог юм биш. Яахын тулд ийм алдартнуудын ойг тэмдэглэдэг юм бэ гэж нэг удаа ч гэсэн өөрөөсөө асуугаарай.
Тэр хүн үнэхээр алдартай, гавьяатай, мундаг хүн байсан юм бол тэр хүний нэрээр Монгол Улсын нэр хүндийг олон улсад таниулж, өсгөж болдог учраас л Чингис хаан, Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглээ биз дээ.
Тэгэхээр Бадраа XX зууны Монголын түүхэнд тийм үүрэг гүйцэтгэсэн бол энэ ойг далимдуулж, уламжлал, зан заншил ёс жудгаа сурталчлахын төлөө хүн болгон ашиглах хэрэгтэй. Тэгээсэй л гэж бид хүсэж байна” гэж ярьсан. Ийн ярьж зогстол “Халуун элгэн нутаг” дууг Улсын филармонийн гоцлол дуучид дуулна гэж хөтлөгч зарлав. Аялгуу сайхантай, үг бүр нь үнэ цэнэтэй энэ бүтээлийг “Зууны шилдэг дуу” гэж зүгээр ч нэг нэрлээгүй, чулуун хөшөөг дураараа босгоогүй.
Түрүүхэн ард тээршаан зогссон хэдэн хүүхэд одоо “Халуун элгэн нутаг”-ийг түрж байх чинь. Ямартай ч, энэ дууны үгийг мэдэж байгаа юм чинь үнэ цэнэтэй үйл хэргийг нь эдгээр залуусын чихэнд сонсогдож, нүдэнд харагдтал сурталчилбал “мэдэхгүй” гэж үл тоомсорлохгүйгээр, бахархдаг өв соёлыг маань өнөө цагт хүргэхийн тулд өөрийнхөө үйл хэрэг, бүтээл туурвил, эрүүл мэнд, эрх чөлөөгөө золин байж тэмцсэнийг нь ойлгох байлгүй.
“Үндэсний үзэлтэн” гэж цоллуулж нутаг заагдахдаа ч тэр буруу зүйлийн төлөө тэмцээгүй. Монгол Монголоороо үлдэхийн ухааныг эрт таньсан учраас үзэл суртлын хавчилгад хав даруулахгүйн төлөө л явсан хэрэг. Тийм болохоор мартах учиргүйг маргаашдаа сануулах үүрэг нь бидэнд ногдоно.
ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ
Сэрүүн салхи сэвсүүлэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь
Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжав гуай “Хүний мөр” кинонд зориулан дуу хийхээр болж, Ж.Бадраа энэ шүлгийг урлажээ. Дууны яруу найргийн оргил болсон энэ бүтээл хагас цагийн дотор “төрсөн” гэхэд итгэмээргүй. Киноны хар зургийг харж суугаад л шүлгээ биччихсэн гээд их баяртай орж ирснийг нь Ж.Бадраа гуайн гэргий Х.Бадарч эгч дурссан.
Ж.Бадраа гуайн бичсэн 300 орчим дуу байдгаас “Халуун элгэн нутаг”, “Багш та”, “Жаргаах зүрхэн”, “Гайхмаараа”, “Найрсаг байгаасай” зэрэг бүтээл нь ард түмний дуулах дуртай дуу болон мөнхөрчээ.
Тэрбээр орос хэлнээс “Евгений Онегин”, “Лусын дагина”, италиас “Тоска” дуурь, Энэтхэгийн нэрт зохиолч Р.Таагүүрийн “Өргөлийн дуулал” шүлгийн түүвэр, “Цусан тахилга” жүжгийг хинди хэлнээс орчуулж, “Уртын дуу” хэмээх судалгааны өгүүлэл (1960 он) хэвлүүлжээ. Угсаатны зүйн сэдвээр бичсэн “Цацал” хэмээх баримтат кино нь олон улсын “Солонго” кино наадамд түрүүлж байсан юм.
Ж.СОЛОНГО